З.Мэндсайхан: Нийт үрийн 30 хувийг шинэчилсэн нь ургацын хэмжээнд нөлөөлсөн
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд ХХААХҮЯ-нд ажиллалаа. Энэ үеэр сайд З.Мэндсайхан намрын ургац хураалтын бэлтгэл, ургацын урьдчилсан баланс, махны үйлдвэр, эрчимжсэн мал ахуй болон тэргүүлэх ач холбогдолтой дунд хугацаанд хэрэгжүүлэх төслүүд зэрэг өргөн хүрээнд мэдээлэл өгч, санал солилцлоо.
Ургацын урьдчилсан балансаар 594.1 мянган тонн үр тариа, үүнээс 559.2 мянган тонн улаанбуудай, 198 мянган тонн төмс, 117 мянган тонн хүнсний ногоо, 64.3 мянган тонн тосны ургамал, 203.3 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломжтой гэсэн төлөв гарч байна.
Энэ жил хур бороо ихтэй байсан нь ургацад таатайгаар нөлөөлснөөс гадна тариалалтын нийт үрийн 30 хувийг элит үрээр шинэчилж чадсан. Үрийн шинэчлэл, байгаль цаг уурын таатай байдал нь га-аас авах ургацын хэмжээг нэмэгдүүлэх нөхцлийг бүрдүүлсэн гэж үзэж байна. Хамгийн сүүлд авсан мэдээллээр нийт тариалалтын 80 орчим хувь нь технологийн хугацаанд бүрэн болсон гэсэн дүгнэлт гарсан.
Өнгөрсөн жил тариалангийн тоног төхөөрөмжийг Гааль, НӨАТ-аас чөлөөлөх хуулийг УИХ-аар газар батлуулсан. Хууль батлагдсанаас хойш нийтдээ Гааль, НӨАТ-аас 18 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн байна. Мөн хувийн аж ахуйн нэгжүүд 50 орчим комбайн намрын ургац хураалтын өмнө оруулж ирсэн. Энэ хууль ердөө хоёрхон сарын дотор ийнхүү өгөөжөө өгсөн. Харин Гаалийн татвараас чөлөөлөх хуулийн хугацаа нэг жил байгааг сунгах хүсэлтийг сайд З.Мэндсайхан гишүүдэд уламжиллаа.
Хүнсний ногоочдод тулгамдаж байгаа хамгийн гол асуудал бол агуулах зоорь учраас Польшийн хөнгөлөлттэй зээлээр 8000 гаруй тонн агуулахыг бий болгохоор ажиллаж байна.
Үр тарианы тариалалтыг нэмэгдүүлж газар тариалангийн салбарын тогтвортой байдлыг хангахын нэг гол хөшүүрэг нь Монгол хөрсөнд ургуулсан улаанбуудайн гурилыг экспортод гаргах юм. Энэ жил улаанбуудайн тариалалт нэмэгдсэнтэй холбоотойгоор Хятад улс руу гурилыг экспортод гаргахад мөн Хятад улсын хөнгөлөлттэй зээлээр Ховд, Архангай, Булган, Дорнодод олон улсын стандарт шаардлагад нийцсэн 4 махны үйлдвэр байгуулахад төвлөрөн ажиллаж байгаагаа сайд З.Мэндсайхан хэллээ.
Гишүүдийн зүгээс дээрх төсөл, бодлогын ажлуудад өөрсдийн саналаа хэлж, гурилын экспортод онцгойлон анхаарах, махны үйлдвэрийн менежментийг оновчтой зохион байгуулах, мал аж ахуйн салбарын суурь болох бэлчээр, генетик нөөц, цөм сүрэг, үржүүлэг технологи, бүртгэлжүүлэлтэд ач холбогдол өгөх зэрэг асуудлыг хөндөн ярилцлаа.
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүдийн зүгээс салбарын яамаа бодлого, хууль тогтоомжийн хүрээнд дэмжиж нягт хамтран ажиллаж байж хөдөө аж ахуйн салбар хөгжинө гэдгийг уулзалтын төгсгөлд онцлон хэлсэн юм.