НийтлэлЭдийн засагОнцлохШинэ мэдээ

“Хариуцлагатай нүүдэлчид” систем “Хариуцлагатай малчин”-г бий болгоно

Монгол Улс 60 сая гаруй малтай, 171,6 мянган малчин өрхтэй, 285,4 мянга орчим малчинтай. Жилд дунджаар 17 сая ширхэг арьс шир, 10 мянган тн ноолуур, 33 мянган тн ноос, 500 мянган тн мах, 800 сая литр сүү бэлтгэх боломжтой. Гэвч малын гаралтай түүхий эдийн үнэлэмж хангалттай хэмжээнд үр ашгаа өгч чадахгүй байна. Сүүлийн жилүүдэд олон улсын зах зээл дэх хэрэглэгчдийн бүтээгдэхүүн сонгон авах хандлага ихээхэн өөрчлөгдөж байгаль орчинд ээлтэй, гарал үүсэл нь тодорхой, хариуцлагатай, тогтвортой нийлүүлэлт бүхий түүхий эдээр үйлдвэрлэсэн эсэхийг илүү сонирхох болсон. Энэ нь монголчууд бидэнд малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэр хүнд, үнэлэмжийг нэмэгдүүлэх, өрсөлдөх давуу талаа сурталчилан таниулах сайхан боломж.

Монгол хүн эртнээс мал сүргээ жилийн дөрвөн улиралдаа нийцүүлэн байгалийн бэлчээрээс өвс тэжээлийн хэрэгцээг нь хангаж ирсэн түүхтэй. Тиймээс байгалийн цэвэр бэлчээрт өсч үржсэн монгол малын түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүсэл, чанарыг тодорхой болгож, байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай, тогтвортой  үйлдвэрлэл гэдгийг баталгаажуулах нь чухал.

Дэлхий нийтийн хандлагад нийцүүлэн монгол малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэр хүнд, үнэлэмжийг өсгөх, олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийн сүлжээг дэмжих үүднээс Швейцарын хөгжлийн агенлагийн Ногоон алт-Малын эрүүл мэнд төслийн дэмжлэгтэйгээр, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо нь Дижитал медик ХХК-тай хамтран “Хариуцлагатай нүүдэлчид” малын гаралтай түүхий эд бэлтгэн нийлүүлэлтийн мөшгөх системийг олон улсын стандарт шаардлагад нийцүүлэн хөгжүүлж байна.

2015 оноос эхлүүлсэн энэхүү систем нь бэлчээрийн төлөв байдал, малын эрүүл мэнд, малын тавлаг байдал, түүхий эдийн чанар, байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай гэсэн 6 стандарт үзүүлэлтүүдэд үндэслэн хөгжиж байна. Энэ нь түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүсэл, байгальд ээлтэй, тогтвортой, хариуцлагатай байдлыг нотлохоос гадна, түүний чанар, аюулгүй байдлын түүхийг эргэн мөшгөх боломжийг  хэрэглэгчдэд олгож байгаа юм.

Бүтээгдэхүүний савлагаан дээрх QR кодыг ашиглан хэрэглэгч худалдан авч буй бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, гарал үүслийг шалгаж, түүхий эд нийлүүлэгч малчид/фермерийн бэлчээрийн төлөв байдал, малын тавлаг байдал, эрүүл мэнд, хүрээлэн байгаа байгаль орчиндоо ээлтэй байдал зэрэг мэдээллийг авах боломжтой болсон. Өөрөөр хэлбэл аль аймаг, сумын хэн гэдэг малчны өсгөн үржүүлсэн мал сүргийн ямар түүхий эдээр хийсэн бүтээгдэхүүн болохыг нотолж, тухайн бүтээгдэхүүний гарал үүсэл, чанарын мэдээллийг цогцоор нь авна.  

Хариуцлагатай нүүдэлчид стандарт нь дараах олон талын үйл ажиллагааг баталгаажуулж байна. Үүнд:

  • МАА-н үйлдвэрлэлийн тогтвортой байдлын суурь үндэс болсон бэлчээрээ малчид хэрхэн хариуцлагатай ашиглаж, хамгаалж байна вэ,
  • Бэлчээрээ сайжруулахын тулд орон нутгийн Засаг даргатай Бэлчээр ашиглах гэрээ байгуулан үүрэг хариуцлага хүлээж, гэрээний үүргээ биелүүлж байна уу.
  • Байгалийн унаган зүйл ургамлаа нөхөн сэргээж хамгаалахад хувь нэмрээ оруулж байна уу,
  • Малынхаа тавлаг байдлыг хангахын тулд хангалттай хэмжээний усан хангамж,  өвс тэжээл, дулаан хашаа байрыг нь бэлтгэдэг үү,
  • Хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд малдаа эмнэл зүйн үзлэг тогтмол хийлгэж, шаардлагатай мал эмнэлгийн үйлчилгээнд бүрэн хамруулж байна уу,
  • Үндэсний үйлдвэрүүдтэй байгуулсан гэрээний үүргээ сайн биелүүлж заасан хэмжээ, чанарт нийцсэн түүхий эд нийлүүлж байна уу гэдэг асуудалд анхаарах боломжтой болно.

Эдгээр лавлагаа мэдээлэл нь Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, МЭЕГ-ийн Малын эрүүл мэндийн нэгдсэн систем, ГЗБГЗЗГ-ын Газрын кадастерийн мэдээллийн систем, МБАНХ-ны Малчдын байгууллагын бүртгэл мэдээллийн системтэй шууд холбогдож бүрддэг тул олон нийтэд бүрэн хүлээн зөвшөөрөгдөнө.

МБАНХ-ны зүгээс малчдын байгууллагын (АБАХ, СБАХ, түүхий эдийн дундын хоршоо, түүхий эдийн анхан шатны хоршоо) бүртгэл мэдээллийг оруулах ажлыг зохион байгуулж байна. Уг системд одоогоор нийт 18 АБАХ, 169 сумын бэлчээр ашиглагчдын холбоо, 1575 БАХ, 4 түүхий эдийн дундын хоршоо, 76 түүхий эдийн анхан шатны хоршоодын бүртгэл мэдээлэл хийгдсэн байна.

Мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг  малчны хотноос эхлээд эцсийн хэрэглэгчийн гар дээр тавих хүртэл хийгдсэн үйл ажиллагааны алхам бүрийг мэдээллийн технологид суурилсан баталгаажуулалтад үндэслэн стандартчилснаар бүх үзүүлэлт нь үнэн зөв байна. Мөн малын гаралтай хамгийн сайн чанарын түүхий эдээр (сарлагийн хөөвөр, торомны ноос, ноолуур, арьс, шир, мах, сүү) хийсэн бүтээгдэхүүнийг илүү өндөр үнэ хүргэх боломж бүрдэнэ. Улмаар малчид, БАХ-үүд бэлчээрийн тогтвортой байдал, бэлчээрийн менежментийн сайн дадлуудыг нэвтрүүлж, эдийн засгийн урамшуулал хүртдэг “Хариуцлагатай малчин”-г бий болгоно.

“Хариуцлагатай нүүдэлчид” стандартыг хэрэгжүүлэхээр 18 аймгийн 34 сумыг “Загвар сум” болгохоор сонгон ажиллаж байгаа ба эдгээр сумдын ЗДТГ, ХААТ, МЭТ, газрын даамал, Бэлчээр ашиглагчдын холбоо, Бэлчээр ашиглагчдын хэсгийн бүтэц зохион байгуулалтад суурилсан түүхий эд бэлтгэлийн анхан шатны хоршоод болон үндэсний үйлдвэрлэгч компаниудтай хамтран сарлагийн хөөвөр, торомны ноос болон ноолуур, мах, сүү зэрэг түүхий эдийн зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний гарал үүсэл чанарыг мөшгих туршилтын ажлыг амжилттай зохион байгуулж байна.

Өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудаас онцолвол:

-Завхан аймгийн Сантмаргац, Эрдэнэхайрхан, Идэр сумд, Төв аймгийн Өндөрширээт, Булган аймгийн Гурванбулаг сумаас мал нийлүүлж Мах маркет ХХК-д үйлдвэрийн аргаар боловсруулж гарал үүсэл нь тодорхой, эрүүл аюулгүй махны худалдааг Лавай төв болон Наадам төв дээр амжилттай зохион байгуулсан.

-Милк ХХК-тай хамтран Төв аймгийн Борнуур сумын малчид, фермерүүдээс нийлүүлж буй сүүний чанар, аюулгүй байдлыг мөшгөх туршилтын ажлыг амжилттай зохион байгуулж байна. Тус компани нь дээрх 2 сумын 4620 малчнаас (давхардсан тоогоор) Хариуцлагатай нүүдэлчид” системээр дамжуулан 193 сая төгрөгийн өртөг бүхий 244,3 тн сүүг (2019-2020 оны өссөн дүнгээр) бэлтгэж эцсийн бүтээгдэхүүн болгон хэрэглэгчдэд хүргэсэн. Энэхүү системийг ашиглан малчид/фермерүүдэд сүүний урамшуулал олгох нөхцөлийг бүрдүүлээд байна.

-Швейцарын хөгжлийн агентлагийн дарга Стефани Бурри, дэд дарга Бенойт Мейэр-Биш болон Ногоон алт, Малын эрүүл мэнд төслийн менежер Ц.Энх-Амгалан нар Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц. Мэндсайхан болон холбогдох албаны хүмүүстэй уулзаж Монгол малын гаралтай бүтээгдэхүүнийг Европ болон Швейцарын зах зээлд гаргах, хөрөнгө оруулалт татах чиглэлд хамтран ажиллахаа илэрхийлэв.

Энэ үеэр Швейцарын хөгжлийн агентлагийн захиалгаар Ханаан нутаг ХХК-д үйлдвэрлэсэн гарал үүслийг баталгаажуулсан хөлбөмбөг бэлэглэв. Энэхүү хөлбөмбөгийн түүхий эдийг Ховд аймгийн Дуут сумын малчдаас бэлтгэн ирүүлсэн сарлагийн арьсаар хийсэн ба Швейцарын хөгжлийн агентлагийн зүгээс Европ болон Швейцарын зах зээлд сурталчилан таниулах юм.

-МБАНХ-ны дэргэдэх “Малчдын ногоон алт” дундын хоршооноос “RESPONSIBLE NOMADS” буюу “Хариуцлагатай нүүдэлчин” брендийг бий болгов. Энэхүү бренд нь Монголын өндөр уулархаг газар бэлчээрлэдэг, байгаль орчинд ээлтэй, цаг агаарын эрс тэс уур амьсгалд зохицсон сарлагийн хөөвөр болон хөрсний өвсөн бүрхүүлийг талхалдаггүй тэмээний нэг настай торомны самнасан ноосоор үйлдвэрлэгдсэн юм. Үнэ цэнэтэй түүхий эдийг малчид өөрсдийн хоршоогоор дамжуулан бэлтгэж, нэмүү өртөг шингээж чанарын өндөр түвшинд, гарал үүслийн баталгаажуулалттай, тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн болгон хэрэглэгчдэд хүргэж, малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилготой үйлдвэрлэгдэж байна.

-“Хариуцлагатай нүүдэлчин” системд нийт 18 АБАХ, 169 СБАХ, 6 дундын хоршоо 76 түүхий эдийн анхан шатны хоршоод, 10 үйлдвэр аж ахуйн нэгжүүдийн ажилчид, албан тушаалтнууд хэрэглэгчийн эрхээрээ нэвтэрч системээр дамжуулан түүхий эд бүтээгдэхүүний худалдан авалт, борлуулалтыг хийж байна.

Нийтлэлийг П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close