Манай Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн БНХАУ-д зохион байгуулагдаж буй энхийг дэмжих ажиллагааны “Хамтын хувь заяа-2021” олон улсын хээрийн сургуульд оролцож байна. Энхийг дэмжих ажиллагааны “Хамтын хувь заяа-2021” олон улсын хээрийн сургуулийн нээлтийн ажиллагаа 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр БНХАУ-ын Хөнань мужийн Жу Мадянь хотод байрлах ХАЧА-ийн Куесан тактикийн нэгдсэн сургалтын баазад боллоо.
Сургуулийн нээлтийн ажиллагаанд БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн Нэгдсэн штабын даргын туслах хошууч генерал Ли Бинь, ХАЧА-ийн ХЗЦ-ийн орлогч командлагч дэслэгч генерал Дэн Жипин, Төв байлдааны тойргийн орлогч командлагч бөгөөд тус тойргийн ХЗЦ-ийн командлагч дэслэгч генерал Фань Чөнцай, ХАЧА-ийн ХЗЦ-ийн Штабын даргын туслах хошууч генерал Чөн Чүньгуо, ХАЧА-ийн 82 дугаар армийн командлагч хошууч генерал Дуань Инминь тэргүүтэй албаны төлөөлөгчид, сургуульд оролцогч Хятад, Монгол, Пакистан, Тайланд Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид оролцов.
Тус энхийг дэмжих ажиллагааны олон улсын хээрийн сургууль нь Хятадын Зэвсэгт хүчний хувьд анх удаа зохион байгуулж байгаагаар онцлог бөгөөд Хятад, Пакистан, Монгол, Тайландын явган цэрэг, инженер, эмнэлэг, нисдэг тэрэг, түргэн байрлах хүчин зэрэг энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэдэг үндсэн төрөл мэргэжлийн 750 гаруй цэргийн алба хаагч оролцож, тагнуул болон хамгаалалт зохион байгуулах, эргүүл хийх, энгийн иргэдийг хамгаалах, хүчирхийлэл, террорист халдлагыг няцаах, хүний эрхийн зөрчлийг шалган тогтоох, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах, гал зогсоох гэрээний хэрэгжилтэд хяналт тавих зэрэгНҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны үндсэн үүргүүдийг гүйцэтгэх чиглэлээр хэсэгчилсэн болон нэгдсэн сургалт, дадлагад хамрагдана.
Энэхүү сургууль нь “Олон улсын энхийг сахиулах хүчний нэгдсэн ажиллагаа” сэдвийн хүрээнд явагдаж байгаа тус сургуулийн зорилго нь НҮБ-ын “Энхийг сахиулах үйл ажиллагааны төлөө” санаачлагыг дэмжих, хүн төрөлхтөний хамтын хувь заяаны нийгэмлэгийг байгуулах, оролцогч улсуудын хамтын ажиллагааг ахиулах, энхийг сахиулах бэлэн байдлын хүчний үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэх үндсэн зорилготой.
Монгол Улсын Зэвсэгт хүчнийг төлөөлж тус олон улсын сургуульд 28 хүний бүрэлдэхүүнтэй мотобуудлагын салаа оролцож байна.Сургууль зохион байгуулагч талаас тавьсан шаардлагын дагуу цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор манай цэргийн алба хаагчид Монгол Улсад 5 хоног,БНХАУ-ын Эрээн хотод 21 хоног тусгаарлалт, ажиглалтын дэглэмд хамрагдсан.Сургууль салаадын хээрийн сургууль, нэгдсэн дадлага, үзүүлэх сургууль явуулах гэсэн 3 үе шаттай явагдаж, 9 дүгээр сарын 15-ны өдөр өндөрлөнө.