Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбоотой тогтоолын төслүүдийг баталлаа
Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэж батлав
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2021.01.14) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар эхлээд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан “Хууль баталсантай холбогдуулан хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа танилцуулсан юм. Тус Байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтжээ.
Уг тогтоолын төсөлд иргэнд шүүхийн үйлчилгээг хүрээмжтэй хүргэх, зориулалтын шаардлага хангасан барилга байгууламж барихад шаардагдах зардлыг жил бүрийн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, 2020-2026 оны жил бүрийн улсын төсвийн төсөлд тусган үе шаттайгаар шийдвэрлэх, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын үндсэн цалингийн хэмжээг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хоёр дахин нэмэгдүүлэх арга хэмжээ авах, Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн хэрэгжилтийг хангахад шаардагдах нэмэлт зардлыг санхүүжүүлэх, Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 24 дүгээр зүйлд заасан Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн албан хаагчийн цалинг Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 276 дугаар тогтоолоор баталсан цалингийн сүлжээнд нэмж тусгах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар, Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгахаар тусгасан байна.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 55.6 хувь нь дэмжсэнээр тогтоолын төсөл батлагдлаа.
Үргэлжлүүлэн “Шүүгчид нэмэгдэл олгох журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсов. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, С.Амарсайхан, С.Одонтуяа нар асуулт асууж тодруулан хариулт авсан юм. Ингээд тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 62.5 хувь нь дэмжив.
Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслөөс завсарлага авлаа
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Г.Амартүвшин нэгдсэн хуралдаанд танилцуулав. Байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй 20 гаруй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хурааж шийдвэрлэсэн байна.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, С.Амарсайхан, Г.Дамдинням, М.Оюунчимэг, О.Цогтгэрэл, Х.Нямбаатар нарын зэрэг гишүүд Байнгын хорооны дарга, ажлын хэсэг болон Монголбанкны Ерөнхийлөгчөөс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв. Байнгын хорооны ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, банкны хувьцаа эзэмшигчдийн төвлөрлийг бууруулах, банкны засаглалыг сайжруулах, олон нийтийн хяналтыг нэмэгдүүлэх чиглэлд ажлын хэсэг анхаарч, хуулийн зохицуулалтыг тодорхой болгож өгсөн. Тухайлахад, банкны ТУЗ нь 9 гишүүний бүрэлдэхүүнтэй, түүний гурваас доошгүй нь хараат бус гишүүн байхаар зохицуулсан. Түүнчлэн Банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг бүхэлд өөрчлөн найруулж, банкийг нээлттэй хувьцаат компани хэлбэрээр өөрчлөн байгуулах, банкны хувь нийлүүлсэн бүтэц, хэмжээг энэ хуульд нийцүүлэн өөрчлөх, энэ хуульд заасан төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх, тайлагнах, хянах түр журмыг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран батлах нь зүйтэй гэж үзсэн. Энэ үүднээс хууль хүчин төгөлдөр болохоос өмнө байгуулагдсан банк 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор холбогдох хуулийн дагуу компанийн хэлбэрээ өөрчилсөн байх, 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөр банк байгуулах тусгай зөвшөөрөлтэй банк нь Банкны тухай хуулийн 36.1-д заасан шаардлагыг 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор хангасан байхыг нарийвчлан зохицуулж өгсөн гэлээ.
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариултдаа, одоогийн байдлаар манай улсад арилжааны 12 банк үйл ажиллагаа явуулж байна. Энэ хуулийн гол ач холбогдол нь банк нь нээлттэй хувьцаат компанийн хэлбэртэй байхаар зохицуулж өгсөн явдал юм. Манай улсад нэг эзэнтэй хоёр банк байсан тохиолдол ч бий. Харин хуулийн шинэ зохицуулалтаар банкууд нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжсэнээр төвлөрөл саарч, хяналт сайжирч, засаглалын сайн тогтолцоо бүрдэнэ гэж харж байгаа. Аливаа этгээд дангаар болон холбогдох этгээдийн хамт эзэмших банкны хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаасны хэмжээ тухайн банкны нийт гаргасан хувьцааны хорин хувиас хэтрэхгүй байхаар зохицуулж байгаа. Банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний холбогдох этгээд өөр банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байхыг хориглохоор зохицуулсан. Банк нь нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжсэнээр гаднын банкууд хувьцаа эзэмших боломжтой болно гэдгийг хэллээ. Түүнчлэн анх өргөн барьсан төсөлд 6 жилийн дараа гэхэд банкууд хувьцаат компанийн хэлбэрт шилжсэн байхаар тусгасан байсан. Бид бусад орны туршлагыг судалж нягтлаад төслийн энэ зохицуулалтыг гурван жилээр нааш татаж, 2023 оны эцэс гэхэд бүх банк хувьцаат компанийн хэлбэрт бүрэн шилжсэн байхаар зохицуулсан гэдгийг онцлов.
Ингээд Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулахын өмнө Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат дээрх хуулийн төсөл нь банк, түүний харилцагч хоорондын асуудлыг хөндөж байгаа учраас Монголбанкны мэдээллийг сонсож нэгдсэн ойлголттой болох, бүлэг дээрээ сайн ярилцаж байр сууриа нэгтгэх, түүнчлэн Байнгын хороо, ажлын хэсгийн хүрээнд дахин сайтар нягтлах шаардлагатай байна гэсэн үндэслэлээр хуулийн төслийн хэлэлцүүлгээс тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан юм.
Намын бүлгийн хүсэлтийн дагуу ирэх долоо хоногийн Лхагва гараг хүртэл АН-ын бүлэгт завсарлага олгож буйг хуралдаан даргалагч мэдэгдэж, хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Засгийн газраас өргөн мэдүүлсэн Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.