Р.Галбадрах: Хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлбэл эмчлэх боломжтой
Хүүхдийнхээ хөгжлийг хэвийн, эсэхийг эцэг, эх, асран хамгаалагчид хэзээ, хэрхэн илрүүлэх вэ. Монгол Улсад хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх тогтолцоог хэрхэн бүрдүүлж байгаа бол. Эцэг, эхчүүдэд энэ талаар зөвлөгөө, мэдээлэл өгөхөөр Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн дарга Р.Галбадрахтай ярилцлаа.
-Хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй, эсэхийг эрт үед нь илрүүлэх боломж олон улсад хэдийн бүрдсэн. Тэгвэл Монгол Улсад хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх нөхцөлийг хэрхэн бүрдүүлж байна вэ?
-Юуны түрүүнд эмэгтэйчүүд жирэмсэн болсон даруйдаа эмчийн хяналтад орох шаардлагатайг зөвлөе. Өрхийн болон сумын эмчдээ хандахад жирэмсэн эмэгтэйн хяналтын дэвтэрт тэмдэглэл хөтөлж эхэлдэг. Жирэмсний хугацаанд ямар ямар шинж тэмдгүүдийг ажиглах, амаржих үед болон төрсний дараа хэрхэн тусламж, үйлчилгээ авах зэргийг уг тэмдэглэлд бичдэг. Жирэмсэн үедээ үзлэг, оношилгоо, эмчилгээнд маш сайн хамрагдах ёстой. Ялангуяа 30-аас дээш настайдаа жирэмсэн болсон, эсвэл өмнөх хүүхдээ төрүүлснээс хойш 10-аас олон жилийн дараа амаржих гэж буй эхчүүд нарийн мэргэжлийн үзлэгт зайлшгүй хамрагдаж, шинжилгээ өгөх ёстой. Жишээ нь, ураг даунтай, эсэхийг эх жирэмсэн байх үед нь оношлох боломж бүрдсэн. Түүнчлэн даунтай хүүхдийг аль болох нийгэмшүүлэх, эрт илрүүлж, чадварыг нь хөгжүүлж, анхаарч, нийгэмшүүлэх боломжууд ч бий. Эцэг, эх, эмч, багш, олон нийт гээд бүх хүн л хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэхэд чухал үүрэгтэй. Олон улсын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн конвенцод “Тухайн хүний хэрэгцээ, боломжид нийцсэн олон мэргэжилтний үнэлгээг үндэслэн хөгжлийн дэмжлэгийн үйлчилгээг аль болох эрт үзүүлэх нь чухал” гэж тэмдэглэсэн байдаг. Хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэн эмчлэх нь хүний амьдралын чанарыг бүх талаас нь сайжруулна.
-Хүүхэд төрсний дараа хөгжил нь хэвийн, эсэхийг хэрхэн хянах вэ?
-Ээжүүд хүүхдээ төрүүлснээс хойших 30 минутад ангир уургаа амлуулах ёстой. Энэ нь хүүхдэд юугаар ч орлуулшгүй анхны дархлааг суулгаж буй хэрэг. Элдэв халдвар, өвчин, эмгэгээс хамгаалах бодис эхийн сүүнд агуулагддаг. Тухайлбал, эхийн сүүнд хүүхдийн тархины хөгжлийг тэтгэдэг аминхүчил, уураг бий. Эмч эхчүүдэд энэ талаар нэгбүрчлэн зөвлөх ёстой. Нярай хүүхдэд дөрвөн төрлийн эрт илрүүлгийн үзлэг хийх учиртай. Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу хүүхдийн сонсгол, хараа, түнх, бодисын солилцоог шалгадаг. Олон нийтийн хэлж заншсанаар ягаан дэвтэр буюу Эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийг ээж бүрт олгодог. Хүүхдээ асрах, хөгжүүлэхэд зориулсан бүхий л мэдээлэл энэхүү дэвтэрт бий. Тухайлбал, хэзээ вакцинд хамруулах, хэрхэн хооллох, хүүхдийнхээ хөгжилд яаж анхаарах зэрэг ойлголт, мэдлэг өгөх мэдээллүүдийг уг дэвтэрт багтаасан. Ягаан дэвтрийн цэнхэр хуудаснуудыг эцэх, эхчүүдэд зориулсан. Хүүхэд хэдэн сартайдаа толгойгоо даасан, мөлхсөн, алхсан, сүүн шүд нь хэзээ ургасан, анхны үгээ хэдийд хэлсэн зэрэг асуумжийг цэнхэр хуудсанд бичсэн байх жишээтэй. Хүүхдээ байнга анзаарч, эмчийн асуултын дагуу цэнхэр хуудаснуудыг сар бүр бөглөх хэрэгтэй. Тэр бүхнийг алдалгүй бичиж тэмдэглэх нь хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, эмчлэхэд ихээхэн дэмжлэг үзүүлнэ. Тиймээс бүх аав, ээж Эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийн агуулгатай сайтар танилцаж, цэнхэр хуудаснуудыг бөглөөрэй гэж зөвлөе. Үүнд өрхийн эмч давхар хяналт тавих ёстой. Уг нь ягаан дэвтрийг Монгол Улсад ашиглаад 10 гаруй жил болсон ч эцэг, эхчүүд цэнхэр хуудаснуудыг бөглөж хэвшээгүй. Эрүүл мэндийн ажилтан ч хяналт тавьж, хөтлүүлэлгүй хайнга ханддаг тохиолдол бий. Хэрэв уг дэвтрийн асуумж дахь зарим үйлдлийг хүүхэд хийж чадахгүй байвал эцэг, эхчүүд эрүүл мэндийн байгууллагад хандах ёстой. Жишээ нь, хүүхэд дөрвөн сартайдаа толгойгоо даах ёстой, шүд нь зургаан сартайдаа цухуйна. Үүнээс хоцорвол эмчид зайлшгүй хандах шаардлагатай юм.
-Манай улсад хүүхдийг 18, 36 сартайд нь хөгжлийн цогц үнэлгээнд хамруулах боломж бүрдсэн байх аа?
-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын, Эрүүл мэндийн, Боловсрол, шинжлэх ухааны сайдын хамтарсан тушаалаар хүүхдийг 18, 36 сартайд нь хөгжлийн цогц үнэлгээнд хамруулж байгаа. 18 сартай гэдэг нь тухайн хүүхдийг цэцэрлэгт орохоос өмнө эрүүл мэнд, хөгжлийн талаас нь бүрэн үнэлнэ гэсэн үг. Хүүхэд хөлд ороогүй бол хөгжлийн бэрхшээлийн шинж тэмдэг байна гэж үздэг. Үүний дараа 36 сартайд нь эл үзлэгийг дахин хийнэ. Энэ нь хүүхэд сургуульд орох бэлтгэлийг хийж буй нэг хэлбэр. Ийнхүү эрт илрүүлэг хийснээр хүүхдийг хөгжлийн хөтөлбөрт бүрэн хамруулж чадах юм. Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн бодлого, хөтөлбөрүүдийн үр дүнд манай улсад өвчлөл, нас баралт эрс буурч байгаа.
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвөөс өдгөө хүүхдүүдийг хөгжүүлэхэд чиглэсэн ямар төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаа бол?
-ЖАЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас хэрэгжүүлсэн “Тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдийн хөгжлийг дэмжих төсөл”-ийг манай төвд 2017-2019 онд туршилтаар хэрэгжүүлсэн. Үүний хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй байж болзошгүй хүүхдүүдийг эрт үед нь илрүүлж, хараагүй, суумгай болох зэрэг олон эрсдэлээс сэргийлж чадсан. Өдгөө Азийн хөгжлийн банк, ХНХЯ-ны хамтарсан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах” төслийн хүрээнд “Портеж” хөтөлбөр хэрэгжүүлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг гэр бүлийнх нь орчинд хөгжүүлэх зорилготой энэхүү хөтөлбөрийн хүрээнд Ховд, Дархан-Уул, Өвөрхангай, Дундговь, Дорнод, Хөвсгөл аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв байгуулж буй. Тэдгээр төвийг ирэх оноос ашиглалтад оруулж, үйл ажиллагааг нь эхлүүлнэ. Манай төвөөс тэдгээрт ажиллах эмч, мэргэжилтнүүдийг сургалтад хамруулж, боловсон хүчнээ бэлтгэсэн. Мөн хүүхдийг цэцэрлэгт ороход нь бэлтгэх, нийгэмшүүлэх, эцэг, эхэд зөвлөгөө өгөх, чадавхжуулах зорилготой, бүлгийн үйл ажиллагаанд суурилсан Эх, хүүхдийн хөгжлийн хөтөлбөрийг өдгөө хэрэгжүүлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг, эхийн холбоо 21 аймгийн 19-д нь салбар зөвлөл, хүүхэд хөгжлийн төвтэй. Үүгээр дамжуулан хүүхдүүдэд тусламж, үйлчилгээ үзүүлдэг.
-Зарим эцэг, эх хүүхдээ хөгжлийн бэрхшээлтэйг мэдсэн ч ямар эмчилгээ хийлгэх, хэнд хандахаа сайн мэддэггүй. Аав, ээжүүд ийм асуудалтай тулгарвал аль байгууллагад, хэрхэн хандах вэ?
-Хамгийн түрүүнд хүүхдээ сайн ажиглаж, ягаан дэвтрийн цэнхэр хуудаснуудыг бөглөх хэрэгтэй. Өрх, сумын эмч нар ч хүүхдийг үзлэгт хамруулах, өвдсөн үед нь тусламж, үйлчилгээ үзүүлэх, вакцин хийх бүртээ хөгжлийн ерөнхий үнэлгээг байнга хийх нь чухал. Өөрөөр хэлбэл, “Ханиадтай байна” гээд эм бичиж өгчихөөд гаргах биш, хүүхдийн хөгжлийг заавал үнэлж, эцэг, эхчүүдэд тодорхой зөвлөгөө өгөх хэрэгтэй. Уг үзлэгээр хөгжлийн бэрхшээлийн ямар нэг шинж тэмдэг илэрвэл аймаг, дүүргийн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмчид хандаж, оношийг тодруулна. Өөрөөр хэлбэл, үнэхээр хөгжлийн бэрхшээл бий, эсэхийг тодруулах ёстой юм. Хөгжлийн хоцрогдол бүр бэрхшээл болох албагүй. Эрт үед нь илрүүлж, эмчлэх боломжтой. Манай улсын аймаг, дүүрэг бүрт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисс гэж бий. Нэгдсэн төв комисс нь ХНХЯ-нд байрладаг. Хүүхдээ мэргэжлийн эмчид үзүүлж, бэрхшээлийн ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн бол аймаг, дүүргийнхээ салбар комисст хандаж болно. Хүүхдийг үзлэг шинжилгээнд хамруулах, цэцэрлэг, сургуульд оруулах, ямар хөтөлбөрөөр сургах боломжтойг тус салбар комиссынхон эцэг, эхчүүдэд зөвлөдөг. Тухайн комисст хүүхдийн болон мэдрэл, чих, хамар, хоолой, нүдний эмчээс гадна сэтгэлзүйч, хөдөлгөөн засалч, хэл засалч, нийгмийн ажилтан ажилладаг.
-Эрүүл хүүхэд төрүүлэх эхний алхам юу вэ. Аав, ээжүүд үүнд хэрхэн бэлдэх талаар мэдээлэл өгнө үү?
-Хүүхдийг эрүүл иргэн болгон төлөвшүүлэхэд олон талын хамтын ажиллагаа шаардлагатай. Нэгдүгээрт, хүүхэд төрүүлж, эцэг, эх болохоос хариуцлага эхэлнэ. Залуус хайр сэтгэлээрээ гэрлэж, хүүхэдтэй болдог. Ингэхдээ үр хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээж, эрүүл саруул өсгөн, Монгол Улсынхаа иргэн болгож төлөвшүүлж, хүмүүжүүлэх үүрэгтэй. Жишээ нь, эрүүл хүүхэд төрүүлэхэд жирэмслэх хугацаа их чухал. Хоёр жил дараалан хүүхэд гаргах уу, эсвэл нэг хүүхэд төрүүлчихээд 3-4 жилийн дараа дахин жирэмслэх үү гэдгээ тухайн гэр бүл сайн төлөвлөж, эрүүл мэнддээ анхаарах ёстой. Нөгөө талаас гэр бүлийн амьдралын орчин, эцэг, эхийн мэргэжил, өрхийн орлого ч хүүхдийн хөгжилд нөлөөлдгийг санах нь зүйтэй юм. Орлого багатай, хоногийн хоолоо арайхийн олдог айлд хүүхэд хэвийн өсөж, хөгжихөд бэрх. Учир нь хоол тэжээлээс шалтгаалаад тухайн хүүхдэд шаардлагатай аминдэм дутагдаж, тархины хөгжил нь доройтох магадлалтай. Мөн жирэмсэн ээж ямар хоол хүнс хэрэглэхээс ургийн хөгжил хамаардаг. Цаашлаад өнөөгийн нийгэм, эцэг, эхийн хүмүүжил, орчиндоо дасан зохицож амьдрах чадвар, стресс ч ургийн хөгжилд нөлөөлнө. Гэр бүлийн, ажлын, нийгмийн стрессээ даван туулж чадаагүйгээсээ болоод архи ууж, согтууруулах ундааны хамааралтай болдог хүн цөөнгүй. Тиймээс залуус гэр бүлээ батлуулахаас, бас хүүхэдтэй болохоор төлөвлөхөөс өмнө эмчийн үзлэгт хамрагдаж, эрүүл, эсэхээ мэдэх ёстой. Хэрэв өвчин эмгэгтэй байвал эмчлүүлж, гэр бүлээрээ ярилцан, хэзээ хүүхэдтэй болох, хэдэн хүүхэд өсгөх боломжтойгоо нарийн төлөвлөх нь чухал. Ээж, аав нь ч үр хүүхдэдээ энэ талаар зөвлөж, чиглүүлэх хэрэгтэй. Мөн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн анхааруулга, зөвлөмж чухал.
-“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ тусгай бус, энгийн сургуульд сургая” гэдэг хандлага олон нийтийн сүлжээнд нэлээд хүчтэй давлагаалж байна. Манай улсад ийм боломж нөхцөл буюу хууль, эрх зүйн орчин хангалттай бүрдсэн, хүүхдийг боловсролын үнэлгээнд тэгш хамруулах боломжтой гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас өмнө нь мэдээлж байсан.
-Тухайн сургуульд сурч байгаа хүүхдүүд, багш нар, удирдлага үүнд чухал нөлөөтэй. Хоёрдугаарт, тэргэнцэртэй хүүхэд нэгдүгээр ангид ороход сургууль нь налуу шаттай юу гэдгээс асуудал эхэлнэ. Орчны бэрхшээл их л дээ. Ер нь дэлхий нийтэд хэрэв та хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ойлгохгүй бол өөрөө хөгжлийн бэрхшээлтэй гэсэн чиг хандлага төлөвшсөн. Бид наад зах нь дохионы хэлээр ярьж чадахгүй, брайл үсэг уншиж мэдэхгүй нь хөгжлийн бэрхшээлтэйгээс ялгаагүйг илтгэдэг. Хөгжлийн бэрхшээлтэй хүн харж, сонсож чадахгүй ч бидний яриаг ойлгож, уншиж чадна. Бид харин тэднийг ойлгохгүй байгаагаараа хөгжлийн бэрхшээлтэйд тооцогдох гээд байна.
-Ерөнхий сайд өнгөрсөн зургадугаар сард танай төвд ажиллаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлтэй уулзсан. Энэ нь шийдвэр гаргах түвшинд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд ихээхэн дэмжлэг үзүүллээ гэж харсан.
-Төр, засгаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ сонсож, ойлгож байна. Зургадугаар сарын 3-нд Ерөнхий сайд манай төвд ажиллаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлтэй уулзлаа. Иргэд саналаа Засгийн газрын тэргүүнд нээлттэй хэлж, хэлэлцэх боломж олдсон. Үүний дараа Ерөнхий сайд Ч.Ундрахбаяр гэх залууг орон тооны зөвлөхөөрөө урьж ажиллуулахаар шийдвэрлэсэн нь маш зөв зүйтэй алхам болсон гэж харж байна. Мөн манай төв 180 ажилтантай. Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ажилтны тооноос хамаарч хөгжлийн бэрхшээлтэй найман хүн ажиллуулах ёстой. Бид уг квотоо давуулан биелүүлж, хөгжлийн бэрхшээлтэй 21 хүн ажиллуулдаг. Тухайлбал, статистик мэдээлэл хариуцсан ажилтан маань МУИС-ийг төгсөөд, манайд ажиллаж эхэлсэн. Сургуулиа төгсөнгүүтээ дахин МУИС-ийн магистрын ангид элсээд, энэ жил төгслөө.
Эх сурвалж: ХНХЯ