Уул уурхайОрон нутагFocus

Эрдэнэт хотын усан хангамж 40 жилээр уртсана

Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдэж, хот өргөжихийн хэрээр цэвэр усны хэрэглээ өсч буйг харгалзан үзэж усан  хангамжийн төв шугам хоолойг шинээр тавих ажлыг эхлүүлээд байна.

Эрдэнэт үйлдвэрийн Ус хангамжийн цех Сэлэнгэ мөрний хөвөөнөөс Эрдэнэтийн усан сан хүртэл татсан хос шугам хоолойгоор хоногт 62000 м3 орчим цэвэр ус татаж, хэрэглэгчдэд түгээдэг. Хос шугамын нэг нь 1976 онд, нөгөө нь 1988 онд ашиглалтад орсон бөгөөд олон арван жилийн хэрэглээ эдэлгээний явцад нимгэрч ажлын ачаалал даахгүй эрсдэл үүсэх хэмжээнд хүрчээ.

Хэрэв нэг шугаманд гэмтэл гарвал зөвхөн ганцаар үйлдвэрийн болон хотын цэвэр усыг хангаж чадахгүй. Иймээс үйлдвэрийн газрын удирдлагууд гурав дахь шугамыг татахаар шийдвэрлэсэн. Уг ажлыг “Happy Building”, “Bridge Constructian” компани гүйцэтгэж байгаа одоогоор 24 км сувгийн ухалт хийгджээ.

Ойролцоогоор 20 км орчим ган хоолой газар дээр нь татан авчирч, 3400 м гагнуурын ажил хийгдээд байна. Мөн цахилгаан холбоо, усны шугамуудын байршлын зургуудыг улаан шугамын дагуу газар дээр нь үзэж нягтлах ажил хийгдлээ.

Эрдэнэт үйлдвэр усан  хангамжийн төв шугам хоолойг шинээр тавих ажлыг богино хугацаанд гүйцэтгэхээр зорьж байгаа ч жилийн дөрвөн улиралтай манай орны хувьд нэг зун хийчих ажил биш болохыг мэргэжилтүүд онцолсон. Шинэ шугам ашиглалтад орсноор техникийн боломж нэмэгдэж үйлдвэрийн төдийгүй Эрдэнэт хотын усан хангамжийн найдвартай ажиллагаа 40 жилээр уртсах юм.   

М.ОДГЭРЭЛ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close