Монгол Улсын Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин, Тайландын Хааны Бороо, хөдөө аж ахуйн агаарын тээврийн газрын Ерөнхий захирал Др.Сурасри Кидтимонтон нар “Цаг агаарт хиймлээр нөлөөлөх техникийн хамтын ажиллагааны хамтарсан хөтөлбөр”-т энэ 9 дүгээр сарын 27-ны өдөр гарын үсэг зурав.
Тус хөтөлбөрийн гол зорилго нь Тайландын Цог Жавхлант Хаан Пумипон Адульядет агсны бороо оруулах технологийг ашиглах санаачилгын хүрээнд цөлжилтийг сааруулах, тогтвортой хөдөө аж ахуйг хөгжүүлэх, ой болон хээрийн түймэртэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллаж, улмаар манай улсад үүлэнд хиймлээр нөлөөлөхөд зориулсан төсөл хэрэгжүүлэхэд оршиж байгаа юм.
Цахим хэлбэрээр зохион байгуулсан гарын үсэг зурах ёслолд уг төслийг хэрэгжүүлэх Тайландын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг, Гүнж Маха Чакри Сириндхорн-ы төслийн ажлын албанаас оролцсоноос гадна Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Элчин сайдын яамнаас оролцож үг хэлэв.