МИКНийгэмЭдийн засагОнцлох

Б.Гантулга: Шадар сайд МИК-ийн талаар мэдэгдэл хийсний дараа хувьцааны үнэ 13 хувиар буурсан

МИК-аас ипотекийн зээлийн санхүүжилттэй холбоотой асуудлаар мэдээлэл өглөө. МИК ОССК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга “Монголын ипотекийн корпорацийг 2006 онд ипотекийн зах зээлийг хөгжүүлэх зорилгоор Монголбанк, арилжааны 10 банк хамтран үүсгэн байгуулсан. Улмаар 2015 оноос Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй (MSE: MIK) олон нийтийн эзэмшлийн Хувьцаат компани болсон. Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны хөтөлбөрийн хүрээнд иргэдэд олгох зээлийн хүү (8%, 6%, 5%), нөхцөлүүд, шалгуур үзүүлэлтүүдийг Засгийн газар, Монголбанкны зүгээс тогтоодог юм. Эх үүсвэрийг Монголбанк арилжааны банкнуудад шууд олгож, банк иргэн хооронд ипотекийн зээлийн гэрээ байгуулдаг. Зээл олгох үйл ажиллагаанд МИК огт оролцдоггүй, зуучлагчийн үйлчилгээ үзүүлдэггүй, иргэдээс аливаа шимтгэл, хураамж авдаггүй. 

МИК бол үнэт цаасны хоёрдогч зах зээлд үйл ажиллагаа явуулдаг мэргэшсэн санхүүгийн байгууллага. Монгол Улсын хүн амыг орон сууцаар хангах хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрийг тасралтгүй хэрэгжүүлэхэд үнэт цаасны хоёрдогч зах зээлийн үйл ажиллагаагаар дэмжин оролцдог. Өөрөөр хэлбэл, арилжааны банкны бие даан олгосон ипотекийн зээлийг тухайн банкнаас багцлан худалдан авдаг. Дараа нь үүгээр ипотекийн зээлээр баталгаажсан бонд гаргадаг. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль бий. Ингэснээр энэ хөтөлбөр 2013 онд хэрэгжиж эхэлсэн цагаас тасралтгүй үргэлжлэх боломжийг бүрдүүлж, үр дүнд нь 90 мянга гаруй айл өрх өөрийн орон сууцтай болсон. Зээлийн хүү 5-8 хувь байна. 

Зах зээлийн нөхцөлтэй, ипотекийн зээл нийт ипотекийн зээлийн 20 хувийг эзэлдэг. 80-аас дээш метр кв талбай бүхий байр авах гэсэн, Төв банкны тавьсан шалгуурыг хангаагүй иргэд авдаг зээл юм. Ипотекийн зээлийг олгосноор барилгын салбараас гадна цахилгаан бараа, гэр ахуй гэх мэт олон салбарт эерэг нөлөө үзүүлдэг. Төв банк энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс өмнө банкууд ипотекийн зээлийг жилийн 18-24 хувийн хүүтэй олгож байв. Шадар сайд өнгөрсөн долтоо хоногт мэдэгдэл гаргасны дараа манай хувьцааны үнэ буурсан.       

Зээлийн эрсдэлийн сан гэж бий. Энэ санг бид заавал байгуулах үүрэгтэй. Банкуудын олгосон ипотекийн зээлийг багцлан үнэт цаасжуулахад зардал гардаг. Энэ нь банкнаас тухайн зээлийг олгохдоо гаргасан зардлаас өөр, тусдаа асуудал юм. Зээлийн хүүг бууруулсан ч энэ зардал гардгаараа л гарна. 65 мянган зээлдэгчийн 87 хувь нь зээл төлөлтөө хойшлуулсан. Харин энэ хугацаанд бид бондын хөрөнгө оруулагчдад төлбөрөө төлөх үүрэгтэй тул сангаасаа төлбөр төлсөөр ирсэн. 2020 оны эцэст 110, 2021 оны эцэст 147 тэрбум төгрөгийн алдагдал хүлээгээд байна. Төрийн ачааг үүрэлцэж байна.       

Төв банк эх үүсвэрээ нэг жилийн хугацаатай олгодог. Харин банкууд 20-30 жилийн хугацаатай зээл олгодог. Хугацааны зөрүүг МИК зээл багцлан худалдан авч хаадаг гэсэн үг юм. Үнэт цаасжуулах ажил зогсвол банкууд өөрийн эх үүсвэрээс зээл олгож чадахгүйд хүрнэ. Банкуудын эх үүсвэрийн хугацаа богино байдаг. 

Бид 2013 оноос хойш нийт 4.6 их наяд төгрөгийн бонд гаргасны 90 хувийг Монголбанк худалдан авсан. Шадар сайд бидэнд албан ёсоор, албан бичгээр хандаагүй байна. МИК нэг өдөр гэнэт байгуулагдаагүй. Олон улсын санхүүгийн байгууллагууд Засгийн газарт зөвлөсний дагуу энэ байгууллагыг байгуулсан. Орон  сууцны санхүүжилтийн тогтолцоог дараагийн шатанд гаргах зорилгоор МИК-ийг байгуулсан” гэлээ.   

Үргэлжлүүлэн тэд сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Улстөрчийн мэдэгдэлтэй холбоотойгоор танай үйл ажиллагаанд хүндрэл бэрхшээл учрав уу. Магадгүй танайх хаалгаа барилаа гэхэд ямар нөхцөл байдал үүсэх вэ?

-Хөтөлбөр эхлэхээс өмнө арилжааны банкууд 24 хувийн хүүтэй олгож байсан. Энэ байдал руу эргээд орох эрсдэл үүснэ. Манай үйл ажиллагаанд одоогоор доголдсон нөхцөл байдал үүсээгүй. Асуудлын учрыг олж байж мэдээлэл өгөхгүй бол иргэдэд буруу мэдээлэл хүрэх, бидний 15 жилийн бүтээн байгуулалт нурах эрсдэлтэй.

-Танай компани иргэдээс 1.6 хувийн хүү авдаг гэх мэдээлэл гараад байгаа?

-Иргэдэд олгож байгаа ипотекийн зээлээс МИК хүү авдаггүй. Цар тахлын хугацаанд иргэдийн зээлийг төлүүлэхгүй царцааж байсан. Энэ хугацаанд МИК нөөц сангаасаа гаргаж, зээлийг зогсоохгүйгээр үргэлжлүүлж ирсэн байдаг. Зээлийн эрсдэлийн сан гэж бий. Энэ санг бид заавал байгуулах үүрэгтэй.

Банкуудын олгосон ипотекийн зээлийг багцлан үнэт цаасжуулахад зардал гардаг. Энэ нь банкнаас тухайн зээлийг олгохдоо гаргасан зардлаас өөр, тусдаа асуудал юм. Зээлийн хүүг бууруулсан ч энэ зардал гардгаараа л гарна. 65 мянган зээлдэгчийн 87 хувь нь зээл төлөлтөө хойшлуулсан. Харин энэ хугацаанд бид бондын хөрөнгө оруулагчдад төлбөрөө төлөх үүрэгтэй тул нөөц сангаасаа төлбөр төлсөөр ирсэн. 2020 оны эцэст 110, 2021 оны эцэст 147 тэрбум төгрөгийн алдагдал хүлээгээд байна. Төрийн ачааг үүрэлцэж байна.   

-Танайх Шадар сайдад албан ёсоор мэдэгдэл хүргүүлсэн үү?

-Албан ёсоор мэдэгдэл хүргүүлэхээс илүү тухайн өдөр мэдэгдэл гаргасан.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close