ОнцлохНийслэл

Цахим системээр 162 үйлчилгээ эрхлэх хүсэлт бүртгэгджээ

Нийслэлд худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр бизнес эрхлэгч аж ахуйн нэгж болон төрийн байгууллагуудын хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүх төрлийн бизнесийг дэмжих, орчныг сайжруулах, мэдээ мэдээллийг нэгдсэн нэг эх үүсвэрээр дамжуулан хүргэх, хамтран ажиллах зорилгоор “Онлайн бизнес төв” төслийг хэрэгжүүлж эхэлсэн.

Энэ хүрээнд 2022 оны нэгдүгээр сарын 3-наас эхлэн есөн дүүргийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсээс иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй есөн ангиллын 74 нэр төрлийн зөвшөөрөл болон зөвшөөрлийн шинжтэй эрх олгодог үйлчилгээнүүдийн бүрдэл бичиг баримт, шат дамжлагыг багасган “Онлайн бизнес төвийн Үйлчилгээ эрхлэх бүртгэлийн систем”-ийг хэрэглээнд нэвтрүүллээ.

Тэгвэл энэ сарын 6-ны байдлаар буюу дөрвөн хоногийн хугацаанд 6000 гаруй иргэн, аж ахуй нэгж, байгууллага тус системд хандан, үйлчилгээтэй холбоотой мэдээлэл авлаа. Үүнээс 162 гаруй хүсэлт ирж, бүртгэгдсэн байна.

Дээрх хугацаанд бүртгүүлсэн иргэн, аж ахуй нэгжүүдээс худалдааны чиглэлээр 91, хоол үйлдвэрлэлд 22 , ахуй үйлчилгээнд 15, авто үйлчилгээнд 14, зочлох үйлчилгээнд хоёр,  соёл урлагт дөрөв, үйлдвэрлэлийн чиглэлээр долоо, тоглоомын чиглэлээр зургаан  хүсэлт тус тус ирүүлжээ. Мөн дуудлага, мэдээллийн 11-330844, 1800-1200 утсанд 65 орчим хэрэглэгч хандан зөвлөгөө, мэдээлэл авсан байна. Өмнө нь есөн дүүргийн хэмжээнд өдөрт 5-10 хүсэлт ирдэг байсан бол цахим хэлбэрт шилжсэнээр нэг дүүргийн хэмжээнд 6-9 хүсэлт ирж байгаа юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Цахим засаглал төсөл”, авлига, хүнд суртлыг таслан зогсоох арга хэмжээ авах, авилгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тус тус тусгагдсан ажлын дагуу төрийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, хурдан шуурхай хүргэхээр ажиллаж байна.

Иймд үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл хүссэн иргэн, аж ахуй нэгж байгууллагууд www.ulaanbaatar.mn сайтын баруун дээд буланд байх “Үйлчилгээ эрхлэх бүртгэл” цэсэд хандах, эсвэл www.service.ulaanbaatar.mn сайтад шууд хандан мэдээлэл авах болон бүртгүүлэх боломжтой.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close