Усны газарт groundwater.mn нэгдсэн порталыг хүлээлгэн өгөв
Дэлхийн банкны дэргэдэх 2030 Усны нөөцийн бүлгийн Монгол дахь хөтөлбөрийн газраас Улсын усны хяналт шинжилгээний groundwater.mn нэгдсэн порталыг ЗГХАгентлаг Усны газарт хүлээлгэн /2021.03.15/ өглөө. Өнөөдрийн байдлаар Монгол орны хэмжээнд байгаа 280 гаруй газрын доорх усны мониторингийн цэгийг нэгдсэн сүлжээнд бүрэн холбоод байна.
Хяналтын цооногуудыг сүлжээнд холбосноор газрын доорх усны ашиглалт, олборлолт, хэрэглээ, хур тундасны хэмжээ зэргийг судалж, мэдэх боломж бүрдэж байгаа юм. Ингэснээр тухайн сав газар, компанийн ус ашиглалт, олборлолтын хэмжээг зохицуулах, хяналт тавих, зүй зохистой, нөөцөд тулгуурласан ашиглалтын горимыг мөрдүүлэх боломжтой болж байна. Түүнээс гадна томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг төлөвлөхдөө ч суурь судалгаа болгон ашиглаж болох юм.