Ажлын байрыг дэмжих зээл олгох ажил эхэллээ
Монгол Улсын Засгийн газраас “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөө”-г баталсан. Энэ арга хэмжээний хүрээнд ажлын байрыг дэмжих хоёр их наяд төгрөгийн зээлийг арилжааны банкаар дамжуулан жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай, эхний 12 сар хүртэл үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй олгох ажил эхлээд байна.
Тус зээлд хамрагдах аж ахуйн нэгж барьцаа хөрөнгө хүрэлцээгүй тохиолдолд Зээлийн батлан даалтын сангаар 60 хүртэлх хувийг батлан даалгах боломжтой.
Зээлийн батлан даалтын санд хандах аж ахуйн нэгж нь Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 7 дугаар зүйлийн 7.1-д заасан шаардлагыг тус тус хангасан байх ёстой.
Арилжааны банканд хүргүүлсэн материалд үндэслэн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч мөн эсэх тодорхойлолтыг Жижиг, дунд үйлдвэрийн газраас Зээлийн батлан даалтын санд уламжилна.
Иймд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн тодорхойлолт авахаар төрийн байгууллагад хандах шаардлагагүй болж байна.