Уул уурхайЯрилцлага

Ж.Батцэцэг: Цахилгаан дэлхий ертөнцийг гэрэлтүүлдэг

Март 8-ныг тохиолдуулан Эрдэнэт үйлдвэрийн Шилдэг нэгэн гэр бүлийн эзэгтэй Ж.Батцэцэгтэй уулзахаар Зураг төслийн хүрээлэнг зорилоо. Ажлын өрөөнийх нь  цонхны тавцан, ширээг тойрон олон өнгийн  том, жижиг савтай цэцэгс дэлгэрэн байх нь гоёмсог. Нэлээдгүй том хос дэлгэц бүхий ширээнийхээ ард завгүй суусан бүсгүй их ажлаа хойш тавин бидэнтэй ярилцсан юм.  

-Таны нутаг ус, аав ээж, бага насны  тухай яриагаар хоёул ярилцлагаа эхэлье?

-Миний аав, ээж Өвөрхангай аймгийн Уянга сумынх. Аав минь геологич, ээж тогооч. Тэд маань намайг төрөх үед Баянхонгор аймагт ажиллаж байсан. Тэгээд намайг зургаан настайд Өвөрхангай аймагтаа шилжин суурьшсан. Би таван дүүтэй. Аав минь надад: “Эрдэмтэй хүн хаана ч сайхан амьдарна. Миний охин эрдэм номд шамдаж, дүү нартаа үлгэрлэнэ шүү” гэж сургадаг байлаа.  Би их мэриймтгий хүүхэд байсан. Айлын ууган охины хувьд үүргээ их ухамсарлана. 1988 онд Өвөрхангай аймгийн 2-р 10-н жилийн сургуулийн математикийн гүнзгийрүүлсэн ангийг төгсөөд ЗХУ-ын Краснодар хотын Политехникийн дээд сургуулийн цахилгааны ангид  элссэн. Тэнд олон орны оюутнуудтай сайхан нөхөрлөж, гурван жил суралцсан.  Гуравдугаар курс төгсөх үед аав минь ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн юм. Зах зээлийн нийгэм ч эхэлж, би аргагүйн эрхэнд Техникийн их сургуульд үргэлжлүүлэн суралцаж, амжилттай төгссөн. 

-Сургуулиа төгсөөд л Эрдэнэтийг зорьсон гэдэг. Яагаад?

-Би оюутан байхдаа Эрдэнэт үйлдвэрт дадлага хийж байлаа. Оросод сурч байсан болохоор ч тэр үү  орос маягийн цэмцгэр хот, хаа сайгүй тааралдах орос хүмүүс гээд бүхий л зүйл таалагдсан. Хүмүүс нь тайван амгалан, дөлгөөхөн. Эрдэнэт үйлдвэрийн ажилчид цаг  нарийн баримталдаг, дэг журамтай  байгааг хараад бахархсан. Монголын  Хүүхдийн ордонд шалгалт өгч тэнцэн цахилгааны инженерээр ажиллах боломж байсан ч ажил амьдралаа залуусын хотоос эхэлье гэж шийдээд ээж, дүү нараа дагуулаад  Эрдэнэт рүү  тэмүүлсэн юм. Ангиасаа зургуулаа, ганц эмэгтэй нь би  ирсэн. Хүний нөөцийн хэлтсийн Д.Тогооч дарга өөрөө дагуулан Баяжуулах үйлдвэрийн Цахилгааны хэсэгт оруулж өгч билээ. Ажлын талбарт хөтөлж аваачсан тэр хүнд би одоо ч  баярладаг.

-Аль хэсгээс хөдөлмөрийн гараагаа эхэлсэн бэ?

Нунтаглан баяжуулах хэсэгт цахилгааны засварчнаар зөвлөлтийн мэргэжилтэн Иван Ивановичийг  дагалдан ажиллаж эхэлсэн. Тос маслотой холилдсон, автомат пускателиа  ч ялгахгүй “ногооноороо амьтан” л явдаг байлаа. Орос монгол 30 гаруй эрчүүдтэй хоёрхон бүсгүй ажилладгийн нэг би байлаа.   Дараа нь Өөрөө нунтаглах хэсэгт цахилгааны засварчин, мастераар ажилласан. Оюутны ширээнээс дөнгөж ирсэн надад багш, хамт ажилладаг нөхөд минь мэргэжлийн талд  их зүйлийг  сургасан.

-Зураг төслийн хүрээлэнд хэзээнээс ажиллав? Зураг төсөл дээр ажиллахад ямар онцлогтой байдаг вэ?

-2005 оноос Инженерийн зураг төслийн товчоонд ирснээр одоог хүртэл тасралтгүй зохион бүтээгч инженерээр ажиллаж байна. Энд ч хамт олноосоо суралцсаар л явна. Хүн бүх насаараа сурдаг гэдэг үнэн шүү. Зураг төслийг хийхдээ практиктай холбож, судалгаатай, өндөр нарийвчлалтай хийнэ. Бидний ажил хамтын бүтээл байдаг. Зураг төсвөө  барилгын сантехникийн зэрэг бусад хэсгүүдтэйгээ уялдаатай хийнэ. Багахан алдаа гарахад л  эцэстээ бүх зүйл буруу гарна. Буруу угсрагдана. Аюул осол гарна. Тийм учраас зураг төсөл хийх их хариуцлагатай ажил.   Бидний хийсэн зургаар барилга байгууламж босож, техник технологи ажиллаж байгааг харахад бахтай сайхан  байдаг. Манайхан одоо Баяжуулах үйлдвэрийн тавдугаар секцийн зураг төсөл  дээр ажиллаж байна.  Үйлдвэрт тендер зарлагдан хийж буй бүтээн байгуулалтын ажлуудын зураг төслийг  цаг хугацаанд нь амжилттай хийж байгаа хамт олноороо би бахархдаг. Манай хамт олон их эвтэй болохоор ажил ч урагштай байдаг. 

-Яг одоо та ямар ажилтай байна вэ?

-Бутлан тээвэрлэх хэсгийн 9, 17, 18-р конвейруудын өндөр хүчдэлийн кабелуудыг солих гэж байгаа юм. Түүний зураг төслийг  хийх ажил надад оногдсон. 40 гаруй жил ажилласан, гэмтэл гарч болзошгүй эдгээр кабелуудыг яаралтай солих юм.  Үүний  тулд цайндаа гарах ч завгүй ажиллаж байна.  Иймэрхүү давчуу ажил гарнаа.  Оройн цагаар, амралтын өдрүүдэд сууж  ажиллах үе бий.  

-Яагаад цахилгаанчны мэргэжил сонгосон бэ?

-Би уг нь аавыгаа дагаж, хайгуулчин болохыг мөрөөддөг байсан. Гэлээ ч аав минь, “Цахилгаанчны мэргэжил хаана ч хэрэгтэй. Цахилгаанчин харанхуйг гэрэлтүүлэх буянтай ажил. Тийм болохоор энэ мэргэжлийг сонго” гэж надад зөвлөсөн юм. Намайг сургуулиа төгсөхөд геологийн ангийн хуваарь ч ирсэнгүй.  Орос хэлний бэлтгэлгүй элссэнийг хэлэх үү эхэндээ хичээлээ ч ойлгох нь тааруу, ер нь  жаахан дурамжхан байсан. Гэлээ ч өдөр шөнөгүй сууж мэрийсээр  мэргэжлийн хичээлдээ бүүр ч сонирхолтой болсон. Гэрэл цахилгаан үгүйгээр дэлхий ертөнцийг, хөгжил дэвшлийг төсөөлөх аргагүй. Ээж, эхнэр хүн орон гэрийг гэрэлтүүлдэг шиг цахилгаан бүх дэлхийг гэрэлтүүлдэг. Тийм болохоор энэ мэргэжилдээ би дуртай.

-Танайх Эрдэнэт үйлдвэрийн шилдэг гэр бүл. Гэр бүлийнхнээ танилцуулна уу?

-Энэ сайхан хотоос би ажил амьдрал аливаа сайхан бүхнээ олсон. Миний ханийг З.Батхишиг гэдэг. Цахилгааны мэргэжилтэй, хувиараа ажил эрхэлдэг. Манайх гурван хүү, нэг охинтой. Бас бэр, ач охинтой. Том хүү  программч инженер, хоёр дахь хүү  япон хэлний мэргэжилтэй. Гурав дахь хүү 12, охин есдүгээр анги. Ээж,  таван дүү минь намайг даган Эрдэнэтэд суурьшсаар сайхан амьдарч байна. Миний ээж их уран хүн. Би ээжийнхээ хийсэн дээлээр гоёх дуртай. Миний хадам ээж бас сайхан буурал бий. Эрдэнэт үйлдвэрийн анхдагч, эмч хүн. Хань минь намуун, дөлгөөхөн, тайван амгалан хүн. Ар гэртээ санаа зовохгүй байх нь сэтгэл санаа тайван байж, ажилдаа амжилт гаргах нэг үндэс гэж би боддог. Эрдэнэтэд ирэхдээ хоёр чемодан хувцастай л ирсэн бол одоо үйлдвэрийнхээ буянаар элбэг хангалуун сайхан амьдарч байна.

-Та гоё цэцэгсийн дунд суух юм. Өөрөө тарьж ургуулдаг уу?

-Тиймээ. Би Зураг төслийн хүрээлэнд  ажиллахаас өмнө эрчүүдтэй голдуу ажилладаг. Цэцэг, ногооноос хол хөндий нэгэн байлаа. Хамт олон тэр дундаа Оюун, Цэгмэд, Алтанхишиг, Нямаа эгч нараасаа амьдралын олон  зүйл сурсан. Наад зах нь л цэцэг, ногоо, мод арчилж, ургуулах, байшин барилга барих, тордох гэхчлэн. Энэ өрөөнд алаг, доллар, хосын, сармисган, аз жаргалын, унтаахай, сэгсгэрмаа, сарнай, ойм, зузаахай, зуун наст ургаж байна. Ойрд цэцэглээгүй “Эрдмийн ундраа” маань өнөөдөр цэцэглэлээ. Би гэртээ цэцэгсээс гадна гүзээлзгэнэ, гаа тарьж байна. Зундаа хашаандаа чацаргана, мойл тарьж, жимсээ хурааж эхэлсэн. Манай ажлын бүсгүйчүүд бүгд л цэцэг, жимс ургуулж, үр хүүхдээ сайхан хүмүүжүүлж, гэр орноо үлгэр жишээ тохижуулан авч явдаг. Тэднээрээ их бахархдаг.

-Сүүлийн асуултыг танд үлдээе

-Юуны өмнө Мартын 8-ныг тохиолдуулан хоёр сайхан ээждээ, үйлдвэрийнхээ бүх бүсгүйчүүдэд баярын мэнд хүргэж, үргэлж баяр жаргалтай байхыг хүсье.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close