WorldFocus

“Степ Голд Лимитед” Монголын Хөрөнгийн биржид хувьцаагаа гаргана

Канад улсын Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Степ Голд Лимитед” Монголын Хөрөнгийн биржид давхар бүртгүүлж, хувьцаагаа гаргахаар болжээ. Ингэснээр үндэсний үнэт метал үйлдвэрлэгч тус компани олон нийтээс хөрөнгө оруулалт татах гэнэ. Энэ төслийн үндсэн андеррайтераар “Ард Секюритиз” ҮЦК-ийг сонгон ажиллуулахаар болжээ. Давхар бүртгэл хийж, хувьцаагаа арилжаалах зөвшөөрлийг тус компанид СЗХ-ноос өгөөд байна. 

“Степ Голд” компани Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд Алтан Цагаан Овоо төслийн талбайд уурхай, олборлолтын үйл ажиллагаа явуулдаг. Нийт 300 орчим ажилтантай, орон нутгийн иргэд ажилчдын 75 хувийг бүрдүүлж байна. 

“Степ Голд Лимитед” 2018 онд Торонтогийн Хөрөнгийн биржид анхдагч хувьцаа гаргаж, олон улсын хөрөнгө оруулагч нарт төслөө танилцуулж, 25 сая канад долларыг татан төвлөрүүлжээ. Алтан Цагаан Овоо төслийн олборлох үйл ажиллагаа 2020 онд эхэлж, Монголбанкинд 1 тонн үнэт металл тушааж, үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байна.

Төслийн II шатанд хүчин чадлаа 3 дахин нэмэгдүүлж, ажиллах хүчний тоогоо 500 болгох төлөвлөгөөтэй. Мөн төсөл хэрэгжих хугацаанд улсын төсөвт 242 тэрбум төгрөг, орон нутгийн төсөвт 43 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс гадна орон нутгийн хөгжилд 11.4 тэрбум төгрөг зарцуулахаар зорин ажиллаж байна. 

Монголын Хөрөнгийн бирж дэх хувьцааны анхдагч зах зээлд компанийн 1.1 сая ширхэг энгийн хувьцааг санал болгон 5 тэрбум төгрөгийн хөрөнгө татан төвлөрүүлэх юм. Үүнээс анхдагч зах зээлд санал болгон арилжаалах хувьцааны 50 хувь буюу 555,555 ширхгийг тогтоосон үнийн аргаар нэг бүрийг 4,500 төгрөгөөр стратегийн хөрөнгө оруулагчдад, үлдсэн 50 хувь буюу 555,555 ширхэгийг тогтоосон үнийн аргаар нэг бүрийг 4,500 төгрөгөөр олон нийтэд санал болгох аж.

Хөндлөнгийн хараат бус 5 шинжээчдийн дүгнэлтээр хувьцааны үнийг 4.09 канад доллар хүрнэ гэж таамаглаж байна. Ийнхүү олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгийг Алтан Цагаан Овоо төслийн II шатны бүтээн байгуулалтад буюу шинэ бутлах үйлдвэрийн барилга байгууламжийн ажил болох бутлагч төхөөрөмжийн суурилуулалт, угсралтын ажилд зарцуулах аж.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close