ХАА-н салбарЯрилцлагаОнцлох

В.Үнэнбат: Улаанбуудайн хураалт 50, төмс, хүнсний ногооных 75 хувьтай байна

ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга В.Үнэнбатаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.

-Ургац хураалтын явц ямар байна вэ?
-Энэ онд Монгол Улс 660 орчим мянган га-д тариалалт хийсэн. Үүнээс 389 мянган га-д  улаанбуудай тариалсан. Өнөөдрийн байдлаар улаанбуудайн хураалт газар дээрээ 50 орчим хувьтай байна. Төмс, хүнсний ногооных 75, тэжээл, тосны ургамлын хураалт 27 хувьтай байна. Энэ жилийн тухайд ургац хураалтын үеэр цаг агаарын төлөв байдал сэрүүн, хур тунадас элбэг байгаагаас ургац хураалтын ажил 15 орчим хоногоор хойшлоод байна. 

-Энэ жилийн тухайд ургацын бланс харьцангуй өөдрөг гарсан. Га-гаас авах ургацын хэмжээ арвин байгаагийн бодит шалтгаан юу вэ?
-Энэ намрын тухайд га-гаас авах ургац арвин байгаа нь зуншлага сайхан болсон, цаг агаарын таатай нөхцөл бүрдсэнтэй холбоотой ч нөгөө талаараа хөдөө аж ахуйн салбарт авч хэрэгжүүлсэн бодлого, шийдэл эерэг нөлөө үзүүлсэн гэдгийг дурьдах нь зүйтэй болов уу. Тухайлбал, үрийн буудай, бордоо, ургамал хамгааллын бодис, түлш, техник гэсэн 5 төрөл дээр бодлогын дэмжлэг үзүүлж, аж ахуйн нэгж, хувь хүмүүст тодорхой шийдэл санал болгосон.

Бид ОХУ-аас 12 мянган тонн элит сортын үр авч нийт үрийн  30 орчим хувийг шинэчилсэн. Сайн үрээс сайн л ургац авна. Мөн ХХААХҮЯ-наас эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх цогц төлөвлөгөөний хүрээнд тариаланчдад 3 хувийн зээл олгосон. Мөн хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, техник хэрэгслийг гааль, НӨАТ-аас чөлөөлснөөр аж ахуйн нэгжүүд өөрсдийн хөрөнгөөр 40 гаруй комбайныг ОХУ-ын диллер компаниудаас худалдан авсан байна. 

-Өнгөрсөн амралтын өдрүүдээр орсон цасанд дарагдсан талбай бий юү?
-Хэнтий аймгийн тариалангийн 14 мянга орчим га талбай дарагдсан ч өнөөдрийн байдлаар цас бүрэн хайлсан, ганц хоёр хоногийн хугацаанд газар хатвал хадлан, ургац хураалтын ажилдаа идэвхийлэн орно гэсэн мэдээлэл өгч байна. 

-Гурилын үйлдвэрүүдийн буудайн хэрэгцээг дотоодоосоо хангаж чадах уу?
-560 орчим мянган тонн улаанбуудай хурааж авах бланс гарсан. Хэдий бланс сайн гарсан ч үрийн болон бусад буудайн хэрэгцээгээ хасаад, цаг уурын эрсдлээ тооцох ёстой. Ингээд хамгийн багадаа 344 мянган тонн улаанбуудайг гурилын үйлдвэрүүдэд нийлүүлэх боломжтой судалгаа гарсан. Манай дотоодын гурилын хэрэгцээнд 308 мянган тонн буудай шаардлагатай. Тэгэхээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах боломжтой. Ургацын га-гаас авах хэмжээ нийт нутгаараа сайн байгаа.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close