Уул уурхайБайгаль орчинОнцлох

100 сая мод тарих ажлын төлөвлөгөө гаргаж, хэрэгжүүлнэ

Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын даваа гаригийн ээлжит шуурхай зөвлөгөөн дээр Ерөнхий захирал Х.Бадамсүрэн ирэх 10 жилийн хугацаанд 100 сая мод тарьж, ургуулах тухай мэдээлэл хийв. Ойрын 10 жилийн хугацаанд улс даяар нэг тэрбум мод тарьж, ургуулах Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгад Эрдэнэт үйлдвэрийн хамт олон 100 сая мод тарьж, байгаль орчны цөлжилтөөс урьдчилан сэргийлэх ажилд бодитой хувь нэмэр оруулахаар нэгдэж байна.

Тиймээс энэ ажлыг 2022 оноос үе шаттай эхлүүлж, жил бүр тарьж ургуулах хуваарь, төлөвлөгөө боловсруулан, хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд олон төрлийн мод, тухайлбал жимс, жимсгэнийн төрлийн модыг түлхүү тарьж, арчлан ургуулах зорилт дэвшүүлж байна. Манай орны нөхцөлд ургах чадвартай, эрс тэс уур амьсгалд тэсвэртэй мод бутны төрөл зүйлд судалгаа хийж, тарьж суулгах нарийвчилсан төлөвлөгөө гарган, энэ долоо хоногт багтаан танилцуулахыг Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэст үүрэг болголоо.  

Түүнчлэн хүйтний улирал ирж байгаатай холбогдуулан өвлийн бэлтгэл хангах, техник тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн аюулгүй байдал, засвар үйлчилгээг төлөвлөсөн хугацаанд нь хийж дуусгах, чанартай гүйцэтгэхийг нийт бүтцийн нэгжийн удирдлагуудад анхааруулав. Эрдэнэт үйлдвэрийн хамт олон өнгөрсөн 9 сард үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтүүдийг 100-аас дээш хувиар биелүүлж ажилласныг Үйлдвэрлэлийн хэлтсээс мэдээлсэн. Эл мэдээлэлтэй холбогдуулан үйлдвэрийн Ерөнхий захирал нийт уурхайчид, хамт олонд талархаж буйгаа илэрхийлээд, он дуусталх хугацаанд хүдэр боловсруулалт, металл авалтын үзүүлэлтээ одоогийн хэмжээнд барьж ажиллах чиглэл өглөө. 

Өнгөрсөн долоо хоногт Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа, үйлдвэрлэл хэвийн үргэлжилж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр зөрчилгүй ажилласан байна. Тоног төхөөрөмж, бараа материалын нөөц бүрдүүлэлт, төлөвлөгөөт засвар, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд хуваарийн дагуу хийгдэж байна. Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийг ирэх 12 сарын дундуур ашиглалтад хүлээж авах төлөвлөгөөтэй ажиллаж, Мөчлөгт урсгалт тээврийн технологийн төслийн хүрээнд трассын дагуух гэрлийн шонгууд шилжүүлэх, зам шилжүүлэх зэрэг бэлтгэл ажил хийгдэж буйг Ил уурхайн дарга Б.Отгондаваа онцлов.

Баяжуулах үйлдвэрийн хөвүүлэн баяжуулах хэсгийн 5-р секцийн өргөтгөл шинэчлэлийн төсөл 70 хувийн гүйцэтгэлтэй байгааг цехийн дарга М.Отгон мэдээллээ. Түүнчлэн Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан Зэсийн баяжмал боловсруулах металлурги химийн үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэх хүрээнд элементийн хүхрийн үйлдвэрлэлийн туршилтын ажлын явц ямар байгаа талаар Хөгжлийн хэлтсийн дарга Б.Ганбат мэдээлэл хийв. Техник технологийн туршилт боловсруулалтын хамтын ажиллагааны гэрээг Хятад улсын “China ENFI Engineering Corporation” компанитай байгуулан, туршилтыг Шинжааны “Xinxin Mining” компанийн үйлдвэрлэлийн бүсэд явуулахаар төлөвлөж байгаа аж. Одоогийн байдлаар төслийн үндсэн зураг 100 хувь, нарийвчилсан зураг төслийн ажил 40 хувь, тоног төхөөрөмжийн худалдан авалт 50 хувийн биелэлттэй байгааг Хөгжлийн хэлтэс мэдээлэлдээ онцлов. 

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд, Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх цаг үеийн ажлын нөхцөл байдал, үйлдвэрлэлийн чиглэлээр авч хэрэгжүүлэх, онцгойлон анхаарах асуудлын талаар мэдээлж, өвлийн бэлтгэл хангах ажилд цех нэгж бүр өндөр ач холбогдол өгч, нийт удирдлагуудад үүрэг чиглэл өглөө. 

М.Балжинням
Фото: Б.Баттөгс

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close