ЯрилцлагаНийгэмОнцлох

Д.Ухаанзаяа: Ад донгийн талаар ойлгож, оношлоод, ямар арга заслаар хэрхэн буцаахаа мэдчихвэл хорлогдохоо больчихно

Бурхан урлаач Д.Ухаанзаяатай шинийн 6 буюу хоёрдугаар сарын 6-нд болох “Ад донгийн хорлолыг буцаахуй” лекц болон ад донгийн засал хариулгын талаар ярилцлаа.

-Та жил бүрийн цагаан сараар тодорхой сэдвийн хүрээнд лекц зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн тухайд?

-Миний хувьд жил бүр олон төрлийн лекцийг монгол түмэндээ хүргэж ирсэн. Хийморь лундаа, ханийн тэнгэр, үрийн буян гээд хань ижлээ зөв сонгох, үр хүүхдэдээ нэр хайрлах, өвчин ороомтгой хүүхэд бол яаж зан үйл үйлдэх вэ гэх зэргээр жил бүр өөр өөр сэдэвтэй байлаа. Тухайлбал, бид маш олон жил хийморь гэж ярьж ирсэн боловч хийморийн тухай ойлголт ерөөсөө байдаггүй. Хийморь лундаа гэж яг юу вэ гэхээр босоо цагаан хийморь гэдгээс хэтэрдэггүй. Ер нь дутуу дулимаг мэдлэгтэй учраас бид ямар нэгэн зүйлийн мөн чанарыг ойлгохгүй. Ойлгохгүй учраас Буддын шашны номын адислалыг таних боломжгүй.

Үүнээс улбаалаад лусын хорлолд өртдөг. Байгаль, уул усыг түйвээж, алт ухах, ан ав хийж хороох нь хэрээс хэтэрлээ. Ямар нэгэн муу үйлийн үр заавал боловсорч гардаг. Энэ нь байгалийн гамшиг, аюул үзэгдэл болон нүүрлэдэг. Далайн эргийн улс орнууд голын загас жараахай ус руугаа хог хаяхад эргээд үр дүн нь цунами, асар том давалгаа болж, хэдэн саяар хүнийг хороож байна. Цаашлаад хуурай газар амьдарч байгаа бид далай байхгүй гээд тоодоггүй. Хэдийгээр далайн эрэг байхгүй тал газар боловч тахлаар хэдэн зуун саяар нь аваад явчихаж байна. Одоо ч энэ нь үргэлжилсээр байна. Энэ бол байгаль, уул, ус эх болсон сав шим ертөнцтэй буруу харьцсаны үр дүн гэж ойлгож болно.

Өөрөөр хэлбэл, бидний гай эргээд ирж байгаа нь энэ. Миний бодлоор, дэлхий цөөхөн тооны хүмүүнлэг, оюунлаг, үнэхээр байгаль эхээ хайрласан хүмүүсийн нуруун дээр байна. Дийлэнх нь болохоор ашиг хонжоо, шунаг сэтгэлд автсан, өөрийн ашиг тусыг л бодохоос биш нийт дэлхий, Монгол Улс тэр хүмүүст огтхон ч сонин биш. Сайн хүн нь арай цөөдөөд, муу хүн ихдээд байна. Цаг цөвүүн болж, муу хүмүүсийн нөлөөлөл ихэссэнээр тэдний муу үйлийн үр даагдашгүй болно. Эргээд үйлийн үрийн барцад нь нийт хүмүүст тусаж байгаа нь янз бүрийн тахал, өвчин болон дэгдэж байна. Наймдугаар богдын бошго лүндэнд заагаад хэлчихсэн. Нэртэй нэргүй өвчин тахал цаг цөвүүн хүмүүсийн сэтгэлд эд шүтэхэд ад дон асар хүчтэй болж догширно гэсэн байдаг.

-Үүнийг ойлгуулахын тулд энэ удаагийн лекцийг “АД ДОН” сэдвээр сонгосон юм уу?

-Тийм ээ. Өмнө хэлсэнчлэн, ад зэтгэрүүд догшроход өвчин тахал асар ихээр нэмэгдэнэ. Онош нь тогтохгүй, эмчлэх аргагүй тахал дэгдэнэ. Би үүнтэй холбогдуулаад лусын лекцийг хүргэж байсан. Байгаль өв соёлоо хайрлан хамгаалъя, уул ус, ургамал, ой мод бүх газарт лус оршдог. Лусаа бузартсанаас болоод байгалийн гамшиг тохиолдоод байна, ухаараач ээ гэдэг талаас нь уг лекцийг хүргэсэн.

Тэгвэл “Сайжруулагч” хэмээх бар жилд ад донгийн тухай лекцийг хүргэж байгаа юм. Би яагаад энэ мессэжийг өгье гэж бодсон гэхээр, “Сайжруулагч” хэмээх усан бар жилд хүмүүн жаргаж, алт мөнгө арвидна гэсэн уриалгатай. Үүнд эдийн засаг, буян хишиг сэргэх нигууртай. Хүмүүн жаргана гэхээр, эрүүл энх болж, энэ айхтар лусын тахал шувтрах тийшээ хандах юм болов уу гэж би сайхан ерөөл бэлгэдэж байна. Энэ тахал өвчин дууслаа гэхэд эргээд хүмүүс өөрсдийн дотоод сэтгэл рүүгээ өнгийх хэрэгтэй. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэгчээр яг өвчин тахал эхлэхэд санхүүгийн байдалд уналтад орсон. Мөнгө олоход хэцүү боллоо.

Гэнэт л хорьчихсон шүү дээ. Хэлж, анхааруулалгүйгээр гэнэт хориход нөөцөлсөн хоол хүнс байдаггүй. Цалин мөнгөө болгоно гээд бодсон ч бүх юм гэнэт зогсонгуут хүмүүс шоконд орсон. Хэн нэгнээс мөнгө зээлье гэхээр байдаггүй. Байгаа мөртлөө өгдөггүй. Хоол унд илүүчлэхгүй байна. Аргагүй манайхан мах, гурил байгаа болохоор болгоод даваад гарлаа л даа. Энэ хугацаанд хүний атгаг сэтгэл, шуналын сэтгэл, хармын сэтгэл гаж дон, адгийн муухай бүхэн харагдсан. Тэгэхээр ад донгийн талаар ярих цаг нь болжээ гэсэн үг.

-Монголчууд адын хорлол болжээ, дон шүглэчихэж гэж эртнээс ярьдаг байсан нь их ухааныг ойлгосных байж. Тэгвэл ад, дон шүглэх гэдгийг тайлбарлавал?

-Ихэс дээдсүүдийн ярианд хүртэл бий. Цаг цөвтөхөд адууд их догшрох, адууд догширсноос болоод хүн бүрийн сэтгэл цөвтөнө гэсэн байдаг. Ад шүглэснээсээ болоод аймшигтай дүр төрх зүс царайтай болж хувиран өөрчлөгдөх, гаж хувцас өмсөх, үг хэл нь ойлгогдохгүй болох, гадаад монголоор хольж ярих, бүдүүлэг үгийг маш ихээр хэлэх, нэг нэгнийгээ гутаан доромжлох, гэр оронд нь хэрүүлийн бузар болох, галаа бузартаах, сүлд тэнгэрээ бузартуулах, ан авд хэт их дурлах, бие биеэ зодож занчих нь хэрээс хэтрэх, цаашлаад сэтгэцийн гаж өвчтэй хүмүүс олширно.

Адын хувьд араа шүд нь ярзайсан аймшигтай амьтад хорлоно гэж айгаад ярьдаггүй. Ерөнхийдөө ад дон, чөтгөр, шулам гэдэг сайхан царай зүстэй байхгүй нь тодорхой. Сэтгэлд зохимжгүй муухай дүр төрхтэй, гэхдээ бодитоор ирж хүнийг айлгаж ичээгээд, хөл гарыг нь тастаад байхгүй. Сэтгэцэд нөлөөлж, хорлодог. Ерөөсөө хүний сэтгэлд муу юм шүглэчихэж байгаа байхгүй юу. Манай хуучны эмээ, өвөө нар буруу дорой юм яриад явж байгаа хачин, гаж хувцас өмсчихсөн, хэг ёг гээд хүнтэй олигтойхон мэндэлж чадахгүй, гэр орондоо тогтохгүй, муу хүмүүстэй нийлээд архи дарс уугаад, хэрүүл уруул хийгээд яваа хүнийг ямар дон шүглэчихэв, ямар ад шүглэчихэв, муу ёр шүглэчихэв, энэ ямар албингийн хорлол болчихов, энэ ямар тэнгэр нь хаясан хүн бэ гэж ярьдаг байлаа. Энэ бүгдээрээ зүгээр нэг аманд орсон үгээ хэлсэн биш.

Тэнгэр нь хаяна гэж үнэхээр байна. Хүнд хамт төрсөн тэнгэр, чөтгөр гэж бий. Энэ замбуулин хорвоогийн амьдрал, явдал мөр чөтгөрийн тоглолтоос болж байгаа юм. Хүн өөрөө мундаг ухаантай юм яриад байгаа боловч цаанаа хамт төрсөн тэнгэрээ доройтуулж байдаг. Харсан тэнгэргүй бол хэн ч биш болж хувирдаг. Монгол хүн “Бид тэнгэрээ шүтдэг ард түмэн” гэж хийрхэж ирлээ л дээ. Гэсэн ч хэрхэн тэнгэрээ тэтгэхээ мэддэггүй. Сайн үйл хийгээд, амьтанд хорлолгүй зөв замаар зорчих юм бол сайн зүгийн тэнгэрүүд нь баясаад өөрийг нь эзэлчих юм бол тэр хүний санасан ажил нь сэтгэлчлэн бүтнэ. Өөрөө сууж л байвч үйлс нь аяндаа дэлгэрч байдаг хүн байна. Зарим хүн яваад л байсан мөртлөө ажлаа нурааж хаяад, хөлс нь гоожоод гүйгээд байгаа мөртлөө юу ч бүтээж чаддаггүй. Тэнгэртэй хүн бол ганцхан ярихад л бүх ажил нь бүтэх ёстой. Хийморьтой хүн тийм байдаг. Хийморь нь хаячихсан хүн ажил нь бүтэхгүй, өвчин зовлон орооно. Ад шүглээд бие хаа нь өвдөнө, муу хүмүүст хорлогдоно, хэл аманд орно гэх зэргээр ар араасаа муу юмнууд дагуулна.

Одоо хүмүүсийн сэтгэлийг ажихад мэдэгдэж байна л даа. Ядарсан нэгэндээ туслахгүй байна. Гэхдээ саараас гадна сайн нь ч байгааг хэлэх нь зүйтэй. Би жишээ нь ковидын яг хүнд хориотой үед өвчтэй жаахан охинд тусалсан.

-Өнгөрсөн онд “Ээжийн бүүвэйтэй энхрий үрс амгалан байг” хандивын арга хэмжээ зохион байгуулсан байх аа?

 -Тийм ээ. Монгол түмнээ уриалаад бүх дуучдыг цуглуулаад, хандивын аян зохион байгуулсан. Дуучин Ж.Алтанцэцэг, “Хар сарнай” хамтлагийн Амараа найздаа хэлсэн. Хоёулаа уриалгахан хүлээж аваад дуучдаа цуглуулаад хөл дээрээ зогсож чаддагүй охинд бид 60 гаруй сая төгрөгийн хандив цуглуулж өгсөн. Тухайн үед монголчууд маань хөл хорионд, өвдөж зовсон, ядарч зүдэрсэн байсан ч гэсэн тэр охинд буяны гараа сунгасан шүү дээ. Тэр үед би монголчуудын сайхан сэтгэл дуусаагүй юм байна, муугаасаа сайн нь олон байгааг ойлгосон.

Тиймээс хүн бүрийг чадах чинээгээрээ буянд уриалъя гэж бодоод энэ удаагийн лекцээ шинийн 6-нд хүргэхээр болсон. Шинийн 6 буюу хоёрдугаар сарын 6 адислагатай сайн өдөр байгаа юм. Өдөр бүр сайн энерги, муу энерги сүлэлдээд ээлжилж оршдог учраас бид үсээ засуулах, хол замд гарах зэрэгт өдөр судар хардаг нь мухар сүсэг биш, харин ч зөв зүйл юм. Сайн энерги гүйсэн өдөр бид зөв үйлээ хийчихэд л ямар нэгэн сөрөг энергид өртөхгүй. Энергийн ийм айхтар эргэлтэн дунд хүн зөв яваад, зөв ухаанаар амьдрахгүй бол зүгээр дур зоргоороо хүссэнээрээ амьдарна гэвэл сүйрлийн үүд нээгдэнэ гэсэн байдаг.

Лекцийн маань сэдэв болох ад донгийн тухай тодруулахад, жишээ нь сүүлийн үед зарим залуучуудын яриа, өмсөж байгаа хувцас, сонирхож буй зүйл маш этгээд болж хувирч байна. 70, 80-аад оныхон амьд юм уу ч гэх шиг. Яагаад 70, 80-аад оныхныг оноор нь ялгаад он хуучин машин шиг сонин яриа гараад байгаа юм. Ийм яриа огт байгаагүй. Хүн хөгшрөхгүй юм шиг хүнийг тэгж хэлж ерөөсөө болохгүй. 70, 80-аад оныхон чинь ид хийж бүтээх насны хүмүүс байна. Идэр нас байхгүй юу. Гэтэл залуучууд өнгөрсөн, баларсан, зөнөг хөгшнөөр нь дуудаж, эцэг эхийгээ зодож занчлаа л гэнэ, хэл амаар доромжиллоо л гэнэ. Есөн жорын муу муухай юм сонсогдох боллоо.

Бидний үед арай л ёс жудагтай байж. Ээж, аав ахас ихсээсээ айдаг эмээдэг. Гэртээ сууж байхад аав ээжийн танил настай хүн ороод ирэхэд шууд өөр өрөө рүүгээ ордог. Том хүмүүсийн ярианд орохгүй, их ёс жудагтай, өмнөх тавагнаас нь чихэр авдаггүй ёстой байлаа. Одоо тийм зүйл ерөөсөө байхгүй. Ач тач үзэлцээд л, өөдөөс нь хэрэлдээд байдаг. Эртний лам хуваргууд ийм цаг үе ирэхийг мэдэж л байсан. Богдын бошгод цаг цөвдөхөд хүүхдүүдийн сэтгэлд нэжгээд нэжгээд ад шүглэснээс болоод эцэг эхийнхээ өөдөөс ядарлаж, үг сонсохоо болино гэж байгаа юм. Том хүмүүсийн сэтгэлд хүртэл албин ад шүглэснээс болоод ан авд улайрах, зодоон нүдээн хийх, архи дарс, самуун явдалд автах гэж байна. Үүн дээр нарийвчлаад ярих юм бол ямар ямар ад хүнийг яаж хорлодог талаар байдаг.

Тухайлбал, нонжид гэдэг дон байна. Дон гэдэг бол хүнд шүглэдэг муу ёр байхгүй юу. Хүнээ сонгож авч хорлодог. Зүс царай сайхан, дуучин, яруу найрагч, жүжигчин, бүжигчин хүмүүсийг барьж аваад архинд донтуулж хорлодог. Шөнөжингөө унтахгүй дуу бүжиг, мөрийтэй тоглоом, садар самуунд уруу татна. Энэ нь төгсгөлдөө зодоон нүдээн болж бие биеэ гэмтээдэг гэж байгаа юм. Иймэрхүү аймаар жишээ зөндөө харагдаад байгаа шүү дээ. Олны танил хүмүүсийн дунд бие биенээ зодож занчаад алсан жишээ байна. Бие биенээ бэртээчихсэн ч байх шиг. Энэ дандаа л алдартай зүс царай сайхан, олны танил хүмүүсийн дунд явагдаад байгаа юм. Үндсэндээ энэ чинь олон зууны өмнө зохиогдсон судар шүү дээ. Гэтэл яг өнөө цагт болж байгаа зүйл байгаад байна.

Зүс царай сайхан, цэвэр цэмцгэр хүнийг хорлодог өөр нэг дон байна. Тэр донд хорлогдсон хүн нүцгэн сууж байгаад бие засдаг, шөнө орой огторгуй од руу хараад янз бүрийн юм яриад суудаг. Эх орноо муулах, гадаад орноор хэсэх дуртай болдог. Одооны залууст зөндөө ажиглагдаж байна. “Монгол Улс ямар ч хэрэг алга. Танай Монголд амьдрах арга алга. Ядарсан буурай, бүдүүлэг” гэж ярьдаг. Уг нь энэ чинь бидний л эх орон шүү дээ.  Бид өөрсдөө л засах ёстой. Тийм биз. Бид өөрсдөө сайжруулах ёстой. Түүнээс биш сайхан орон руу гүйж явчихаад сайжрахаар нь хүрээд ирнэ гэдэг бол эх орноосоо урваж байгаа хэрэг. Ялангуяа гадаадад дүрвээд амьдраад байгаа яах вэ. Зарим нэг нь сурч боловсроод эргээд эх орондоо ирж байгаа ухаалаг хүмүүс байна. Шингээд байгаа хүмүүст би жаахан дургүй. Энэ нь ямар утга илэрхийлж байна гэхээр, ээж нь царай муутай, сэгсгэр, ядуу бол бусдын ээж рүү очиж тэдний гэрт амьдраад байна гэсэн үг. “Манай ээж царай муутай, мөнгө байхгүй. Танай ээж царайлаг гоё, машинтай, мөнгөтэй өлсөхгүй амьдраад байна. Танай гэрт хэсэгхэн хугацаанд амьдарчихъя тэгэх үү. Тэгж байгаад манай ээж сайжраад, гоё царайлаг болохоор буцаад очъё” гэсэн тийм адгийн бодолтой байж болохгүй шүү дээ.

Монгол ядарсан, зүдэрсэн одоо хэцүү байгаа ч гэсэн ямар ч байсан бид тусгаар тогтносон эх оронд байна гэдэг бол давуу тал. Ядрах цагт нь эх орноо орхиогүй бол бид өөрсдөөрөө бахархах ёстой. Өөрийнхөө чадах чадах зүйлийг сайн хийж эх орноо хөгжүүлэх нь чухал. Энэ бол эх оронч болоод монгол хүний жинхэнэ ухамсрын асуудал. Энэ номыг гаргадгийн учир нь, бид асар их нандин өв уламжлалтай ард түмэн. Үүнийг ерөөсөө мэдэхгүй байна. Анзаарахгүй, гадны юм руу хошуураад л Харвард, Кембриж ч гэх шиг, Америкийн соёл мундаг ч гэх шиг. Гэтэл энэ нандин өв уламжлал гадны оронд огт байхгүй. Гадаад орноос харин манай өв уламжлалд шүлэнгэтэж байна шүү дээ. “Танайд ямар гоё юм бэ, газар, уул, ус ямар гоё юм бэ, ямар мундаг хүмүүс байдаг юм бэ” гээд манайхыг судлаад байдаг. Гэтэл манайхан нь тэнд очиж аяга таваг угаах гээд байдаг. Миний гаргаж байгаа ном бүрт монгол лам нарын, монгол эрдэмтдийн зохиосон зохиолууд байдаг. Энэ олон ном зохиолд гадны нэг ч эрдэмтний ном зохиолыг оруулаагүй. Монголд хангалттай эрдэмтэд байна. Хүмүүсийн зөв амьдрах ухааныг заагаад өгчихсөн дээдсүүдийн ном зохиол хангалттай байгаа.

-Уламжлаад ирчихсэн, тийм ээ?

-Тийм. Гэтэл үүнийгээ мартчихаад байна. Түүнээс биш эргээд сэргээчих л юм бол “Өө бид ийм уламжлалтай юм байна. Хань ижлээ сонгодог ийм уламжлалтай юм байна. Уул, ус, байгаль эхээ ингэж хайрладаг юм байна” гээд мэдээд авчихна. Мөн ад дон чөтгөр шулмын тухай зөв мэдлэгтэй түүнээс хамгаалах зан үйлийг хийж чаддаг байсан ард түмэн. Ад дон гэдэг зүйл хий бодь амьтан учраас шууд толгой дараалан устгаад явна гэсэн ойлголт хэзээ ч байхгүй. Үүнийг аргадаж засах, бид хэрхэн яаж өөрсдийн энергитэй тэнгэрүүдээ баясгаж өөрсдөдөө ойрхон байлгах вэ, муу адуудыг өөрөөсөө яаж зайлуулах тэр ухаанд суралцах ёстой байхгүй юу. Тэр бүгдийг би номдоо гаргаад өгчихсөн.

Адын хорлолын жишээ ярья л даа. Зүв зүгээр онц сурдаг нэг хөөрхөн охины ээж над руу ирсэн. “Миний охин 10 жилээ онц төгссөн. Оюутан болоод онц сураад шилдэг охин байсан. Ээжийн хайртай охин байсан. Гэр орноо цэвэр цэмцгэр байлгадаг. Гэтэл нэг л өдөр ээжийгээ “Та үхсэн бол дээр байсан юм” гэж надад хэлсэн. Би маш их сэтгэлээр унаад, гомдсон. Миний охин ийм байгаагүй. Би охиноо танихгүй байна. Харахад зүс царай нь мөн боловч ярьж байгаа яриа, сонирхож байгаа сонирхол, зан ааш нь яг танихгүй хүн шиг болчихлоо” гэсэн. Ингээд ярилцаад үзэхэд, донгийн хорлол болсон байгаа юм. Хэсэг найзуудтайгаа шөнө орой буруу газарт очсон. Оршуулгын газар чинь буруу газар. Муу энерги, дайрлагад өртсөн байсан. Тэгээд ном засалд суугаад гайгүй болсон л доо. Иймэрхүү тохиолдол зөндөө бий.

 -Адууд хэчнээн төрөл, ямар шинж чанартай байх вэ?

-1080 ад байна гэдэг. Үүнээс 360 хоногт давхцаж хүнийг идэвхтэй хорлодог тийм ад байна. Хүнийг хорлож түүгээр энерги авдаг, өвчин үүсгэдэг адууд байна. Ханиад томуу, халдварт хижиг, боом, усан саа, төмөр саа хулгана яр ч гэдэг юм уу. Алаг мяраа гээд лусын дон гээд байна. Лусын дон гэхээр лам, бярман хүнийг хорлоно гэж байгаа юм. Бярман гэдэг нь өндөр язгууртан, баян хүмүүсийг хэлдэг. Яр шарх гардаг. Алаг мяраа бол арьс нүүх өвчин. Арьс нь цагаан эрээн болчихсон хүмүүс яваад байгаа биз. Лус өөрөө тийм цоохор лус байдаг. Өөр шигээ болгодог байхгүй юу. Арьсыг нь нүүлгэдэг өвчин. Манайхан алаг мяраа гэдэг. Хулгана яр гэж айхтар өвчин байна. Зүгээр байж байгаад хамар нь тасраад уначихдаг. Эдгээх ямар ч боломж байхгүй. Төмөр саа, усан саа гээд аюултай өвчнүүд байна. Одоо шинээр маш олон өвчин гарч ирж байна. Энэ өвчнүүдийг үүсгэдэг донгуудыг би номдоо бүгдийг нь оруулсан.

Мам буюу эмэг эх дон гэж байна. Манайхан эртнээс мам гэж ярьдаг байсан. Орчин цагийн хүмүүсийн хувьд мамын шинжтэй болоод байна. Хумсаа их урт ургуулдаг. Үсээ задгай тавьж сэгсийлгэж явдаг, уранхай ноорхой хувцас өмсдөг. Уранхай жинс өмсөөд хамаг юм нь ил гарчихсан. Харахаас санаа зовмоор. Бас өлмий дээрээ алхаж явна гэж байгаа юм. Хүүхнүүд туфль өмсөөд бүгдээрээ өлмий дээрээ яваад байна. Мах, цусанд их дуртай. Хов живд дурлах гэх мэт. Тэгэхээр бүх юм таарчихаж байна. Хуучин цагт үсээ сул хаяж явахыг цээрлэдэг байлаа. Хумсаа хүртэл ургуулж болдоггүй. Яагаад гэхээр цээрлэдэг вэ гэхээр үхсэн хүний үс, хумс хоёр л ургадаг. Бусад юм нь ургадаггүй. Тийм учраас нас барсан хүний хумсыг нь охорлож, үсийг нь тайрдаг. Тэгэхээр үхсэн хүн лугаа адил болчихож байна.

Амьд хүн байна даа, үсээ боож, сайхан сүлжих ёстой. Хумсаа богиносгох ёстой. Цоорхой хувцас гэсэнтэй холбогдуулаад хэлэхэд сүүлийн үед хүмүүс таар шуудай шиг уранхай цоорхой хувцас их өмсөж байна. Моод гээд нэг үг гаргачихсан. Түүндээ хууртангуут уранхай хувцастай яваад байдаг. Манай монголчууд эртнээс мөр бүтэн, гэдэс цатгалан гэж ярьдаг. Мөр бүтэн гэдэг бол хувцасны буян хишиг бүрэн бүтэн байх юм. Уранхай цоорхойгүй хувцас өмсөж байж буянаа бадраах ёстой. Уранхай хувцас байнга өмсөөд байвал хувцасны буянгүй болоод сүүлдээ өмсөх хувцас олдохоо болино. Хоол ундыг муутгаж хаяад, идэхгүй цамаархаад байхад идэх хоолгүй болно.

Дараа дараагийн үеийн үр хүүхдүүд нь хоол ундгүй болох аюултай. Тэгэхээр хоол ундаа сайхан бүрэн гүйцэт идэх, бүрэн бүтэн хувцас өмсөх, бие биенийгээ нэр хочоор дуудахгүй байх, архи дарсыг хэмжээ хязгаартай хэрэглэх ёстой. Тэгэхгүй бол адууд өөрөө эдгээр донгоо тусгаж байгаад хүний амийг нь авна. Хэн ч биш болгоно. Нонжид гээд өмнө ярьсан дон бол зугаа цэнгэл, дуучин, бүжигчин, яруу найрагчид шүглэдэг. Одоо харахад, яруу найрагч, зураач, жүжигчид их уудаг. Олны танил одод уудаг. Хэвлэл мэдээллээр янз бүрийн хэрэг төвөг тарилаа гээд гардаг. Одоо тэд янз бүрийн муу идээнд донтож байна. Энгийнээр архи, тамхинд донтож байгаад цаашлаад хар тамхи буюу муу өвс, янз бүрийн өвсийг татна. Тэгээд тэрэндээ хордоно, хорлогдоно.

Өөрөөр хэлбэл, ад донгийн тухай ойлголтгүй бол бидний үр хүүхэд хэдэн зуун жил зовно. Муу заяанд унана, адынхаа хорлолоос гарч чадахгүй үе дамжигдаад яваад байна. Би ямар нэгэн тийрэнгийн хорлолд өртсөн байлаа гэхэд тэрийг энэ насандаа засч янзлахгүй бол үр хүүхдүүддээ дамжуулаад өгнө. Тийрэн хүнийг аймаар хорлодог. Тийрэнд хорлогдсон хүн бол маш аюултай. Тийрэнгийн хорлолыг ад чөтгөр гэж байгаа юм. Мам буюу эмэг эх дон. Бэлэвсэн эмийг дагаж хорлоно. Нөхөр нь нас барсан юм уу салсан эмэгтэйг дагаж хорлоод завхай зайдан явдал болон самуунд түлхэж, бөгсний өвчин тусгана. Бэлгийн замын бүх өвчин донгоос үүсдэг байх нь. Бэлгийн замын өвчний үүсвэр мам гэх дон байх нь. Хаван гэж дон байна. Ганц модонд очоод зан үйл хийсэн хүнийг хорлоно гэж байгаа юм. Олон модноос тусдаа ганц модны дэргэд орших савдаг усан хаван, хий хаван гэх өвчин тусгадаг. Тухайн хүнийг мах, цусанд дуртай, муухай үнэртэй болгож хорлодог.

Уруу татагч дон догдон нь бусад хүнтэй тохирохгүй хүнийг олж хорлоно. Хүнтэй эвээ олдоггүй, тохиромжгүй, таарамжгүй, хажиг ёдор хүнийг барьж хорлодог. Энэ донд хорлогдсон хүн муухай үнэртэй болох, муу хувцас, идээ хоол хадгалах, муу зохисгүй хувцас хунар өмсөх, нүцгэн бааж шээх дуртай. Сэтгэлд зохисгүй зүйлийг худалдаж авах, сэтгэлд нь таарах хань нөхөр хэзээ ч олдохгүй. Олдсон ч зам нийлэхгүй гэж байгаа юм. Шиса буюу мах идэгч дон. Бие нь жижиг, хүний маханд дуртай. Амраг садан ба хов зөөгчдийг хорлоно. Хов зөөгөөд л байвал энэ донд хорлогдоно. Хорлогдсон хүний өнгө нь хөхөрч, муухай үнэртэй болно. Ааш зан нь догшин ширүүн, хэцгий, архинд ханаж цадахгүй. Үе үе огторгуй өөд харж уйлах дүр үзүүлнэ. Хүний амийг хорлоход баясна.

Цэрэнба буюу мангас дон. Энэ донд ихэвчлэн урд зүгт аймшигтай, хүний мах хийгээд цусанд дуртай, ширүүн амьтан. Ширүүн үгтэй, хэрүүл тэмцэлд дуртай, бяр чадал ихтэй хүний мууг үзэхийг хүсдэг. Энэ донд хорлогдсон хүмүүс гараараа юм цохиж, ширээ шаах, ширүүн үг хэлэх, улих, дуулах, дэмий донгосох, мах цусанд дурлах, амьтны амь хөнөөхөд баясана. Эдгээр дон насанд хүрэгчдийг хорлож байгаа бол нялх хүүхдийг хорлодог дон байна. Нялхасын нүдийг сохолж хорлодог. Хүүхдийг хөдөлгөж айлгаж, хорлодог дон байна. Хүүхэд юм руу заагаад айгаад уйлдаг. Мөн нойронд нь уйлуулан хорлоно гэж байна. Шөнөжин унтахгүй уйлаад байдаг хүүхэд бий.

Магадгүй үүнийг уншиж байгаа хүмүүс эдгээр донгийн хорлол надад байна уу гээд өөрөө өөрийгөө шинжих хэрэгтэй. Тухайлбал, “Би чинь одоо сүүлд хэрүүл тэмцэл хийж хань ижил, үр хүүхдээ ямар их харааж загнадаг болчихов оо. Би сүүлийн үед архинд ямар их дуртай болчихов. Ан авд явдаг болоод байна. Ер нь тийм тийм дон байна. Яаж засах вэ” гээд бодох хэрэгтэй. Үүнийг шинийн 6-ны лекцийн үеэр засах аргыг нь маш дэлгэрэнгүй зааж өгнө. Хоёрдугаар сарын 6, шинийн 6 давхацсан Дашнямтай өдөр байна. Энэ өдөр 18 цагаас “UB place”-т лекц болох юм.

-Лекцийн нэр “Ад донгийн хорлолыг буцаахуй” гэж байгаа учраас энэ үеэр ад донгоос хэрхэн ангижрах аргуудаас зааж өгнө гэж ойлгож болох уу?

-Тийм ээ. Лекцийнхээ үеэр ийм адууд байна гээд зураг хөргийг нь проктероор үзүүлнэ. Номноосоо хөтлөөд явах юм. Ном маань өнөөдөр хэвлэлтээс гарлаа. Эхний бүлэгт адын хорлолыг яриад, хоёр дахь бүлэгт хорлолын шалтгаанаас ангижрах ямар уламжлалт аргууд байдаг вэ гэдгийг таниулж өгөх юм. Тарни, сахиус, хүрд, уншдаг ном гээд ярих юм. Бид ихэвчлэн Цагаан шүхэрт гээд номыг уншиж засдаг. Цагаан шүхэртийн дэлгэрэнгүй, хураангуй, сахиусан хүрд мөн Цагаан шүхэртийн тарнийг уншихдаа яах ёстой юм, юу бясалгаж бодох юм, хэдэн удаа унших юм, тарнийг нь цээжилбэл ямар ач тустай юм, хүзүүндээ зүүвэл ямар ач тустай юм, гэртээ хадгалбал ямар ач тустай юм гээд ярина. Би тэр сахиусуудыг бэлдчихсэн. Лекцийн үеэр хүмүүст түгээнэ. Нарийн зан үйлүүд байна.

Хялбар, энгийн зан үйлүүдийг номдоо оруулаад өгчихсөн. Цагаан шүхэртийг бүрэн эхээр нь монголоор орчуулаад оруулсан. Хураангуйгаар, тарнийн тайлбар, унших арга, ад донгуудын хүнийг хорлосон шалтгаанууд гээд энэ номыг гарт нь өгчих юм бол хүн өөр өөрсдийгөө аврах боломжтой. Адад хорлогдоогүй хүн гэж бараг байхгүй. Их, бага хэмжээгээр бүгд хорлогдсон байна. Их үү, бага уу л гэдэг асуудал байна. Бага дээр нь дараад авбал, маш үр дүнтэй дорхноо алга болно. Машид хол явчих юм бол хэцүү.

Лекцийн үеэр лам хуваргууд Ноён хутагтын лүүжин, Гурван гүрэм, Цагаан шүхэрт, Ногоон дарь эх, Ширнэн гэсэн гол номыг уншина. Ирсэн хүн бүрт Цагаан шүхэртийн сахиус хүртээж, Цагаан дарь эхийн үрлийг бэлэглэнэ. Үндсэндээ миний лекцэнд ирснээр жилийн заслаа хийлгээд, даллагын уут, тавгийн идээтэйгээ ирээд буян хишгийн даллагаа дуудуулчихна. Монгол түмэн маань шинийн 1,2-ндоо золгуутаа сайхан хийгээд шинийн 3 байхгүй учраас шинийн 5,6-ны өдөр “UB pаlace”-т өглөө 9 цагаас орой 18 цаг хүртэл манай шавь нар ажиллаж байна. Шинэ хуанли тэндээс авч болно. Мөн лекцэнд орох үедээ номоо заавал тэндээс худалдаж авна. Энэ ном гэрт байхад илүүдэхгүй. Мөн шулмас, ад дон, чөтгөр шулам гэдэг талаар цэгцтэй ойлголттой, мэдлэгтэй болж авна.

Мэдээгүйгээсээ болоод хүн алдаж, айж байдаг. Чөтгөр шулам гэдэг зүйлээс айж, эмээж жийрхэж ирснээс биш яг ямар дүр төрхтэй, яаж аргалах талаар мэдэхгүй. Тэгэхээр эхлээд утгаа ойлгоод оношлоод мэдчихвэл ямар арга засалд шамдах уу гэдгээ хайж эхэлнэ. Ямар арга заслаар буцаахаа мэдээд авчихвал хорлогдохоо больчихно. Тиймээс миний зорьж байгаа гол зорилго бол монгол хүн бүр эрүүл саруул, сайхан жаргалтай, элэг бүтэн, сэтгэлийн болон биеийн зовлонгүй байгаасай гэж хүсч байгаа юм. Тиймийн тулд бид ад донгийн тухай ойлголттой байх ёстой. Зүгээр явж байгаад энэ айхтар адуудад хорлогдоод нэрвэгдээд байж болохгүй. Одоо хүртэл маш их нэрвэгдчихсэн явж байгаа учраас хүмүүст өөр өөрт нь үнэн мэдлэг өгөхөөр зорьж байна. Тиймээс эрхэм монгол хүн энэ лекцэнд хүрэлцэн ирснээр далай мэт оюун ухаанд дуслын төдий мэдлэгийг миний бие оршооно гэдэгт итгэлтэй байна. Хүрэлцэн ирж номын сайхан хуримд оролцоорой гэж монгол түмнээ урьж байна.

-Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

Г.Наран

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close