Герман улстай технологи, инженерингээр хамтран ажиллана
Төр, засгаас бизнесийн төлөөллийн байгууллагатай хамтран ажиллах хүрээнд УИХ-ын даргын дэргэд Худалдаа, аж үйлдвэрийн зөвлөлийг байгуулан ажиллаж байна. Энэ дагуу Засгийн газраас зарласан эдийн засгийг эрчимжүүлэх, тэргүүлэх 100 төслөөс тодорхой хэсгийг нь МҮХАҮТ-ыг түшиглэн төсөл, менежмент, гүйцэтгэлийн хамтарсан компани байгуулан хэрэгжүүлэх боломжтой гэж үзжээ.
Энэ хүрээнд Герман улстай технологи, инженерингийн чиглэлд хамтран ажиллах талаар МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн Герман улсын ЭСЯ-ны дэд тэргүүн, хатагтай Регина Рутенбергийг /2021.06.14/ хүлээн авч уулзах үеэр ярилцлаа.
Уулзалтаар МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн Монгол-Германы эдийн засгийн харилцаа хангалттай түвшинд хүрээгүйг дурдаад нүүрс угаах болон зэс хайлуулах үйлдвэрүүдэд Германы сайн чанарын техник, технологийг ашиглах, ХБНГУ-ын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар санал солилцов.
Түүнчлэн уул уурхайн бус экспортын тогтолцоог бий болгох хүрээнд МҮХАҮТ-ын дэмжлэгтэй самар боловсруулж үйлдвэрлэх кластер байгуулж, Европын зах зээлд ямар нэгэн дундын зуучлагчгүйгээр шууд экспортлох боломжийн талаар ярилцаж, цаашид илүү нарийвчилсан төлөвлөгөө гарган, хамтран ажиллахаар тохиролцлоо.