Уул уурхайЯрилцлагаОнцлох

Ч.Лхагвадулам: Бидний ажил нягт нямбай байхыг шаарддаг

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ийн Тээвэр ложистикийн төвийн Ачаа вагон хүлээлцэгч Ч.Лхагвадуламыг урьсан юм. Эрдэнэт үйлдвэрийн Шилдэг шинийг санаачлагчдын нэг түүнийг хамт олон нь “дуусашгүй эрч хүчтэй” нэгэн гэж тодорхойлдог. Гялалзсан нүд, цоглог инээд, шалмаг хөдөлгөөн  нь түүнийг батлах мэт. Түүнтэй ярилцсанаа та бүхэнд толилуулъя.  

-Та Эрдэнэт үйлдвэртэй хувь заяагаа хэдийнээс холбосон бэ?

-Энэ сайхан үйлдвэрт 9 дэх жилдээ ажиллаж байна. 

-Ямар сургууль дүүргэж, мэргэжил эзэмшив?

-МУИС-ийг багш, орчуулагч мэргэжлээр төгсөж, Удирдлагын академид суралцан “Хүний нөөцийн мэргэжилтэн”-ий мэргэшсэн диплом гардсан.   

-Төмөр замын мэргэжлээр ажиллахын давуу тал  юу  вэ, Таны  мэргэжил ажилд тань хэрхэн нөлөөлдөг бол?

-Бахархалтай бас нэн хариуцлагатай ажил. Манайхан үйлдвэрийн ачаа барааг саатуулахгүйн төлөө хагас цэрэгжилтийн байдлаар 24 цагийн турш тасралтгүй ажилладаг. Үйлдвэрийн эцсийн бүтээгдэхүүн болох  зэс, молибдeныг хил гаалиар найдвартай, саадгүй гаргах, вагоны бүрэн бүтэн байдлыг хянах, дагалдах бичиг баримт боловсруулдаг.

Ер нь бидний ажил хүнээс нягт нямбай, анхаарал сэрэмжтэй, мэдлэг, ур чадвартай  байхыг шаарддаг. Эзэмшсэн мэргэжил, компьютерын мэдлэг маань өдөр тутмын ажил, хамт олны багийн ажиллагаанд үргэлж сайнаар нөлөөлдөг.  

-Та үндсэн ажлынхаа хажуугаар  олон зүйл санаачлан,  хэрэгжүүлж, Эрдэнэт үйлдвэрийн Шилдэг шинийг санаачлагчдын нэгээр тодорсон. Сүүлийн үед санаачилсан ажлуудаасаа ярина уу?

-Сүүлийн 3 жил дараалан Эрдэнэт үйлдвэрийн Сайн саналын системд шилдэг 200 ажилтнаас 50 дотор шалгарлаа. Энэ нь надад их урам өгсөн. Байгаль орчноо хамгаалах, амьдрах, ажиллах орчин, ажилчдын эрүүл мэнд, аюулгүй байдалд хор хохирол учруулж болзошгүй зүйлийг илрүүлж,  хамт олонтойгоо хэрэгжүүлж ирсэн. Манайхан бүтээмжийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, багаар ажиллаж, биe биeдээ тусалж дэмждэг хамт олон.

Миний хувьд өнгөрсөн жилүүдэд “Эрүүл мэндийн зам дагуух эко бие засах газар”,  “Үйлдвэрийн захиргааны 1, 2-р байрны гадна хананд Уйгаржин  монгол бичгээр хаяг хийх”, “Үйлдвэрийн авто замын маршрут” зэрэг төсөл санаачилсан нь дэмжигдсэн. Цар тахлын улмаас эдгээр ажлын хэрэгжилт хойшлогдоод байна.

-Таны санаачилсан дээрх төслүүд үнэхээр цар хүрээ ихтэй юм. Үүнийг хэрэгжүүлсний ач холбогдол юу вэ?

-Эрүүл мэндийн зам зөвхөн үйлдвэрийн ажилчдад бус аймгийн нийт иргэдэд зориулагдсан зам. Энэ зам дагуу ариун цэврийн байгууламж байхгүйгээс замын хажуугаар бие засах, хог хаягдал үүсэх зэрэг зохимжгүй байдал бий болсон. Энэ байдлыг засах, байгаль орчноо хайрлан, рашаан усаа хамгаалах, хөрсний бохирдлоос сэргийлэх үүднээс эко нойл байгуулах санаа төрсөн юм. 

Үйлдвэрийн замын маршрут 30-40 жилийн өмнөхөөрөө, эмх цэгц муутай байдаг. Үүнээс болж гадна дотнын зочид, гэрээт байгууллагын ажиллагсад болон шинэ ажилчид үйлдвэрийн дүүрэгт төөрч будилах, цeх нэгжүүдийн ажлын байрыг эрж хайж, цаг алдах зэрэг асуудал тулгардаг.

Үүнийг засаж,  замын тэмдэг, тэмдэглэгээ чиг заагч байрлуулан, цeх хэсгүүдийн гадна маршрутыг тодорхой тусгасан самбар байрлуулах юм. Мөн постууд дээр маршрутаа жижиг брошур хэлбэрээр хэвлэн, нэвтрэх иргэдэд  тараах юм. Энэ төслийг хэрэгжүүлснээр үйлдвэрийн дотоод зохион байгуулалт болон өнгө үзэмжид сайнаар нөлөөлнө гэж бид үзэж байгаа. 

-Та хамт олноо түүчээлэн олон сайн үйлсийн аян өрнүүлдэг юм билээ. Энэ талаараа ярина уу?

-Бид Талархлын, Сайн үйлсийн болон  Хүчирхийллийн эсрэг, Ковидын эсрэг зэрэг олон аян өрнүүлсэн. 2019 оны өвөл цар тахлын улмаас хөл хорио тогтоосон үед Улаанбаатар болон Булган аймаг явах постод үүрэг гүйцэтгэж байсан эмч, сувилагч, цагдаа, онцгой байдлын ажилчдад халуун хоол цай хүргэж өгч талархсан сэтгэлээ илэрхийлсэн.

Хамт олны дотор эeрэг уур амьсгал бүрдүүлэх үүднээс  цахим групп дээрээ биe биeдээ талархлын үгс бичих, бүх ажилчдын нэрс бүхий тусгайлан бэлтгэсэн самбар байрлуулан, хүмүүсийг хамгийн ихээр баярлуулдаг нэгнээ тодруулан шагнасан. Эдгээр үйл ажиллагааг манай хамт олон талархан хүлээн авсан юм. Мөн бид Гэрээт цагдаагийн постын ажлын орчныг тохижуулж өглөө. Бие биедээ болон тусламж хэрэгтэй нэгэнд халуун сэтгэл, өглөгч гараа сунгаж чаддаг хамт олноороо би  бахархдаг. 

-Та идэвх санаачилгатай, санаа болгоноо ажил хэрэг болгож чаддаг хүн юм. Таны чин хүсэл юу вэ?

-Улам бүр өөрчлөгдөн шинэчлэгдэж буй энэ цаг үед хамт олныхоо дунд эeрэг, халуун дулаан  уур амьсгал бүрдүүлэх, шинэ, залуу ажилтнууддаа  үлгэр дуурайлал болж, төрөлх үйлдвэрийнхээ хөгжил дэвшилд өөрийн чадах бүхнээ зориулах чин хүсэлтэй. 

-Ирээдүйгээ хэрхэн төсөөлдөг вэ?

-Би Эрдэнэт үйлдвэрийн удам дамжсан ажилчин. Миний аав Г.Чинбаатар Баяжуулах үйлдвэрийн Засварын бригадад олон жил ажиллаад гавьяаны амралтдаа гарсан.  Их хөдөлмөрч, шинийг санаачлагч ажилчин байсан.

Аав минь Амарбаясгалант хийдийн гадна доторх бүхий л заслыг барлаж, “Уурхайчин” соёлын ордон дахь монгол гэрийн эд хогшил сийлбэрлэж олны хүртээл болгосон. Гарын болон ухааны их уртай аавынхаа нэрийг үргэлж сайнаар дуурсгахыг зорьж явна. Тиймээс өдөр бүр ажлаа чанартай хийх, шинийг сэдэх ирмүүн хүсэл өвөртөлж ажилдаа ирдэг.

-Ярилцлагын төгсгөлд та юу хэлэх вэ?

-Удирдлагууд үйлдвэрийнхээ сайн сайхны төлөө сэтгэл зүтгэлээ зориулж яваа ажилтнуудаа дэмжиж байвал улам ихийг сэтгэж, бүтээнэ гэж би боддог.  Уйгаржин монгол бичгээр хаягжуулалт хийх миний саналыг Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын дарга О.Отгонбаяр дэмжиж, тусгайлан баяр хүргэж манай цeхэд албан бичиг явуулсан.

Энэ надад их урам өгсөн. Мөн миний гаргасан саналд  мэргэжлийн тусламж, дэмжлэг үзүүлсэн ХАБЭА-н хэлтсийн дарга Д.Мөнхболд, Эрүүл ахуйн албаны дарга О.Алтансүх нарт болон  залуусынхаа санал санаачилгыг байнга дэмждэг цехийн удирдлагууд, Бүтээмж, инновацийн мэргэжилтэн З.Батцэнгэл, санал хэрэгжүүлэхэд хамгийн сайн зөвлөгч, туслагч Эрчим хүч, механикийн хэсгийн ахлах механикч Т.Пүрэвсүрэн нартаа баярласнаа илэрхийлье.

Я.Энхтуяа
Фото: Б.Баттөгс

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close