НийтлэлЭдийн засагОнцлох

Эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөө Эдийн засаг болон Ханш, Инфляцид хэрхэн нөлөөлөх вэ

Дэлхий нийтэд гэнэтийн сорил болж тулгарсан Ковид-19 цар тахал өдгөө манай улсад ч бүртгэгдэж, нийгэм, эдийн засагт томоохон сорилтыг дагуулж байгаа билээ. Улс орон даяар цар тахалтай тэмцэж байгаа энэ үед ковидын нөлөө эдийн засагт ихээхэн том нөлөөг үзүүлж байгаа ба 2019 онд 5.2 хувийн өсөлттэй байсан эдийн засаг 2020 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр зургаа орчим хувиар унаж огцом агшаад байна. Үүнийг даган 46 мянга гаруй аж ахуйн нэгжид ажиллагсдын тоо гэхэд л 2020 оны гуравдугаар улиралд 70 мянгаар буурчээ.

Энэ бүхнийг харгалзан Засгийн газар иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгаа сэргээх бодлого, зорилтын дагуу 10 их наяд төгрөг төлөвлөн тусгаж, 2023 он хүртэл хэрэгжүүлэхээр Засгийн газар шийдвэрлэсэн байна.

Энэхүү 10 их наяд төгрөгийг Монголбанкаар дамжуулж эдийн засаг руу оруулах нь хир зөв зохистой талаар тайлбарлая. Эдийн засгийг хүн гэж үзвэл эдийн засаг маань сэхээний байдалтай маш хүнд байна. Эдийн засгийн гол цусны эргэлт бол Мөнгөний эргэлт байдаг. Ковидоос болж цусны эргэлт нь багасаж, зарим газраа зогссон.

Иймд Мөнгөний эргэлтийг нэмэгдүүлж байж л эдийн засаг бүр сэргэдэггүй юмаа гэхэд ядаж бага зэрэг засал авна. Энэ үед Монголбанк Төвбанкны үнэт цаасны хүүгээ буулгаж эдийн засаг руугаа мөнгө оруулах чухал.Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголбанкинд байгаа найман их наяд төгрөгийг эргэлтэд оруулах замаар эдийн засгаа идэвхжүүлж, ажлын байр бий болгон, иргэдээ орлоготой байлгахаар зорьж байгааг тэрбээр хэлсэн.

Эхний жилд 3-4 их наяд орчим төгрөг эдийн засагт нийлүүлбэл ямар нөлөө үзүүлэх талаар бодож үзье. Засгийн газар 6 орчим хувийн уналттай байна гэж үзэж байгаа. Дэлхийн банк 5.2 хувиар агшина гэж дүгнэсэн байсан. Ер нь бол эдийн засаг дөрвөөс дээш хувиар агших нь гарцаагүй. Үүнээс гадна мөнгөний нийлүүлэлтийн хурд саарсан байгаа. Монгол Улсын эдийн засаг тав орчим хувиар буурна гэдэг нь 2-3 их наяд төгрөгийн алдагдал хүлээж байгаа гэсэн үг. Дээрээс нь зээлийн өсөлт зогссон. Зээл тодорхой хэмжээгээр олгогдож байгаа ч өсөлт гэдэг зүйл байхгүй болсон. Мөн чанаргүй зээл нэмэгдсэн. Гэх зэргээр мөнгөний зах дээр сөрөг үзэгдэл их байна. Тийм учраас бид эдийн засгийн өсөлтөөс алдагдсан 3 их наяд төгрөг, зээлийн өсөлтөөр дамжиж эдийн засгийг дэмжих ёстой байсан тэр орон зайг юугаар нөхөх вэ гэдэг асуудалтай тулгарч байгаа.

Тэр л орон зайг энэ 10 их наядын хөгжлийн хөтөлбөр 3 жилийн хугацаанд нөхөж байгаа юм. Ер нь бол төв банкны бодлого нь эдийн засгаа сайн мэдэрч явах чухал байдаг. Эдийн засагт шаардлагатай үед мөнгө хэвлээд ч хамаагүй нийлүүлж чаддаг, шаардлагагүй үед маш хурдан илүүдэл мөнгийг татаж авч чаддаг байх нь л зохистой юм.

Энэ мэдээг дагаад иргэд олон нийтийн хувьд мөнгө хэвлэж, инфляцыг нэмэгдүүлэх, валютын ханшийг өсөх нь гэдэг болгоомжлол төрж буй мэдээжийн хэрэг. Инфляцын түвшин 2021 оны 1-р сард Улаанбаатар хотод 1.3, Улсын хэмжээнд 2.4 хувь болж буурчээ. Энэ нь эдийн засагт иргэд болон АНН, Засгийн газрын худалдан авах чадвар эрс буурсныг харуулж байна.Инфляц тодорхой хэмжээнд байж гэмээн эдийн засаг эрчимтэй өсдөг. Огт инфляцгүй, эсвэл хэт нам дор байж болохгүй зүйл. Төв банкны зорилтод инфляцын түвшин 6 хувь байгаа. Гэвч бодит инфляц зорилтод түвшнөөс буурсан байгаа үед инфляц гаарахаас айх хэрэггүй юм. Инфляцыг огцом хэлбэлзүүлэхгүйгээр мөнгөний зөөлөн бодлогыг хэрэгжүүлж зорилтод 6 хувийн түвшинд барих хангалттай орон зай байна Хэрвээ инфляц хэт өсөөд эхэлбэл төв банкинд тоормос барих эрх нь байгаа учраас бид айх хэрэггүй

Харин валютын ханшийн хувьд өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад харьцангуй таатай нөхцөлд байна. Тухайлбал, ГВАН 4.5 тэрбум ам.доллар болж түүхэн дээд хэмжээндээ хүрч, гадаад зах зээл дээр экспортын түүхий эдийн ханш тогтвортой өндөр түвшинд хадгалагдахаар байгаа, ойрын хугацаанд төлөх гадаад өр төлбөрөө хойшлуулсан зэргээс харахад валютын ханшийн огцом савлагааг бий болгохгүйгээр, удирдах бүрэн боломжтой харагдаж байгаа юм.

Мөн Ковид цар тахлын эсрэг вакциныг энэ сард авчирч, дараах өдрөөс нь вакцинжуулалтыг үе шатттай эхлүүлэхээр Засгийн газар төлөвлөсөн байна. Вакцин үр дүнгээ өгвөл эдийн засгийн сэргэлтийн гол нэг түлхүүр болох юм. Иймд бид гар хумхин бууж өгөн суух биш, байж болох бүх зөв зүйтэй арга хэмжээг авч үзэх, хэрэгжүүлэх хэрэгтэй. Дэлхийн хөгжил хийгээд хүн төрөлхтний сайн сайхны төлөө улс орнууд хамтран ажиллаж, цар тахлаас урьдчилан сэргийлж, ялан дийлж, нийгэм, эдийн засгаа бүрэн сэргээх сайхан цаг удахгүй ирнэ гэдэгт итгэлтэй байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close