“Инвескор ББСБ” ХК үнэт цаас гаргалаа
Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Инвескор ББСБ” ХК хөрөнгийн зах зээлээс 20 тэрбум хүртэлх төгрөгийг татан төвлөрүүлэхээр үнэт цаас гаргаж байна. Энэ хүрээнд өрийн хэрэгслийн “Инвескор Бонд” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны эхний ээлж (транч 1)-ийн анхдагч зах зээлийн арилжааг эхлүүлэх ёслол /2021.06.14/ Хөрөнгийн биржид боллоо.
Ёслолд СЗХ-ны дэд дарга Т.Цэрэнбадрал, Монголын Хөрөнгийн бирж ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Х.Алтай, “Инвескор ББСБ” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баясгалан, “Инвескор Капитал ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Уянгахишиг нар оролцож цан цохилоо.
“Инвескор ББСБ” ХК хувийн хэвшлийн түүхэнд хамгийн өндөр дүн бүхий нээлттэй өрийн хэрэгслийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ.
“Инвескор Бонд” хөтөлбөрийн хүрээнд нэг бүр нь 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэтэй нийт 200 мянга хүртэлх ширхэг үнэт цаасыг зах зээл дээр гаргаж байна. Тус бонд нь 2 жилийн хугацаатай, жилийн 12-14 хувийн өгөөжтэй бол хүү төлөх давтамж хагас жилд нэг удаа, хүүгийн орлогын албан татвар 5 хувь байх юм.
Арилуааны эхний ээлж (транч 1)-ийн хувьд 8 тэрбум төгрөг хүртэлх дүнтэй өрийн хэрэгслийг жилийн 13 хувийн хүүтэйгээр худалдан борлуулах юм. Эхний ээлжийн зах зээлийн арилжааны захиалгыг өнөөдрөөс буюу 6 дугаар сарын 14-16-ны 10.00-16.00 цагт Хөрөнгийн биржийн гишүүн, үнэт цаасны бүх компаниар дамжуулан хүлээн авч эхэллээ. Үнэт цаасны танилцуулгыг Энд дарж үзнэ үү.
“Инвескор ББСБ” ХК нь Монголын Хөрөнгийн биржийн TOП-20 индекст багтдаг, хувийн хэвшлийн түүхэнд хамгийн өндөр дүн бүхий нээлттэй өрийн хэрэгслийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Үнэт цаасны танилцуулгыг Энд дарж үзнэ үү.