Ц.Энх-Амгалан: Бүсгүйчүүд л ирээдүйн жинхэнэ эх оронч лидерүүдийг төрүүлдэг
Мал аж ахуйн салбар тэр дундаа бэлчээр, малчдын аж амьдралын талаар олон жил уйгагүй судалж, гадны үр дүнтэй төсөл, хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлж, салбарын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж, бодит өөрчлөлт, шинэчлэлтийг авчирсан гарын таван хуруунд багтах эмэгтэй судлаачийн нэг бол Цээлэйгийн Энх-Амгалан. “Ногоон алт”-ын гэдгээрээ олонд танигдсан түүнийг “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-т зориулсан баярын дугаарынхаа зочны хойморт урьж, ярилцлаа.
– Бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Амьдралынхаа 20 гаруй жилийг Монголын хөдөө аж ахуй, тэр дундаа бэлчээр малчдын талаар судалж, дорвитой ажлуудыг хийж, хэрэгжүүлж ирсэн ганц судлаач бүсгүйг баярын дугаарынхаа зочноор урьсандаа баяртай байна. Хоёулаа таны ажил алба, нутаг ус, удам судраас ярилцлагаа хэлэх үү?
За тэгье. Юуны өмнө эмэгтэйчүүдийн баярт зориулсан энэхүү сайхан дугаарынхаа зочноор хүндэтгэсэн урьсан “Монгол малчин” сэтгүүлийнхээ хамт олонд талархсанаа илэрхийлье. Би Увсын цэнхэр хязгаар нутагт, төрж өссөн хүн дээ. Аав минь Малчин, ээж минь Хяргас сумын гаралтай Баяд хүмүүс. Багшийн сургуульд суралцаж байхдаа танилцаж, Тэс суманд томилогдон очиж гал голомтоо бадраасан байдаг. Бид тав тэр сайхан нутагт мэндэлж, дунд сургуулиа дүүргэцгээсэн. Миний хувьд ХААИС-ийг Нягтлан бодогч, эдийн засагч мэргэжлээр төгссөн. Ажил амьдралынхаа гарааг тухайн үеийн Хөдөө аж ахуйн банкны теллерээр эхэлж, дараа нь хувийн байгууллагад бас ажиллаж үзсэн. Тэхдээ нэг л сэтгэл хангалуун биш цааш нь суралцах юмсан гэж их бодсон л доо. Тэгээд Хөдөө аж ахуйн яаманд Австралийн засгийн газраас хэрэгжүүлж буй “Хөдөө аж ахуйн фермерүүдийн шинэчлэл” төсөлд шалгалт өгч туслахаар ажилласан юм. Тэндээс би маш олон зүйлийг сурч, хэл сурах хүсэл эрмэлзэлтэй болж, “Soros Foundation” байгууллагын тэтгэлэгт тэнцэн Английн “Манчестерийн Их Сургууль”-д “Хөгжлийн эдийн засаг, нийгмийн судалгаа” чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. Түүнээс хойш удалгүй Швейцарт “Экологийн эдийн засагч” сэдвээр докторын зэрэг хамгаалж ирсэн. Ингээд л байгаль орчин, бэлчээр, мал аж ахуйн салбарт хөл тавьсан даа. Сүүлийн 20 гаруй жил бэлчээр, малчдын амьдрал тэр дундаа малчин бүсгүйчүүдийн талаар бас тусгайлан судалгааны ажил хийж, төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн. Одоо “Ногоон алт малын эрүүл мэнд” төслийн зохицуулагч, Монголын бэлчээрийн менежментийн холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.
– Таныг төслийн зохицуулагчид дундаа хамгийн олон орны хэлээр ярьдаг нь гэдэг юм билээ…
/Инээв/. Гадны төсөл дээр ажилладаг хүмүүс ер нь хэл ус сайн байдаг л даа. Миний хувьд Англи, Орос хэлээр ярина, бас Франц, Герман хэлээр ойлголцоно.
– Таныг сурагч байх үед мэдээлэл, технологи хөгжөөгүй, алслагдмал аймаг сумын хүүхдүүдэд хилийн чанадад суралцах боломж тун ховор байсан. Харин та тийм цаг үед өндөр боловсрол эзэмшсэн гэхээр өөрийгөө нэлээдгүй дайчилжээ дээ…
Миний өнөөдрийн ажил, амьдрал, амжилт, ололтын суурийг ээж минь тавьж өгсөн. Намайг жаахан охин байхаас л зөв зүйлд чиглүүлж, сургаж, зөвлөж, гадаадад олон жил суралцаж бас энэ нүсэр ажлын ард гарахад үргэлж ард минь “асаалттай танк” шиг зогсож, тусалж, дэмжиж ирсэн дээ. Ээж маань надад зориулаад жижигхэн араг, савар хийлгэж өгөөд аргал түүхдээ байнга дагуулж явна. Тэгээд л ургамал их нүдлүүлж, хоёулаа нэг сайхан газар олж суугаад л ээж минь хууч хөөрнө. Нутаг, ус, аав, ээжийнхээ тухай их ярьж өгнө. Тэгээд нүдээ аньж чимээгүй шувуудын салхины чимээ сонсъё гээд бараг л одоо бодохоор бясалгал хийдэг байсан юм шиг. Ер нь байгаль амьтдад хүндэтгэлтэй хандах, хайрлахыг ээж минь л надад өөрийн биеэр үлгэрлэн сургасан даа. Дунд сургуулиа төгсөөд хотод ирсний дараа ээж минь “Хэзээ ч хүнийг өөртэйгөө битгий харьцуулаарай. Яагаад гэвэл хүн бүр онцгой, өөрийн гэсэн өгөгдөлтэй учраас миний охин цор ганц. Гол нь өөрийгөө л олж мундаг хүн болно шүү” гэж захиа бичсэн байсан /санаа алдав/. Хөдөөний хоёр хувааж сүлжсэн гэзэгтэй, улаан хацартай охиноо хотын ганган охидуудтай өөрийгөө харьцуулаад, голж, сэтгэлээр унах вий гэсэндээ л ээжий минь тийм захидал бичсэн хэрэг л дээ. Мэдээж миний ажил, судалгааны чиглэл бэлчээр, мал аж ахуй учраас би байнга л хөдөө явдаг. Алс хязгаар нутагт малчдынхаар орж явахад яг л миний бага насыг санагдуулам жаахан охид их таардаг юм. Би тэдний зүрх сэтгэлд ихийг сурах хүсэл мөрөөдөл, гэрэл гэгээтэй амьдралд тэмүүлэх урам зориг өгөх юмсан гэж хичээдэг.
Гэхдээ миний үеийг бодвол өнөөдөр харилцаа холбоо, техник технологи хөгжиж, хүссэн мэдээ, мэдээллээ хонины бэлчээрт сууж байгаад л авчих, сурч, хөгжих өргөн боломжтой болсон. Мөн хол, ойроос үл хамаарч дэлхийн өнцөг булан бүрийн мэдээ, мэдээллийг авч, очиж сурах боломж ч байгаа. Манай малчдын хүүхдүүдийн хувьд төв суурин газрын хүүхдүүдээс давуу тал маш ихтэй. Учир нь хөдөөний хүүхэд хар багаасаа л бие дааж, ажил хөдөлмөр хийж сурсан учир аливааг сурах эв дүй, эрч хүчтэй, тэсвэр тэвчээртэй, хатуужилтай, ямар ч орчин нөхцөлд дасан зохицох чадвартай болж өсдөг. Мөн төрсөн цаг үеэсээ ишиг, хурга, малтай хамт өссөн учраас аливаа хүн, амьтныг хайрлах нинжин сэтгэлтэй, айх, ичихийг мэддэг, хар муу санаагүй байдаг юм. Тэгэхээр одоо малаа маллаад явж байгаа мөн аав, ээжээсээ хол сургуульд сурч байгаа хүүхдүүдэд хэлэхэд та бүхний одоо туулж байгаа амьдрал зовлон мэт хэцүү санагдавч ирээдүйд “рашаан” болно шүү гэж хэлмээр байна.
… төрсөн цаг үеэсээ ишиг, хурга, малтай хамт өссөн учраас аливаа хүн, амьтныг хайрлах нинжин сэтгэлтэй, айх, ичихийг мэддэг, хар муу санаагүй байдаг юм.
Ээж минь надад чамд тулгарсан зовлон, бэрхшээл бүр хожим “рашаан” болно гэж их хэлдэг байсан. Малчин ээж, аавууд маань ч бас миний сая хэлснийг тунгааж үр, хүүхдүүдийнхээ суурь хүмүүжлийг маш зөв тавьж, сурч, хөгжих их хүсэл тэмүүллийг нь дэмжиж, өөрсдөө маш зөв үлгэр дуурайлал үзүүлж, сайн, сайхан зүйлд чиглүүлж байгаарай гэж хэлье. Ялангуяа ээж нар минь маш сайн сургаж, хүмүүжүүлэх хэрэгтэй шүү. Таны төрүүлсэн, өсгөж, хүмүүжүүлсэн үр чинь ирээдүйд эх орны хүн болно. Магадгүй улсын удирдагч болохыг ч үгүйсгэхгүй. Гадны орны элчин сайд болоод явлаа гэхэд малчны гэрт төрж өссөн хүүхэд бол уламжлалт ёс заншил, нүүдэлчин ахуй, байгаль орчин гээд эх орноо бүрэн төлөөлж чадна. Ер нь аливаа айл гэрийг эзэгтэй нар л авч явж, ирээдүйн жинхэнэ эх оронч лидерийг төрүүлдэг шүү дээ.
МАЛЧДАД 365 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ АЖЛЫГ ЕРДӨӨ 365-ХАН ХОНОГТ ХИЙЧИХ ЧАДВАР БИЙ
– Та 2004 оноос хойш л хөдөөгийн эмэгтэйчүүд тэр дундаа малчин бүсгүйчүүдийн талаар судалсан хүн. Таны судалгаануудаас Монголд анх удаа хийгдсэн малчин эмэгтэйчүүдийн ажил хөдөлмөрийн талаарх судалгаа олны анхаарлыг нэлээдгүй татаж, өнгөрсөн жил олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр хэсэг шуугиан тариад авсан. Тэрхүү судалгааныхаа талаар товчхон танилцуулахгүй юу?
Бэлчээрийн нөөцийн зүй зохистой ашиглалт, мал аж ахуй, малчдын аж амьдрал, нөхцөл байдал, тулгарч буй бэрхшээл, шийдвэл зохих зүйлс, эмэгтэйчүүд, хөдөлмөр эрхлэлт гээд олон судалгааны ажлууд хийсэн л дээ. “Швейцарын хөгжлийн агентлаг”-аас санхүүжүүлж, Монголд анх удаа “Монголын нүүдлийн мал аж ахуйд малчин эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг” нэртэй жендерийн судалгааг хийсэн. Судалгаанд хамрагдсан малчин эмэгтэйчүүдийг нийт Монголын үндэстэн ястны төлөөлөл болгон нас, гэр бүлийн гишүүдийн тоо, малын статистик ангиллын тоо зэргийг харгалзан сонгон авсан юм. Судалгаагаар малчин гэр бүлийн эмэгтэйчүүдийн тасралтгүй хөдөлмөрлөдөг цаг дунджаар 11.1 гэж гарсан. Энэ нь ихэвчлэн гар аргаар бүгдийг хийдэгтэй холбоотой. Малчин эмэгтэйчүүдийн ажил ихэнхдээ үүрийн 04 цагаас эхэлж, оройн 24 цаг хүртэл тасралтгүй үргэлжилдэг. Өглөө эртлэн саалиндаа гарч, орж ирээд гэрийнхэндээ өглөөний хоол ундыг нь бэлтгэнэ. Буцаж гараад малаа усална, аргал түүнэ, гэртээ ороод сүү цагаан идээгээ бэлтгэнэ. Хүүхдийнхээ хувцас хунарыг угааж цэвэрлэнэ, хоол унд бэлтгэж, завсарт нь хашаа хороогоо эмхэлнэ. Хаврын улиралд нялх төлөө арчилна гэх зэргээр манай нүүдлийн мал аж ахуйд эмэгтэй хүмүүсийн гүйцэтгэх үүрэг их байдаг. Тиймээс нэг өдөрт малчин эмэгтэй хүний хийж байгаа бүх ажлыг жагсааж, тэдгээрийг хийхэд зарцуулсан хугацаа нь 36 цагийн хөдөлмөр эрхэлсэнтэй дүйцэж байгааг судалгаагаар тогтоосон юм.
– Хөөх, тэгэхээр малчин бүсгүйчүүдэд маань өөртөө зарцуулах цаг бараг байдаггүй, байх нээ дээ…
Тийм шүү. Малчин эмэгтэйчүүд зурагт үзэж, радио сонсож, өөрийгөө хөгжүүлж сургалтад суух, сум суурин орж найз нөхөдтэйгөө уулзах зэргээр өөртөө зарцуулах цаг нь харьцангуй бага байдаг. Харин 11 сараас өвөлжөөндөө бууж, өвс тэжээл, хүнс нөөцөө бэлдэж, зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулж дуусан, хүүхдүүд нь хичээл сургуульдаа явчихсан үед жаахан амрах хугацаа гардаг гэдгийг судалгааны дүн харуулсан. Тиймээс энэ үед тэдэнд чиглэсэн сургалт, мэдээ мэдээлэл өгвөл цаг зав зарцуулах боломжтой. Хамгийн их ачаалалтай нь мал төллөх үед 12.5 цаг, 8 болон 9 сард 14.1 цаг ажилладаг. Энэ нь зуны дэлгэр цагт цагаан идээгээ ахиухан боловсруулах, намар хурим найр, хүүхдүүдийн сургууль соёлын бэлтгэл гээд их ажил өрнөдөгтэй холбоотой. Бид мах, сүү үнэтэй байна гэдэг ч, малаас эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зарцуулж байгаа цаг хугацааг нь тооцвол малчин хүний хөдөлмөрийн үнэлэмж үнэхээр гомдол мэдүүлэхээс аргагүй байгаа юм. Нэг малчин өрх хавартаа жаахан ноолуур, намартаа хэдэн мал борлуулж, жилд дунджаар 10 орчим сая төгрөгийн орлого олдог. Гэтэл малчин эмэгтэй өдөрт 12 цагийн турш 36 цагтай дүйцэхүйц ажил эрхэлдэг гээд тооцоход /хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цагийн хөлс 2500 төгрөг/ өдөрт 90 мянган төгрөг, сард 2 сая 700 мянган төгрөг буюу жилдээ 32 сая400 мянган төгрөгийн ажил байна. Энэ зөвхөн тухайн өрхийн эмэгтэйчүүдийн ажиллах хүчний зардал нь. Үүн дээр эрэгтэйчүүдийн ажил хөдөлмөрийн үнэлгээг нэмбэл нэлээдгүй өндөр тоо гарна.
– Мэдээж малчин түмний сайн, сайхан амьдралын үндэс нь малаасаа ашиг олох. Гэтэл нэг үе ээ бодвол малынхаа тооноос илүү чанарт анхаардаг болсон ч малын гаралтай түүхий эдээсээ хангалттай ашиг олж чадахгүй байна. Түүхий эд нь ч үнэд хүрэхгүй байна л даа. Салбарыг нь олон жил судалсан хүний хувьд энэ талаар юу хэлэх вэ?
Малчид бол бизнес эрхлэгчид. Бас нүүдлийн өв соёл, газар нутгаа сахин хамгаалагчид. Энэ утгаараа мал аж ахуйгаасаа орлого олохын зэрэгцээ нүүдэлчин өв соёл, онгон тагшин байгалийнхаа давуу талыг ашиглаад аялал жуулчлалаар ашиг орлох олох бүрэн боломж бий. Хамгийн гол нь нэгдэж ажиллах, сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй байна. Намайг бага байхад малаас гарч буй бүх түүхий эдээ авч, боловсруулж, зардаг байсан. Буянт малаас хаях зүйл нэг ч үгүй гэж эртнээс үгтэй. Манайхан хэрэглэгчдийн эрэлтийг мэдрээд чанартай бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлж чадвал ашиг боломж их байна. Техник технологийн их хөгжлөөс мал аж ахуйдаа хэрэглэж болохоорыг нь авч нэвтрүүлэх л хэрэгтэй. Нийгэм, цаг үе хөгжөөд байна. Түүнийгээ дагаад л хөгжөөд явахгүй бол хоцорно шүү дээ. Гэхдээ энэ нь хуучин уламжлалт эд хэрэглэлээ бүгдийг нь солиод өв, соёлоо өөрчил гэсэн үг биш. Тухайлбал хөдөлмөрөө хөнгөвчлөөд машин, мотоцикл, усны мотор, хөргөгч, хөлдөөгч, угаалгын машин, мал ноослох, утас ээрэх, ноос самнах машин, төхөөрөмжүүдийг авч ашиглаад гар утас аваад сүлжээ, интернет ашиглах боломжтой бол фесбүүк дэмий ухаж суухаар сүүлд гарсан сайн, сайхан зүйлсийг судлах хэрэгтэй. Нэгдээд түүхий эдээ төвлөрүүлдэг хоршоо байгуулчих. Малчид хоршоондоо түүхий эд, ноолуураа өгөөд, хоршоо нь үндэсний үйлдвэртэй гэрээ байгуулж ажиллаад байвал хэн, хэндээ л ашигтай. Манайх нийт ноолуурынхаа 10%-ийг л эцсийн бүтээгдэхүүн болгож, үлдсэн 90%-ийг нь угааж, самнаад гадагшаа гаргаж байна. Ингэснээр бид ердөө 20-хон хувийн л ашгийг эх орондоо үлдээж байна гэсэн үг. Уг нь Монгол улсын эдийн засгийн тусгаар тогтнолыг хамгаалах гол үүрэг хүлээдэг хүмүүс бол малчид шүү дээ. Би Швейцарын нэгэн хоршооны жишээг ярья л даа. Өөрийн тосгоны төсвийн орлогын 68%-ийг бүрдүүлдэг, 360 жилийн настай хоршоо байна. Нөөц бололцоог нь харахаар манайхаас нэг их илүү гарахаар зүйл байхгүй. Тэнд газар тариалан, аялал жуулчлал, аж ахуй гээд бүгд бий. Гол нь тэр хоршооны гишүүд нэгдэж, зөв хүнээр удирдуулж, сайн төлөвлөж ажилласны үр дүнд тэр олон жил амжилттай ажиллаж ирсэн байдаг. Манай малчид нэгдэж, ойлголцож, хоршиж, хамтарч ажиллаж чадвал тэр 360 жилийн түүхтэй ажлыг ердөө 365-хан хоногт хийчих чадвар бий. Зөвхөн мал аж ахуй гэлтгүй газар тариалан, малын тэжээлийн ургамлын тариалалт, аялал жуулчлал гээд байгаа нөөц боломжоо ашиглаж, ашиг олж, сайн сайхан амьдрах боломжтой. Ялангуяа аялал жуулчлал бол бараг зардалгүй шахам асар их нөөцтэй салбар. Хэрвээ малчид энэ бизнесийг жинхэнэ утгаар нь хийж чадвал хэдэн мянган долларын ашиг олох боломж байгаа. Хамгийн гол нь үйлчилгээгээ сайн үзүүлээд, ариун цэврийн шаардлага хангасан хоол хүнстэй, цэвэрхэн байхад л болно. Бие засах аятайхан газар тохижуулчих, ор дэвсгэр нь цэвэрхэн, гэхдээ болж өгвөл дээр үеийн уламжлал, соёлыг шингээсэн тавилга сав, эд хэрэглэлтэй байх хэрэгтэй.
Манайхан гаднынханд таалагдах гээд хэтэрхий орчин үеийн болгочихдог. Гэвч тэр өндөр хөгжилтэй, бүхий л эд зүйлсийг хэрэглээд ханачихсан, буцаад энгийн, илүү органик, байгаль, орчинд дуртай болчихсон хүмүүст чинь зүгээр л нүүдэлчин аж амьдрал, ахуй соёл, өдөр тутмын хийдэг зүйлс нь л сонин байгаа ш дээ. Жишээлбэл надтай хамт сурч байсан, одоо Шанхай хотын хамгийн шилдэг мэдрэлийн мэс засалч найз маань гэр бүлээрээ Монголд ирээд зүгээр л жирийн сайхан Монгол малчин айлд очиж үзэхийг хүссэн. Тэгээд яваад очтол гадны жуулчин ирнэ гээд учиргүй гял цал гоёчихсон, баахан Хятадын хуван сав суулга, сүүлийн үеийн тавилгатай тэхдээ гэр нь жаахан бохирдуу байсан л даа. Аливаа улс орон бүрт өөрийн гэсэн хөгжлийн загвар байдаг. Манай улсын загвар нь магадгүй тал нутагтаа эзэн болоод, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, мал сүргээ өсгөн үржүүлдэг амьдралын хэв маяг байж болно. Энд бас нэг зүйлийг би зориуд онцлон хэлмээр санагдлаа. Манайхан эд материал, гял цал байдал, өнгө мөнгийг илүүд үзэж, төв суурин газар амьдарвал тэр нь соёлтой гоё гэсэн сэтгэхүйгээсээ салаагүй байна. Гэтэл дэлхий нийт, хүн төрөлхтөн буцаад энгийн зүйлс, эрдэм мэдлэгийг илүүтэй үзэх болж. Энэ нь бидний давуу тал, үнэт зүйл болох боломжтой. Түүнийг бид л бий болгож чадна. Өөрөөр хэлбэл тэр мөн чанарыг хөдөөгийн малчид тээж яваа. Хамгийн гол нь бид сэтгэлгээгээ өөрчилж, нэгдэх л шаардлагатай байна.
– Харин малчид сэтгэлгээгээ өөрчлөөд, нэгдэж, хоршиж чадвал ашиг орлоготой, сайн сайхан амьдрах өргөн боломж харагддаг. Сэтгэлгээгээ өөрчилж, эдийн засгийн мэдлэгтэй болох хэрэгтэй гэхээр нээх том мэдлэг, боловсрол шаардана гэж ойлгодог юм шиг. Гэвч таны сая хэлдгээр байгалийн үзэсгэлэн, нүүдэлчин ахуй амьдрал, өв соёл, уламжлалаа хэвээр нь хадгалаад орчин үеийн дэвшил, технологийг багахан нэвтрүүлчихэд л болчихмоор санагдах…
Ерөөсөө л наадах чинь ш дээ. Мэдээж мал аж ахуйгаа амжилттай авч явж, нэг малаас авах ашиг шимээ нэмэгдүүлж, малынхаа чанарыг сайжруулах хэрэгтэй. Малчид өөрсдийгөө компанийн захирал гээд л бодчих. Компаниа яаж үр ашигтай авч явах, яаж хөрөнгө оруулалт хийх вэ, хүүхдүүдийнхээ боловсролд хэдэн төгрөг цааш нь хийх үү, сайн үүлдрийн мал авна, хашаа хороогоо янзална, хадлангийн талбай байгуулж малдаа хэрэгтэй өвс ургамлыг тариална, бэлчээрээ эрүүл байлгаж, худаг усаа янзална гээд захирал хүний үүрэг дуусашгүй их. Асуудал, бэрхшээл ч чамгүй тулгарна. Гэвч ямар нэг асуудал байгаа л бол шийдэл нь тухайн хүнд өөрт нь байдаг учраас малчид өөрсдийнхөө төлөө өөрөө л явж, өөрөө л шийднэ шүү дээ.
МАЛЧДЫН ҮЙЛДЭЛ, СЭТГЭЛГЭЭ НЬ ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ, УЛСЫН ТУСГААР ТОГТНОЛД ҮНЭТЭЙ ХУВЬ НЭМЭР ОРУУЛДАГ
– Мэдээж бэлчээрийн чиглэлээр 20 гаруй жил судалж, төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж ирсэн хүнээс Монголын бэлчээрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар асуухгүй өнгөрч боломгүй…
Монголын 30 сая малын тал нь хорогдсон 2000 оны айхтар зуд болоход судлаачид бид зуд болж буй суурь шалтгаан нь бэлчээрийн доройтол юм байна, бэлчээрээ зөв ашиглаж байж л мал нь тарга тэвээрэгтэй, түүхий эд нь чанартай, эрүүл байх юм байна гэдэг дээр санал нэгдсэн. Мэдээж тарга хүч сайн авсан мал зуданд нэрвэгдэх нь бага шүү дээ. Малчид ч тооноос нь илүү чанарт анхаарч, өвөлжилтийн бэлтгэлээ эртнээс сайтар хангаж өвс, тэжээлээ нөөцлөх, жил ирэх тусам хувьсан өөрчлөгдөж буй цаг уурын байдалд тааруулж мал аж ахуйгаа авч явах хэрэгтэйг ухаарсан л даа. Ингээд малчдынхаа санал хүсэлт, өөрсдийн судалгааг үндэслэн “Ногоон-Алт” төслийг анх боловсруулан хэрэгжүүлсэн юм. Бид эхлээд бэлчээрийн даац, доройтол, доройтож буй учир шалтгаан гээд Монголын бэлчээрийн нөхцөл байдлын талаар үндэсний хэмжээний судалгааг 8 жилийн турш хийсэн. Судалгаагаар бэлчээрийн 67% нь доройтсон ч энэ бэлчээрийн 90% нь хэрвээ ачаалал, ашиглалтын тохируулбал өөрөө байгалийн аясаараа нөхөн сэргэх чадвараа хадгалж үлдсэн гэсэн дүгнэлт гарсан. Өөрөөр хэлбэл ачааллыг нь л бууруулчихвал нэг ч төгрөг шаардагдахгүйгээр буцаад сэргэчих юм байна гэж үзэж, ажлаа төлөвлөн явуулсан нь хөрсөн дээр бууж, их үр дүнтэй болсон. Би гадна, дотны олон бэлчээрийн мундаг судлаач эрдэмтэдтэй хамтран ажиллаж байсан. Нэг удаа Монголын бэлчээрийн судалгаа, туршилтын ажлыг 50 жил хийсэн доктор С.Жигжидсүрэн гуай “Миний бүх амьдралаа зориулсан бэлчээр маань нүдэн дээр сүйдээд алга болж байна, бид зах зээлийн нийгэмд бэлчээрээ яаж хамгаалах вэ, малчдаа яаж сургах вэ?” гээд нүдэнд нь нулимс цийлгэнээд ярихаар нь маш их өрөвдөж байсан. Ажилдаа тийм их сэтгэл гаргадаг сайхан хүн байсан даа. Би энийг яагаад яриад байна гэхээр судлаачид гадны төсөл хөтөлбөрүүд гэхээсээ илүүтэй бэлчээрийг малчид л ашиглаж, хамгаална. Зөв зохистой сэлгэж, өнжөөж байж л бэлчээр сэргэж, соргог байна. Сүүлийн үед бас уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадварыг малчдад суулгая гэж их ярих болж. Гадны төсөл хөтөлбөр, яам төрийн бодлого ч ийшээ чиглэж байна. Зөв л дөө. Гэхдээ түүнийг танхимаар юм уу, төв суурин газраас хөндлөнгийн нэг хүн очоод заагаад сургачихдаг юм биш.
Малчид өөрсдөө л уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадвар сууж, мал аж ахуйгаа тохируулж авч явна. Зуд, турхан тохиолдоход малчид л өөрсдөө нүүр тулна. Мал чинь төрийн биш, малчны өөрийнх нь өмч хөрөнгө, тэр бэлчээр газар нутагт чинь өөрсдийнх л мал бэлчиж, идээшилнэ биз дээ.
… “Бэлчээрийн газрыг малчид сайн дурын үндсэн дээр нэгдээд гэрээ байгуулж, ашиглаж болно” гэсэн ганцхан заалтыг бариад 15 жилийн хугацаанд ашиглах боломжтой.
Байгаль цаг уурынхаа өөрчлөлтийг өөрөө ажиглаж мэдэрч, эрсдэл, хүндрэлээс урьдчилан сэргийлж хадлан, тэжээлээ хангалттай базааж, отор, нүүдлээ оновчтой төлөвлөж сурах хэрэгтэй. Ер нь хүн, хүн хүнийг сайжруулна гэж байхгүй, өөрөө өөрийгөө л өөрчилнө. Малчдад малаа маллах арга ухаан, бэлчээрээ сэлгэх чадвар, нутаг орноо гэсэн сэтгэл гээд бүгд байгаа. Хамгийн гол нь нэгдэж л чадахгүй байна. Аливаа улс үндэстэн газар нутаг дээрээ л нэгддэг. Тэгвэл малчид маань бэлчээр нутгаа хамгаалъя гэсэн сэтгэл дээр нэгдэх учиртай. Нэгдэж чадаж буй сайхан жишээ ч байна. Тухайлбал Төв аймгийн Өндөрширээт сум сайхан газар нутагтай хэдий ч малын тоо нь ихдээд, малчид нь хоорондоо хөлөө жийлцээд муудалцаад нүүж сэлгэхгүй бэлчээр нь маш их тахлагдсан тийм үе байсан. Манайх тэнд 5 жилийн хугацаанд төслөө хэрэгжүүлэхдээ ерөөсөө хөрөнгө мөнгө их оруулаагүй. Харин малчдыг хооронд нь эвлэрүүлэх, нэгтгэх л ажил хийсэн. Одоо тус сумын бүх малчид нэгдээд бэлчээрээ 4 улирлаар өнжөөж, сэлгээн ашиглах гэрээг хийчээд хоорондоо эвтэй найртай, бэлчээр нь жил ирэх тусам өнгө засаад сэргээд их сайхан байгаа. Малчид “Бэлчээрийн газрыг малчид сайн дурын үндсэн дээр нэгдээд гэрээ байгуулж, ашиглаж болно” гэсэн ганцхан заалтыг бариад 15 жилийн хугацаанд ашиглах боломжтой. Үнэхээр сайн ашиглаж чадвал газар тариалангийн компаниуд шиг 60 жилийн гэрээ байгуулаад ч ашиглаж болно шүү дээ. Мэдээж бэлчээрээ зөв зохистой ашиглавал мал сүрэг чинь сайн тарга тэвээрэг авч, цас зудыг давж гарна.
– Нэгэнтээ бэлчээрийн асуудал хөндсөнийх та хувь хүнийхээ хувьд “Бэлчээрийн тухай хууль”-ийн талаар ямар байр суурьтай байгаа бол…
Бэлчээр бол төр, бүх ард түмний өмч. Монголын 1,5 сая газрын 1,1 саяыг нь бэлчээрийн зориулалтаар ашигладаг бөгөөд Монгол орны нийт газар нутгийн 70 хувь нь бэлчээр. Өөрөөр хэлбэл төрийн өмчийн 70 хувийг нь малчид ашиглаад малаа өсгөөд явж байгаа гэсэн үг. Малчин төрийн бэлчээрийг доройтуулахгүй ашиглахаа батлахын тулд эзэн төртэй нь харилцах шаардлагатай болж, төр, малчин хоёрын хооронд харилцаа үүснээ дээ. Тэр харилцааг нь ямар нэгэн хуулийн актаар зохицуулах хэрэгтэй болж байгаа биз. Үүнийг чинь л “Бэлчээрийн хууль” гэж хэлээд байгаа болохоос олон нийтийн ойлгоод байгаа шиг бэлчээрийг хувьчлах асуудал огт биш. Заавал бас “Бэлчээрийн тухай хууль”-ийг батлахгүйгээр Газрын хуулинд нь л оруулаад өгчихөж болно.
– Төрөөс Дархан, Сэлэнгэ, Төвийн бүсэд мал аж ахуй эрхлэх бол эрчимжсэн байх шаардлага тавьж буй. Энэ нь нүүдлийн буюу уламжлалт мал аж ахуйг шахлаа гэх малчдын эсэргүүцэлтэй тулсан. Таны хувьд фермерийн аж ахуй, уламжлалт мал аж ахуй хоёрын алийг нь дэмждэг вэ?
Монголын газар нутаг, цаг уурын онцлогт нүүдлийн мал аж ахуй л илүү тохирно. Эрчимжсэн мал аж ахуйн хэрэгцээ, шаардлагыг хангах хэмжээний тэжээл тариалах боломж манайх шиг хуурай уур амьсгалтай, усны нөөц багатай улсад бэрхшээл ихтэй, эдийн засгийн хувьд урт хугацаандаа байгаль экологийн болоод өртөг зардал өндөр гарна. Фермерийн мал аж ахуй эрхлэхэд байр сууц, идэш, тэжээл, ус гээд зардал мөнгө их ордог, чамгүй арчилгаа маллагаа шаарддаг. Харин бэлчээрийн мал бол өөрөө явж бэлчээд өвс ургамлаа олоод идчихнэ. Завханы нэг малчин эгч “Хот орчмын фермерүүдээр явлаа, хөөрхий тэр мал нь хүний гарт орчихсон амьтан байдаг юм байна ш дээ. Нутагтаа аваад ирвэл үхчих биз…” гээд халаглан ярьж билээ.
-Амьдралынхаа 20 гаруй жилийг мал аж ахуйн салбарт зориулж ирсэн судлаач хүний хувьд залуу малчид, ялангуяа малчин бүсгүйчүүддээ хандаж юу гэж хэлмээр байна вэ?
Малчдын амьдралыг шинэ түвшинд гаргахад малчин эмэгтэйчүүдийн үүрэг маш их. Учир нь гэр орноо авч явах, үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх, малынхаа түүхий эдийг боловсруулах, ашиг шимийг нь авах гээд бүсгүй хүний нарийн ухаан, төлөвлөлт, зохион байгуулалт дээр малчин айлын амьдрал тогтдог. Энэ нь мэдээж эрчүүдээ үгүйсгэж байгаа юм биш. Нүүдлийн мал аж ахуй гэдэг бол эхнэр, нөхөр хоёр хүний сэтгэл зүрх, хөдөлмөр нийлж байж амжилттай явагддаг. Тиймээс хамтраад л зүтгэх хэрэгтэй. Би бас залуу гэлтгүй малчдадаа нэг зүйлийг хэлмээр санагддаг. Сүүлийн үеийн малчид малдаа их хэрцгий хандаж байна. Бид буянт мал хэмээн хэдэн зууны турш хайрлан өсгөж, үржүүлж ирсэн ёс уламжлалтай улс. Малыг хайрлаж байж л буян хишгийг нь хүртэнэ шүү дээ. Ялангуяа ээжүүд маань үр хүүхдүүдээ мал, амьтныг хайрлах сэтгэлтэй болгож өсгөж, хүмүүжүүлэх хэрэгтэй.
– Зочны урилгыг маань хүлээн авч, цаг зав гарган дэлгэрэнгүй ярилцсанд танд баярлалаа. Таны хэлэх үгээр ярилцлагаа өндөрлөе…
За, та бүхэнд бас их баярлалаа. Миний малчдын төлөө үргэлж санаа зовж явдаг зүйл бол өөрсдийнх нь эрүүл мэнд. Малчид байнга ажил ихтэй, ачаалалтай байдаг учраас ихэвчлэн босч суун яаруу сандруу хоол ундаа иднэ, бас эрүүл бус хооллолт эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлдөг гэдгийг сумын эмч, нийгмийн ажилтнууд хэлдэг. Судалгаа ч баталдаг. Хөдөө жендерийн судалгаа аваад явж байхад Ховдын нэг эмч малчдын нас маш богино болсон талаар ярьж байсан. Ялангуяа эрчүүд өөх тостой хоол, газтай ундаа их хэрэглэдгээс гадна цагаан идээгээ цэврээр нь идэхгүй чихэртэй хольдог, мөн махаа кимчитэй хольж иддэг, бас өглөө өлөн гараад орой ирээд их хоол иддэг, архи дарс, тамхи их хэрэглэдгээсээ болж өвчинд өртөмтгий болсон байдаг. Хоол ундаа зов зохицуулж, өөрийнхөө төлөө, үр хүүхдүүдийнхээ төлөө эрүүл байх хэрэгтэй. Мөн Монголын бүх малчин эмэгтэйчүүддээ онцгойлон хандаж, та бүхэн бол ирээдүйн эх оронч, улсын удирдагчдыг бэлдэж байгаа шүү, суурь хүмүүжлийг нь маш сайн тавьж өгөөрэй гэж хэлмээр байна. Аль ч талаас нь авч үзсэн малчдын үйлдэл, сэтгэлгээ нь үндэсний үйлдвэрлэл, улсын тусгаар тогтнолд үнэтэй хувь нэмэр оруулдаг. Түүнийгээ малчин хүн бүр ухамсарлаж явбал улс орон амархан хөгжинө шүү дээ.
Ярилцсан:С.Мөнхжаргал