ЯрилцлагаБоловсролFocus

Д.Хүрэлмаа: Хөдөө, орон нутагт амьдарч байгаа 5 хүүхэд тутмын 1 нь СӨБ-д хамрагдаж чадахгүй байна

“Дэлхийн хүүхдийн өдөр”-ийг тохиолдуулан Монгол улсад хүүхдийн асуудлыг цогцоор нь судлан гаргадаг Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааны талаарх мэдээллийг НҮБ-ын Хүүхдийн Сангийн Төлөвлөлт, хяналт үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Хүрэлмаагаас тодруулан хүргэж байна. 

Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааг хамгийн анх хэдэн онд хийсэн бэ? Та судалгааны талаар танилцуулаач. 

-Монгол Улс  хүүхдийнхээ нөхцөл байдлыг үнэлж тооцоход өндөр ач холбогдол өгдөг улс орнуудын нэг. Тийм ч учраас Үндэсний Статистикийн тухай хуулиараа бид 5 жил тутамд өрхийн судалгаа хийдэг. Энэ нь Нийгмийн Үзүүлэлтийн Түүвэр судалгаа юм. Хамгийн сүүлд 2023 онд хийсэн.

Хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл, хөгжил, аав ээжийн оролцоо, дэмжлэг, боловсролын чанар, хамгаалал, орчны гэх мэтчилэн олон төрлийн үзүүлэлтийг цогцоор нь хүүхдийн хувьд хэрхэн яаж илэрч байна вэ гэдгийг хардаг үндсэндээ цорын ганц судалгаа гэж хэлж болно. Монгол улс 1996 оноос хойш хийж байгаа 7 дахь удаагийн үндэсний хэмжээний судалгаа. 

Энэ хугацаанд хүүхдийн эсэн мэнд амьдрахуйн асуудлаар Монгол улс нэлээн дэвшилт гаргасан харагддаг. Хүүхдийн эндэгдэл буурсан. Гэхдээ бид бүс хоорондын ялгааг төдийлөн бууруулж бас чадахгүй байна. Жишээ нь баруун бүсэд хүүхдийн эндэгдэл өндөр хэвээрээ байна. 

Судалгаагаар хүүхдийн хоол тэжээлтэй холбоотой ямар үр дүн гарсан бэ? 

-Хүүхдийн хоол тэжээлийн асуудал анхаарал татсан хэвээрээ л байна. Уг нь 2000 оноос хойш хүүхдийн хоол тэжээлийн нөхцөл байдал сайжрах хандлагатай байсан ч 2023 оны судалгаагаар хүүхдийн хоол тэжээлийн зарим үзүүлэлтүүд муудсан нь анхаарал татаж байна. Тиймээс хүүхдийн хоол тэжээлийн байдал маш эмзэг, байнгын анхаарлын төвд байх ёстой асуудлын нэг.

Өсөлт хоцролттой, тураалтай хүүхдийн хувь нэмэгдсэнээс гадна таргалалтын асуудлууд бас л анхаарал хандуулах шаардлага үүсчээ. Нийт 5 хүртэлх насны хүүхдийн 12 хувь нь таргалалттай гарсан. 12 хувь гэдэг чинь хүүхдүүдийн хувьд сурах хөгжих боломж нь хязгаарлагдана, ирээдүйд халдварт бус өвчнөөр өвчлөх эрсдэл нь нэмэгдэнэ гэсэн үг. Улмаар эдийн засгийн оролцоо нь буурна гээд гэх мэтчилэн маш олон үр дагаврыг дагуулах эрсдэлтэй.  

Сургуульд завсардаж байгаа, сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдийн нөхцөл байдал, шалтгааны талаар судалгаанаас ямар үр дүн гарсан бэ? 

-Боловсролын үйлчилгээний хамралтын хувьд Монгол Улс нэлээн амжилттай улс орнуудын нэг. Гэхдээ СӨБ-ын хамрагдалт 80 гаруй хувьтай байгаа нь 5 хүүхэд тутмын нэг нь боловсролын түвшинд хамрагдаж чадахгүй байна гэсэн үг. Дийлэнх нь хөдөө, орон нутагт амьдарч байгаа хүүхдүүд. СӨБ хүүхдэд ирээдүйд нийгэмших, бусадтай харилцах, өөрийгөө илэрхийлэх, бие даах зэрэг насан туршид нь хэрэг болох суурь чадварт сургадаг. Тиймээс СӨБ бол амин чухал. Гэвч бид хүүхдүүдээ бүрэн хамруулж чадахгүй байна.

Харин бага боловсролын хамрагдалт, дунд боловсролын хамрагдалтаас харьцангуй сайн байдаг. Ямар ч байсан хүүхдүүдийн 99%-ийг нь бага боловсрол, 97%-ийг нь суурь боловсрол эзэмшүүлж байна. Гэхдээ мөн л орон нутагт эрэгтэй хүүхдүүд боловсролын гадна үлдэж байгаа. Энэ үеэс эхлээд охид хөвгүүд эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн дунд соёл, ахуйн ялгаанууд бий болох магадлал нэмэгдэж байгаа юм. Дээрээс нь бүрэн дунд боловсрол эзэмшсэн залуучууд сурч байна уу, ажиллаж байна уу гээд үзүүлэлтийг харахаар 18 хувь нь сурахгүй, ажиллахгүй байна гэсэн дүн гарсан.  Тэгэхээр энэ хүүхдүүд цаашдаа үргэлжлүүлж сурах, ажил эрхлэх, боломж нь ямар байгаа юм бэ гэдгийг тодруулж, дүгнэх хэрэгцээ урган гарч байна. 

Сургуульд хамрагдалтын хувь хэмжээ харьцангуй өндөр гэлээ. Тэгвэл эдгээр хүүхдүүд сургуульд эзэмших ёстой суурь чадвараа сурч чадаж байна уу? 

-Хүүхдүүдээ сургуульд хамруулаад сурах суурь чадварыг эзэмшүүлж байна уу гэсэн чанарын үзүүлэлт, хөгжлийн судалгаануудад маш ихээр хардаг болсон. Зөвхөн сургуульд авчраад зогсохгүй, тэр хүүхдэдээ суурь чадваруудыг нь эзэмшүүлэх ёстой. Гэтэл Монголд гурван хүүхэд тутмын нэг нь, 2-оос 3 дугаар ангид сурч байгаа, 3 хүүхэд тутмын нэг нь энэ суурь чадвараа эзэмшээгүй байна. Суурь чадварыг зөвхөн унших, тоо бодох чадвараар л хэмжиж байгаа болохоор боловсролын үйлчилгээ, системийн үр өгөөжийн асуудлыг хэлэлцэж ярилцахаас өөр арга байхгүй байна. Цаашид энэ чиглэлд маш их анхаарах хэрэгтэй. 

Тэгвэл судалгаагаар хүүхэд хамгаалалын асуудал хангалттай байна уу? Ямар үр дүн гарсан бэ? 

-Хүүхдүүдийн 44 хувийг ямар нэг хүчирхийллийн аргаар загнах, занчих эсвэл бүр зодох аргаар хүмүүжүүлж байна. Гэтэл хоол тэжээлийн дутагдалтай, загнуулж, зодуулж байгаа хүүхэд сурах чадвартай байх уу гэдэг асуудал үүснэ. Ингээд бодохоор бүх зүйлс хоорондоо нягт уялдаа, холбоотой. Цогцоор нь л шийдэх ёстой.

Сургуулийн орчноос гадна хүүхэд гэр бүлийн зүгээс дэмжлэг хангалтгүй гарсан. Жишээ нь, судалгаанд хамруулсан нийт гэр бүлүүдийн талаас илүү хувь нь хүүхэддээ ном авч өгдөггүй юм байна. Тиймээс эцэг, эх, асран хамгаалагчид үүргээ биелүүлэн хүүхдийг сурах, эрүүл аюулгүй байх тал дээр нь дэмжлэг үзүүлэх гэсэн асар чухал асуудлыг орхигдуулж болохгүй шүү.  

Ярилцсанд баярлалаа.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close