Уул уурхайFocus

Дархлаажуулалтын багийн ажилтнуудаа урамшуулав

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ цар тахлаас сэргийлж, уурхайчдаа, тэдний гэр бүл цаашилбал Орхон аймгийн ард иргэдийг хамгаалах  зорилгоор дархлаажуулалтыг өнгөрсөн 3 сарын сүүлээр зохион байгуулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар, нийт ажилтны 99 хувь буюу 7589 нь эхний тун, 4888 ажилтан хоёр дахь тунгаа хийлгээд байна. 

Ерөнхий захирал Х.Бадамсүрэн вакцинжуулалтын ажлын явцтай танилцаж, багийн бүрэлдэхүүнд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудтай уулзав. Энэ үеэр цар тахалтай нүүр тулж, цагийн өндөр ачаалал, хуваарийн дагуу ажиллаж байгаа эмч сувилагчиддаа талархал илэрхийлэхийн зэрэгцээ цалин хөлс, илүү цагийн нэмэгдлээс гадна мөнгөн урамшуулал олгох тухай үйлдвэрийн Ерөнхий захирлын 2021 оны 4 сарын 29-ны өдрийн тушаал хэрэгжиж эхэлснийг танилцууллаа. Өөрөөр хэлбэл, дархлаажуулалтын багт ажиллаж байгаа Эрдэнэт сувиллын цогцолборын нэр бүхий 52 эмнэлгийн ажилтанд нийт 28.8 сая төгрөгийн нэмэгдэл урамшуулал олгохоор болжээ. Мөн Эмнэлэг сувиллын цогцолборын ажилтнуудад 670 орчим сая төгрөгийн илүү цагийн хөлс олгоод байна.

Эрдэнэт үйлдвэр вакцины хоёр дахь тунг өнгөрсөн сарын 26-нд эхэлсэн. Тэгвэл уурхайчдаа энэ сарын дундуур хоёр дахь тунд бүрэн хамруулах бол ахмадууд, мэргэшлээс шалтгаалах өвчний улмаас хувь тогтоолгосон ажилтнууд, уурхайчдын ар гэрийнхнийг ирэх 6 дугаар сарын 8-ны дотор дархлаажуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.  

М.Балжинням
Фото Ш.Лхамсүрэн

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close