WorldЭдийн засагОнцлох

Их Британи Улсад эдийн засгийн гэмт хэрэг дээд хэмжээндээ хүрчээ

Хээл хахууль, авлигын улмаас жил бүр олон их наяд ам.доллар хохирол учирч байна. Үүний тэн хагас нь байгууллагын ажилтнууд болон гүйцэтгэгч этгээдтэй холбоотой байдаг.

Их Британи Улсын 2010 онд батлагдсан Хахуулийн тухай хууль болон Гадаад авлигын үйл ажиллагааны тухай хуульд гэм буруутай этгээдэд нэн хүнд хариуцлага ногдуулахаар хуульчилсан байдаг. Гэвч НҮБ-аас гаргасан тооцооллоор жил бүр нэг их наяд ам.доллар хээл хахуульд төлөгдөж, хоёр их наяд гаруй ам.долларын хохирол авлигын улмаас учирч байна.

Дэлхийн томоохон аудитын компаниудын нэг болох “Пи Даблю Си” (PwC) компанийн хийсэн Дэлхийн эдийн засгийн гэмт хэргийн судалгаанаас харахад Их Британи Улсад эдийн засгийн гэмт хэрэг сүүлийн 24 сарын хугацаанд дээд хэмжээндээ хүрчээ.

Судалгаанд хамрагдсан Их Британийн бизнес эрхлэгчдийн 56 хувь нь залилан, авлига, бусад эдийн засгийн гэмт хэрэгт өртсөн гэж мэдэгджээ. Хачирхалтай нь энэхүү 2020 оны үзүүлэлт нь уг судалгаанд бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт бөгөөд дэлхийн дундаж үзүүлэлтээс 47 хувиар илүү байна.

Засаглал, ил тод байдлаар дэлхийн хэмжээний үйл ажиллагаа явуулдаг “Кролл” байгууллагын гаргасан “Дэлхийн 2019, 2020 оны залилан ба эрсдэлийн тайлан”-д хахууль, авлигын гэмт хэрэгтнүүдийн 27 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагын ажилтнууд, 22 хувь нь гүйцэтгэгч этгээд байдаг гэж тайлагнасан.

Тэгэхээр компаниуд өөрсдийн үйл ажиллагаан дахь хахууль, авлига, ялангуяа ажилтан, гүйцэтгэгч этгээдийн хоорондын авлигаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? Үүний тулд юуны өмнө хээл хахууль, авлига байж болзошгүй дараах шинж тэмдгийг анхаарах хэрэгтэй.

1. Шаардлагагүй, эсвэл тохиромжгүй бараа, үйлчилгээ худалдан авах

Заримдаа авлигын төлбөрийг бодит зардал гэж нуун дарагдуулсан байж болно. Хэрэв ажилтан илт хэрэгцээ шаардлага үүсээгүй байхад бэлтгэн нийлүүлэгч, гүйцэтгэгч компаниас онцын шаардлагагүй эсвэл тохиромжгүй зүйлс худалдаж авах нь авлига байж болзошгүй харилцааны илрэл гэж үзэж болох юм.

Бага хэмжээгээр байнга хийгддэг захиалга болон их хэмжээний худалдан авалтыг анхааралтай судалж үзэх хэрэгтэй. Ялангуяа худалдан авсан зүйлтэй холбоотой ямар нэгэн эрэлт хэрэгцээ гараагүй үед уг худалдан авалтыг анхааралтай судлах хэрэгтэй.

Урьдчилан сэргийлэх арга хэмжээ:

  • Худалдан авалтын захиалгыг давхар шалгаж байх, бараа хүлээн авсан баримтыг шалгаж баталгаажуулж байх
  • Тодорхой шалгуур тавиад, уг шалгуурыг давсан бүх худалдан авалтын хувьд бодит хэрэгцээ үүссэн эсэхийг шалгах

2. Эргэлзээтэй нэхэмжлэл

Авлигын төлбөр,хахуулийг нэхэмжлэлээр нуун дарагдуулсан байж болно. Жишээлбэл, ямар нэгэн бодит ажил хийгдээгүй, ямар нэгэн дагалдах баримт бичиггүй нөхцөлд бичигдсэн нэхэмжлэл нь аж ахуйн нэгж, байгууллагын хөрөнгийг бусдад шилжүүлэх нэг арга зам байж болзошгүй байдаг. Түүнчлэн нэмэлт төлбөр, зардал, хураамж хэлбэрээр нэхэмжилсэн дүн нь авлигын төлбөрийг нуун дарагдуулсан байж болзошгүй юм.

Хэт өндөр дүнтэй нэхэмжлэл болон эцсийн үр дүн буюу гарц нь тодорхойгүй эсвэл үл тохирох ажлын нэхэмжлэл зэргийг анхаарч үзэх хэрэгтэй. Түүнчлэн аливаа төлбөр, хураамж, зардлыг дагалдах баримт бичиггүй нэхэмжилсэн бол анхааралдаа авах шаардлагатай. Дээр дурдсан эргэлзээтэй нэхэмжлэлийн шинж тэмдэг ажиглагдсан тохиолдолд тухайн нэхэмжлэлийг хээл хахуулийн төлбөрийг санхүүжүүлэхэд ашиглаж байгаа гэж үзэх боломжтой юм.

Урьдчилан сэргийлэх арга хэмжээ:

  • Аливаа бэлтгэн нийлүүлэгч, гэрээт гүйцэтгэгч компани, зөвлөхтэй гэрээ байгуулахаас өмнө тэднийг судалж, шалгаж байх. Тэдний өмнөх түүх баталгаатай бөгөөд санал болгож буй бараа, үйлчилгээг хүргэхэд шаардлагатай нөөц, туршлагатай эсэхийг нягтлах
  • Зах зээлийн ханшнаас хэт өндөр үнэ бүхий нэхэмжлэхийг анхаарч үзэх
  • Бизнесийн бүх харилцаанд зохистой хяналт, мониторинг хэрэгжүүлэх
  • Тайлбаргүй зардал, төлбөрийг баталгаажуулж, гарын үсэг зурахаас өмнө асууж лавлаж байх

3. Чанар муутай бараа, үйлчилгээг хүлээн авсаар байх

Хэрэв бараа, үйлчилгээтэй холбоотой гомдол гаргах ёстой боловч ажилтан үүнийг үл тоож, уг бараа, үйлчилгээг хүлээн авсаар байвал энэ нь авлига байж болзошгүйг илтгэх шинж тэмдэг юм.

Энэ тохиолдолд тухайн ажилтан бэлтгэн нийлүүлэгч эсвэл туслан гүйцэтгэгчээс шан харамж авч байгаа эсэхийг анхаарах хэрэгтэй.

Залруулах арга хэмжээ:

  • Худалдан авалтын гэрээтэй холбоотой хамтын шийдвэр гаргахыг шаардах;
  • Ажилтны томилгоог хэн нэг албан тушаалтан дан ганцаар хянадаггүй байх;
  • Гаргасан бүх шийдвэрийг ахлах түвшний удирдлага зөвшөөрч, баталгаажуулдаг байх
  • Нийлүүлэгчтэй харилцах харилцаанд зохих хяналт, мониторинг хэрэгжүүлж, тэдгээрийн гүйцэтгэлд тогтмол хяналт тавих
  • Бүх бэлтгэн нийлүүлэгчдийн өмнөх түүх баталгаатай бөгөөд санал болгож буй бараа, үйлчилгээг хүргэхэд шаардлагатай нөөц, туршлагатай эсэхийг нягталж байх

4. Ашиг сонирхлын зөрчил

Ажилтан, бэлтгэн нийлүүлэгч, гүйцэтгэгчийн хооронд нягт уялдаа холбоо, хамаарал байгаа тохиолдолд хахууль, авлигын эрсдэл нэмэгдэж болзошгүй байдаг. Муугаар бодоход хамаатан садан, найз нөхдийн харилцаа нь гаргах шийдвэрт саад болж, байгууллагын ашиг сонирхолд нийцэхгүй буруу шийдвэр гаргахад хүргэж болзошгүй юм. Үүний зэрэгцээ энэ байдал нь авлига бий болох нөхцөлийг бүрдүүлэх магадлалтай.

Ажилтан тодорхой ажил, гүйлгээ, томилгоонд хувийн болон эдийн засгийн ашиг сонирхол байгаа эсэхийг анхаарах хэрэгтэй. Тэд хувийн ямар харилцаатай вэ? Тэдэнд ойр дотно холбоо харилцаа байгаа юу? Зарим бэлтгэн нийлүүлэгчтэй холбоотойгоор ажилтнуудын зан байдал өөрчлөгддөг үү? Тэд сэжигтэй бөгөөд ердийн бус үйлдэл гаргаж байна уу? Ажилтан дангаараа тодорхой бэлтгэн нийлүүлэгчтэй харилцахыг шаардсан уу? зэрэг асуултын хариултыг олсноор ашиг сонирхлын зөрчлийг тогтоох боломжтой.

Урьдчилан сэргийлэх арга хэмжээ:

  • Ажилтнуудын сонирхлын зөрчлийг бүртгэх системийг хэрэгжүүлэх;
  • Томилгоо хийж, шийдвэр гаргахаас өмнө ашиг сонирхлын зөрчлийг заавал шалгаж байх
  • Бэлтгэн нийлүүлэгч, гэрээт гүйцэтгэгч, зөвлөхийг ажиллуулахаас өмнө тэднийг судалж, шалган, хэн болохыг нь сайтар шалгах
  • Мерит зарчимд үндэслэн томилгоо хийж, худалдан авалтын шийдвэр гаргах
  • Бэлтгэн нийлүүлэгчтэй хувийн дотно харилцаатай эсвэл холбоотой ажилтнуудыг шийдвэр гаргах үйл явцад оролцуулахгүй байх
  • Хэт нэг талыг баримталсан хандлага (жишээлбэл, хэт магтах, ойр дотно байх, ухамсаргүй хэвийх) -аас зайлсхийж, энэ нь шийдвэр гаргахад хэрхэн нөлөөлж болохыг анхаарах. Шийдвэр гаргахад олон хүмүүсийг татан оролцуулснаар хэт нэг талыг баримталсан хандлага болон хэвшмэл хандлагыг багасгаж чадна. Гэхдээ хамтын шийдвэр гаргалтыг анхаарах хэрэгтэй.

5. Шаардлага хангаагүй гуравдагч этгээд

Хахууль, авлига нь зуучлагч, төлөөлөгчөөр дамжин гарч болзошгүй байдаг.

Аливаа аж ахуйн нэгж, байгууллагатай харилцаж байгаа гуравдагч этгээд нь гэрээ байгуулсан ажлыг гүйцэтгэх чадваргүй, үйл ажиллагаа явуулж буй салбартаа туршлагагүй, ажил гүйцэтгэхэд шаардлагатай байгууламж, нөөцгүй, гадаадын төрийн албан тушаалтны санал болгосны дагуу гэрээ байгуулсан, хууль эрх зүй, төрийн албаны шат дарааллыг хялбар даван туулах чадвартай юм шиг санагдаж байвал сэжигтэй байдгийг анхаарах хэрэгтэй.

Урьдчилан сэргийлэх арга хэмжээ:

  • Бэлтгэн нийлүүлэгч, гэрээт гүйцэтгэгч, зөвлөхийг ажиллуулахаас өмнө тэднийг судалж, шалган, хэн болохыг нь сайтар шалгах
  • Хэрэв ямар нэгэн зүйл ул үндэслэлгүй санагдвал асууж, лавлаж байх – харалган байдал нь хамгаалалт биш юм.

6. Бүрэн бус томилолт ба зардал

Хээл хахууль, авлигын төлбөрийг томилолтын зардал, хөнгөвчлөх төлбөр байдлаар нууж болно. Аливаа зардлыг зөвхөн холбогдох баримтад үндэслэн гаргадаг.

Холбогдох дагалдах баримт байхгүй эсвэл ул үндэслэлгүй нөхцөлд томилолтын болон бусад зардлыг анхаарч үзэх хэрэгтэй. Энэ нь байгууллагын дотоод дахь залилан эсвэл байгууллагын мөнгийг зохисгүй зүйлд ашиглаж байгаа гэх зэрэг илүү том хэргийн шинж тэмдэг ч байж болох юм.

Урьдчилан сэргийлэх арга хэмжээ:

  • Томилолт болон бусад зардлын төлбөрийг ажилтанд олгохдоо шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж, тухайн орон нутгийн удирдлагаар баталгаажуулсан байх
  • Зардлын бодлого боловсруулж, тодорхой босгыг тогтоох ба үүнийгээ байнга таниулан ойлгуулах
  • Асууж лавлаж байх, ялангуяа үндэслэлгүй зардал эсвэл давтан гарсан зардлын талаар асууж байх

Хахууль, авлигын болзошгүй шинж тэмдгүүдийн талаар мэдэж авснаар аж ахуйн нэгж, байгууллагыг хуулийн хариуцлагаас хамгаалж, нэр хүндээ хамгаалахад чухал ач холбогдолтой юм. Хүмүүс дээрх шинж тэмдгийг мэдэж байхын зэрэгцээ зохих арга хэмжээг авч хэрэгжүүлдэг байх нь авлигаас урьдчилан сэргийлэх эхний алхам болно.

Эх сурвалж: АТГ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close