“Санхүүгийн мэдлэг” олон улсын цахим уулзалтад оролцов
Киргиз Улсын Үндэсний Банк “Санхүүгийн мэдлэг” сэдэвт цахим уулзалтыг 2021 оны 9-р сарын 22, 23-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тус уулзалтад ОХУ-ын Төв банк, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Үндэсний Банк, Бүгд Найрамдах Беларусь Улсын Үндэсний Банк болон Монгол Улсын Төв банкны төлөөллүүд оролцлоо.
Цахим хуралд Монголбанкны Олон Нийтийн Санхүүгийн Боловсролын Төвөөс иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр хийж хэрэгжүүлж буй арга хэмжээнийхээ талаар танилцуулга хийж, туршлага хуваалцав.
Бусад улс орнуудын Төв банкууд ч мөн адил хүн амын санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх стратегийн хэрэгжилт болоод сайн туршлагынхаа талаар дэлгэрэнгүй танилцуулсны дээр сургагч багш нарыг мэргэшүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээг хэлэлцлээ.
Түүнчлэн сургалтын арга зүй, гарын авлага боловсруулах, санхүүгийн боловсролыг сурталчлах буюу олон нийтэд таниулах, олон улсын байгууллагуудтай харилцах туршлага, улс орнуудын соёл, газарзүйн онцлог шинж чанартай холбоотой хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд тулгарч буй сорилтуудын талаар ч мэдээлэл солилцов.