Уул уурхайЯрилцлага

М.Өлзийбаяр: Өөрчлөлтийг хийсэн хүмүүс чинь механик инженерүүд

А.Ф.Тюряковын нэрэмжит шагналт, Эрдэнэт үйлдвэрийн Засвар механикийн заводын Тэргүүлэх механик М.Өлзийбаяртай уулзаж, ярилцлаа.

-Уламжлалт асуултаар ярилцлагаа эхэлье. Таны хүүхэд насны хүсэл мөрөөдөл юу вэ?

-Одоо эргэн санахад ажилчин болох хүртлээ тийм айхавтар хүсэл мөрөөдөл тээгээд явсан зүйлгүй. Залуу нас нисээд л өнгөрсөн дөө.

-Сэтгэлд хоногшин үлдсэн гэгээн дурсамжаасаа хуваалцана уу?

-Сэтгэлд хоногшин үлдсэн гоё сайхан дурсамжууд олон байгаа. Хамгийн сайхан дурсамжууд оюутан үеийн цаг хугацаа байдаг.

-Энэ жилийн сар шинийн баярыг Монголчууд цар тахлын улмаас хорио цээрийн дэглэм тогтоосноор ёс төдий тэмдэглэх шиг боллоо. Таны сэтгэлд үлдсэн цагаан сарын ямар баяр байна вэ?  

– Ер нь малчны цагаан сар гэж нэрлэдэг байсан биз дээ. Залуухан байхдаа хөдөө малчны хотоор үеийн залуустай хамт морь унаж,  золголт хийж байсан минь сэтгэлд илүү үлдсэн байдаг. 

-Өнөөг хүртэл харьцаатай явдаг насан багын найз танд бий юу? Итгэж нөхөрлөсөн найзтайгаа элдвийг ярьж суух сайхан даа. Тийм үү?

-Багын найзууд байлгүй яах вэ. Тэд нартайгаа уулзаад хуучин дурсамжаа сэргээн, баясаж суух шиг сайхан юм хаана байна. Гэхдээ тэр болгон зорилго тавиад уулзаад явах нь ховор юм даа. 

-Таны ажлын онцлог юу вэ?

-Хүн төрөлхтөн балар эртний үеэс багаж хэрэгсэл зохион бүтээж, ахуй амьдралдаа хэрэглэж эхэлснээр хүний сэтгэлгээ, амьдрал асар ихээр өөрчлөгдсөн, энэ их өөрчлөлтийг хийсэн хүмүүс чинь механик инженерүүд  юм.

-Эрдэнэт үйлдвэрт олон жил ажиллахдаа та яг юу бүтээсэн гэж боддог вэ?

-Ер нь Эрдэнэт үйлдвэрт ажил хийж, хөдөлмөрийнхөө хөлсөнд цалин авч өөрийнхөө төлөө ажилласан. Энэ зорилгын доор улс эх орон, Эрдэнэт үйлдвэр , хамт олондоо хэрэгтэй зүйл ихийг хийж бүтээдэг юм билээ.

-Таны бодлоор нэг газар он удаан жил ажиллахаар давуу болон сул тал юу байх юм?

-Бүх ажил гарт ороод сайхан байдаг. Гэвч бусдын санал бодлыг төдийлөн сонсохгүй байх сул тал бас бий шүү.

-Манай уншигчдад гэр бүлээ танилцуулна уу?

-Эхнэр, хоёр хүүхдийн хамтаар амьдардаг.

-Хамт олны талаарх таны сэтгэгдэл юу вэ?

-Өдөр бүр ажилдаа урам зоригтой ирэх нь хамт олны эерэг уур амьсгалд ихээхэн нөлөөтэй байдаг. Иймээс хамт олон маань миний дотнын хүмүүс.

-Залууст хандан хэлэх таны үгийг сонсъё?

-Залуу насандаа биеэ зовоож, сайтар суралцаад, өтөлсөн хойноо мэдлэгийнхээ үр шимийг хүртэн жарган суух хэрэгтэй.

-Баярлалаа.

Т.Батчулуун
Фото: Б.Баттөгс

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close