Уул уурхайГадаад харилцаа

АНУ-ын бизнес, эрхлэгчидтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар ярилцав

Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн АНУ-ын Худалдааны яамны Олон улсын худалдааны Нарийн бичгийн даргын орлогч Мариса Лагог хүлээн авч уулзлаа. Уулзалтад Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, СХОГ-ын дарга Э.Батболд, ГХАХ-ийн ахлах мэргэжилтэн Б.Батцэцэг нар оролцож худалдааны хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Уулзалтын эхэнд Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, 2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд хамтарсан Засгийн газар байгуулагдаж Монгол Улсын Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн шинэчлэгдсэн. Тиймд Уул уурхай хүнд үйлдвэрийн яам нь Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яам болсныг онцлон тэмдэглэв. Түүнчлэн УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж 2024 оны Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг баталж, ирэх 4 жилийн зорилго, чиглэлээ тодорхойлсныг дурдав.

Тэрээр, Манай улсын сүүлийн жилүүдийн эдийн засгийн өсөлт нь уул уурхайн салбарын өсөлттэй салшгүй холбоотой бөгөөд олборлолтыг шинэ шатанд хүргэж, аж үйлдвэржилтийг голлуулсан үйл ажиллагааны хөтөлбөр, бодлогын хүрээнд ажиллахаар Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яам шинээр байгуулагдсаныг илэрхийлэв.

Энэ хүрээнд гангийн үйлдвэр, зэсийн үйлдвэр, газрын тосны үйлдвэр, нүүрс, химийн үйлдвэр, алт цэвэршүүлэх үйлдвэрийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр зорилт дэвшүүлээд байгаагаа тэмдэглэв.

Учир нь манай улсын эрдэс баялгийн салбарыг дэлхийд өрсөлдөх чадвар бүхий уул уурхай гэж олон улсын байгууллагуудаас тодорхойлсон. Тиймд бид гол металлуудын дэлхийд өрсөлдөх чадвар бүхий орд газруудаа түшиглэн, үйлдвэрлэл аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэн, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг бий болгох бүрэн боломжтой гэв.

Өнгөрсөн оны тоон дүнгээс харахад нийт экспортын 94 хувь, аж үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүний 73 хувь, ДНБ-ий дөрөвний нэг хувь, улсын төсвийн орлогын 29 хувийг манай салбараас бүрдүүлж байгаа талаар тэмдэглэв.

Мөн бид эрдэс баялаг, геологийн мэдээллийг ил тод, хүртээмжтэй болгох үүднээс цахимжуулах чиглэлээр тодорхой ажлуудыг гүйцэтгэж, хайгуулын эрсдэлийг бууруулах боломжийг эрэлхийлж байна гэв. Тиймд Ашигт малтмалын хуулиа шинэчлэх зорилттой байгаа бөгөөд ашигт малтмал эрэх хайх, олох, ашиглах үйл явц ил тод нээлттэй, хуулийн хүрээнд шударга байх зарчмыг баримталж, гадна, дотнын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, шуурхай ажиллах зарчмыг сайжруулахаар ажиллана гэдгээ тодотгов.

АНУ-ын худалдааны яамны олон улсын худалдааны Нарийн бичгийн даргын орлогч Мариса Лагогын зүгээс шинэ Засгийн газар байгуулагдаж, Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яам болсонд халуун баяр хүргэж, уул уурхайн салбар нь Монгол Улсын эдийн засагт онцгой ач холбогдол бүхий эдийн засгийн голлох салбар гэдгийг тэмдэглээд, Худалдааны төлөөлөгчийн хувьд уулзах хүсэлт тавьсан тухайгаа илэрхийлэв.

Тэрээр, Монголын Засгийн газраас аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын ил тод байдлыг бий болгох, тогтвортой үйл ажиллагааг хангахаар ажиллаж буйд талархалтай буйгаа илэрхийлээд, Засгийн газрын ирэх дөрвөн жилийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих томоохон төслүүдэд хөрөнгө оруулах компаниудын гүүр болж ажиллахад бэлэн буйгаа онцлов. Мөн АНУ-ын бизнес, эрхлэгчид хувийн хэвшлийн зүгээс монголд үйл ажиллагаа явуулахад таатай байгаа бөгөөд хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд хамтарч ажиллахаа илэрхийлэв.

Уулзалтын төгсгөлд Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн 2024 оны 10-р сарын 02-05-ны хооронд зохион байгуулагдах уул уурхайн долоо хоног “Mining Week 2024” арга хэмжээгээр АНУ-ын Элчин сайдын яамыг урьж оролцуулах, мөн тус улсын бизнес эрхлэгчдийг оролцуулахаа илэрхийлэв.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close