WorldFocus

Энхийг сахиулагчид эх орондоо ирлээ

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай UNMISS ажиллагаанд үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 дугаар ээлжийн цэргийн багийн нэгдүгээр цуврааны бие бүрэлдэхүүн /2021.10.20/ эх орондоо хүрэлцэн ирлээ.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд даян дэлхийн энх амгалангийн үйл хэрэгт хүчин зүтгэж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын болон монгол эх орон, төр, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ амжилт дүүрэн гүйцэтгэсэн энэхүү цэргийн багийн 200 гаруй цэргийн алба хаагчийг ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг, Энхийг дэмжих ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Т.Буянбат нар угтаж, баяр хүргэсэн юм.

Мөн Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай UNMISS ажиллагааны 11 дүгээр ээлжид үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн нэгдүгээр цуврааны бие бүрэлдэхүүн эх орноосоо мордох бөгөөд тэднийг цэргийн багийн захирагч, хурандаа О.Заяат ахлан ажиллагааны газар орныг зорилоо.

Мөн цэргийн багуудын ээлж хүлээлцүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн даргаар ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг томилогдож, энэхүү өндөр хариуцлагатай үүргийг гүйцэтгэнэ.

Сонирхуулахад, бригадын генерал С.Дашзэвэг нь 2012 онд Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад Монгол Улсын Зэвсэгт хүчний хоёрдугаар ээлжийн цэргийн багийн орлогчоор үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн ба мөн 2015 онд тус улсад цэргийн багийн ээлж хүлээлцүүлэх ажиллагааг зохион байгуулж байсан юм.

Хурандаа Б.ОТГОНБАЯР

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close