
Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724
“Халмон трейд” ХХК нь 2017 оны тавдугаар сарын 01-ний Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны өдрөөр анхны шаваа тавьж байсан бол өдгөө есөн жилийн ойтойгоо золгож байна. Объектын аюулгүй байдал, хяналтын цогц систем, ухаалаг технологийн салбарт тэргүүлэгч тус компанийг үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал Одгэрэлийн Бямбадэлгэртэй компанийн ололт амжилт, хөгжлийн үе шат болон цаашдын алсын харааны талаар ярилцлаа.
– Танд болон танай хамт олонд “Халмон трейд” ХХК үүсгэн байгуулагдсаны есөн жилийн ойн баярын мэнд хүргэе. Анх бизнесээ эхлүүлж байсан үеэ эргэн дурсахгүй юу?
–Баярлалаа. Бид тэртээ 2017 оны 5 щщ тавдугаар сарын 1-нд хэрэглэгчдийнхээ амар амгалан, аюулгүй байдлыг хангах эрхэм зорилготойгоор энэхүү компаниа үүсгэн байгуулж байлаа. Өнөөдөр бид цар хүрээгээ тэлж, 100 гаруй шилдэг инженер, мэргэжилтнүүдийг тогтмол ажлын байраар ханган ажиллаж байна. Бидний гол уриа бол “Таны аюулгүй байдлын баталгаа” байсаар ирсэн.
– Өнгөрсөн есөн жилийн хугацаанд салбартаа ямар томоохон амжилтуудыг гаргав? Танай компанийн голлох үйл ажиллагааны онцлог юу вэ?
–Бидний үндсэн чиглэл бол бүх төрлийн хяналтын камер, холбоо дохиолол, зогсоолын автомат хаалт, гараажийн автомат хаалганы суурилуулалт болон автоматжуулалт зэрэг олон улсад чанараараа танигдсан брэндүүдийн албан ёсны эрхтэй төлөөлөгчөөр ажилладаг. Өнгөрсөн хугацаанд бид 10.000 гаруй аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран ажилласан байна.
Нэг бахархалтай зүйлийг хэлэхэд, манай компани зогсоол хийх, тохижуулах ажлыг цогцоор нь гүйцэтгэдэг бөгөөд албан бус тооцоогоор Монголдоо хамгийн олон зогсоолын хаалтыг суурилуулсан компани гэгддэг.
-Танай компани 100 гаруй хүнийг тогтмол ажлын байраар хангаж байна. Бизнесийн өсөлтийн салшгүй нэг хэсэг нь хүний нөөц байдаг шүү дээ. Компани доторх хөдөлмөрийн харилцаа болон ажилтнуудын нийгмийн баталгаа нь эдийн засгийн үр өгөөжид хэрхэн нөлөөлдөг гэж та хардаг вэ?
– Аливаа бизнесийн хамгийн үнэт хөрөнгө, хөдөлгөгч хүч нь хүн байдаг. Бид ажил олгогч болон ажилтны хоорондын харилцааг зөвхөн хөдөлмөр ба цалингийн солилцоо бус, нэг төрлийн “нийгмийн гэрээ” гэж хардаг. Манай компани 100 гаруй ажилтныг ажлын байраар хангана гэдэг нь цаанаа төдий чинээ гэр бүлийн эдийн засгийн баталгааг бий болгож байна гэсэн үг. Хөдөлмөрлөх эрхийг зөв зохицуулж, ажилтнуудтайгаа байгуулах гэрээ, хэлэлцээртээ онцгой ач холбогдол өгөх нь байгууллага доторх үл ойлголцол, маргаанаас урьдчилан сэргийлэх хамгийн сайн хамгаалалт болдог. Ажилтан хүн өөрийн хөдөлмөрийн үнэлэмж, нийгмийн баталгаандаа сэтгэл хангалуун, хөдөлмөрийн аюулгүй байдал нь бүрэн хангагдсан орчинд ажиллах үед бүтээмж үлэмж нэмэгддэг. Энэхүү дотоод тогтвортой харилцаа нь эргээд манай компанийг “Халмон тек”, “Халмон энержи” зэрэг шинэ салбар руу зоригтойгоор хөрөнгө оруулалт хийх, түншлэлийн гэрээ хэлцлүүдээ амжилттай байгуулах эдийн засгийн маш том суурь хөшүүрэг болж өгдөг. Товчхондоо, эрүүл бөгөөд зөв хөдөлмөрийн харилцаа бол манай компанийн тогтвортой өсөлтийн баталгаа төдийгүй, улс орны эдийн засагт оруулж буй бодит хөрөнгө оруулалт юм.
-Сүүлийн үед хиймэл оюун ухаан (AI) болон ухаалаг системүүд тренд болж байна. “Халмон трейд” технологийн энэ шилжилттэй хэрхэн хөл нийлүүлэн алхаж байна вэ?
–Маш чухал асуулт байна. Бид зөвхөн төхөөрөмж суурилуулаад зогсохгүй, хил гаалийн ухаалаг гарцын стстем, түүний шийдлийг орчин үеийн дэвшилтэт технологи болон AI-д суурилсан шинэ түвшинд хүргэн ажиллаж байна. Хил дамнасан транзит, экспорт, дотоодын тээвэрлэлтийн эргэлт уялдаа холбоог Юмсын интернэт (IoT) болон Хиймэл оюун ухаан (AI) программ ашиглан сайжруулж, бүтээмжийг нэмэгдүүлж байна. Жишээ нь, манай нэвтрэх систем хиймэл оюун ухааны тусламжтайгаар тээврийн хэрэгслийг 99,9 хувийн алдаагүй таних нарийвчлалтай ажилладаг.
– Компани сүүлийн үед хэд хэдэн охин компанитай болж, групп компанийн хэмжээнд тэлж байгаа гэж сонссон. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгвөл?
–Тийм ээ, Холмон трейд ХХК нь удирдлагын зөв менежментээр үйл ажиллагаагаа төрөлжүүлж байна. 2025 оны наймдугаар сараас аялал жуулчлалын чиглэлээр “Халмон трейвэл” ХХК, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр “Халмон энержи” ХХК-ийг мөн авто зогсоолын чиглэлээр Мишиг Смарт Паркинг ХХК-ийг тус тус байгуулсан. Мөн программ хангамжийн чиглэлээр “Халмон тек” ХХК-ийг үүсгэн байгуулж, үйл ажиллагааг нь жигдрүүлээд байна. Энэхүү технологийн компанийнхаа хөрөнгө оруулалт болон хууль эрх зүйн бүтцийг маш бат бөх, найдвартай суурьтайгаар шийдэж чадсан нь бидний хувьд цаашид олон улсын томоохон байгууллагуудтай түншлэн ажиллах, гадаадын зах зээлд өрсөлдөх чухал баталгаа болж өгч байгаа.
-Цаашдын алсын хараагаа хэрхэн тодорхойлж байгаа вэ?
– Бид тогтвортой хөгжлийг ханган, технологийн дэвшлийг баримталж, инженерийн мэдлэг чадварт суурилсан үндэсний тэргүүлэгч групп компани болохыг зорьж байна. Нийгмийн хариуцлагатай байдал, харилцан ашигтай хамтын ажиллагаа, хөдөлмөрийн аюулгүй байдлыг чанд сахин ажиллах нь бидний гол зарчим. Бидэнд итгэж, хамтран ажилладаг бүх түншүүд, хэрэглэгчид болон мөр зэрэгцэн ажиллаж буй чадварлаг хамт олондоо 9 жилийн ойн баярын мэндийг дахин өргөн дэвшүүлье.
– Цаг гарган ярилцсанд баярлалаа. Та бүхний цаашдын ажилд өндөр амжилт хүсье!
Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724



