НийслэлFocus

Элчин сайд Майкл С. Клеческиг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан өнөөдөр АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клеческиг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийн асуудлыг шийдвэрлэхээр хэрэгжүүлж буй бодлого, авах арга хэмжээний талаар санал солилцов. Нийслэлээс 2022 онд нийтийн тээврийн 500 автобусаар парк  шинэчлэл хийхээр төлөвлөж буйг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан онцлов.

Мөн тэрбээр BRT буюу тусгай замын автобусны төслийн талаар дурдлаа. Уулзалтын үеэр мөн Улаанбаатар хотын агаарын бохирдол буурсныг талууд онцлоод дараагийн арга хэмжээ юу байх талаар санал солилцов. Улаанбаатар хот нь дэлхийн хамгийн хүйтэн нийслэл хот. Тиймээс  сайжруулсан шахмал түлшээр айл  өрх,  албан байгууллагуудыг хангах  нь  агаарын  бохирдлыг  бууруулах шийдлийн зөвхөн нэг нь учраас дараагийн дэвшилтэд аргыг төлөвлөж, нэвтрүүлэх  нь нэн тэргүүнийх гэдгийг Нийслэлийн ИТХ-ын дарга хэлэв.

Тэрбээр мөн газан  бойлуураар халаах,  дахин төлөвлөлтөөр  орон сууцжуулах, газар дээрээ иргэд амины орон сууц барих дэд бүтцийг  нь шийдвэрлэх зэрэг олон талт  арга хэмжээг нийслэлийн зүгээс хэрэгжүүлнэ гэдгийг онцолсон юм. Эцэст  нь талууд хоёр  улсын  ах дүү  хотуудын талаар санал  солилцлоо.  Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Дипломат харилцаа, ах дүү хотуудын гэрээнээс гадна америк, монгол иргэд маань боловсрол, соёл урлаг, эдийн засаг гээд салбар бүрд хамтран ажиллаж, хоёр улсын харилцааг улам бататган, баяжуулсаар байгааг онцолмоор байна. Өөрөөр хэлбэл “ардын дипломат”-ын үүргийг хоёр орны иргэд гүйцэтгэсээр ирсэн. Энэ  л  хоёр улсыг холбох хамгийн том гүүр юм” гэлээ. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close