БоловсролНийтлэлFocus

“Хүүхэд ууртай хүний үгэнд орох дургүй”

Хүүхдийн хүмүүжил, төлөвшилтийн талаар асар их ярьдаг Францын сэтгэлзүйчид хүүхдийг чиглэсэн хүмүүжил нь чимээ шуугиан багатай, үл анзаарагдам байх ёстой гэж үздэг. Учир нь хүүхдийн төлөвшил гэр дотор, томчуудын хараан дор явагддаг тул тусгайлан үзэх учиргүй юм.

Францын сэтгэлзүйч Р.Ласло хүүхэд хүмүүжүүлэх энгийн хэдэн зарчмыг эцэг эхчүүдэд санал болгож байна.

Нэг: Хүүхдийг хэзээ ч бүү албадан хоолло. Хоол хүмүүжил хоёр ямар хамаатай юм гэж зарим нь бодох байх. Гэтэл хүүхдийн хүмүүжил, түүнд хүрэх алхам нь өдөр тутмын жижиг процесс, явц дундаас эхэлдэг. Хоолоо албадуулж идээд сурчихсан хүүхэд хожим нь дур зоргоороо, бусдын санал бодлыг хүлээн авах дургүй нэгэн болох гэмтэй. Та хоолоо хийж ширээгээ засчхаад хооллохыг л уриал. Хэрэв хүүхэд хооллох дургүй байгаа бол өлсөөгүй байна л гэсэн үг.

Хоёр: Хүүхэд тань тоглоомоо эвдчихвэл бүү уурла. Ялангуяа эрэгтэй хүүхэд багаасаа янз бүрийн тоглоомыг эвлүүлж, эвдэлж тоглох дуртай байдаг. Энэ нь сахилгагүйтэл биш, танин мэдэхүйн сэтгэлгээ нь нөлөөлж буй хэрэг. Яагаад чухам ингэж хийв, дотор нь юу байгаа бол гэх мэтийн сониуч зандаа хөтлөгдөж байгаа нь тэр. Хүүхэд сониуч зантай байна гэдэг сайшаалтай хэрэг. Та түүнийг зэмлэхийн оронд хамтарч, тоглоомын учрыг олох гэж хичээвэл нөгөө яриад байдаг хүүхдийн хүмүүжил үргэлж яншихгүйгээр зөв гольдрол руугаа явж байна гэсэн үг. Мөн хүүхдийн сэтгэлгээ, уран зөгнөлийн цар хүрээ өргөжин тэлж байгаа нь нэн чухал юм шүү.

Гурав: Та хүүхдээ байнга удирдаж “тэрийг тэг”, “энийг ингэ” гэх мэтчилэн командалдаг бол үүнийгээ боль. Өөрийн үзэл бодолгүй, бусдын нөлөөнд амархан ордог иргэнийг төлөвшүүлэх гээгүй биз дээ. Хүүхдэд аливаа юмыг зааж зааварлахдаа өөрөө биечлэн үзүүл. Ороо хураа гэж үглэхээс өмнө яаж хураавал зохимжтойг харуул. Харин энэ үедээ уурлах, уцаарлах байдал огт гаргаж болохгүй. Хэрэв та хүүхдэд уурлаж юм заадаг бол бүр больсон нь дээр. Учир нь хүүхэд ууртай хүний үгэнд орохоо больчихдог юм.

Дөрөв: Хүүхдэд талархах сэтгэлийг суулга. Хожим хүүхэд тань сайн хүн болоосой, таныг асраасай гэж хүсдэг бол ийм сэтгэлийг төлөвшүүл. Хүмүүжлийн тухай зузаан ном барихаас илүү хүүхдэд хүнтэй мэндлэх, баярлах, уучлах үгсийг хэлж сургах нь шалихгүй мэт боловч хожмын их ач холбогдолтой.

Эх сурвалж: BOOK

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close