Дэлхийн гаалийн байгууллагын 137 дугаар чуулган цахимаар зохиогдов
Дэлхийн гаалийн байгууллага (ДГБ)-ын 137 дугаар Чуулган 2020 оны 12 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгуулагдаж, тус байгууллагын Гишүүн 150 орны Гаалийн байгууллагын төлөөлөгчид оролцлоо.
Чуулганы хуралдааныг ДГБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кунио Микурияа нээж “Дэлхий нийтийн хэмжээнд тархаад байгаа КОВИД-19 вируст халдвар нь бидний хувьд шинэ ажиллах зарчмыг бий болгосон. Гамшгийн үед хэрхэн ажиллах удирдамж, стандартыг Гишүүн орны гаалийн байгууллагууд, ДГБ-ын Нарийн бичгийн дарга нарын газраас бүх нийтийн эрх ашигт нийцүүлэн тогтоож ажилласан нь, аливаа нөхцөл байдалд дасан зохицох, хариу арга хэмжээ авах, уян хатан, хөрвөх чадвартай байгууллага гэдгээ нотолсон арга хэмжээ боллоо” хэмээн онцоллоо.
Чуулганаар “Цахим худалдаа; Зорчигчийн урсгалыг хөнгөвчлөхийн зэрэгцээ хяналтаа сулруулахгүй байх; КОВИД-19 цар тахлын хор уршгийг бууруулах; Вакцины хил дамнасан тээвэрлэлтийг хөнгөвчлөхөд гаалийн байгууллагын үүрэг; Жендерийн тэгш байдал болон ялгаатай байдал”-ын талаар хэлэлцүүлэг өрнүүлэв.
Чуулганаар “Цахим худалдааны багц; Жижиг арлын эдийн засгийн гаалийн байгууллагын удирдамж; Транзит тээврийн салбарын шилдэг туршлагыг нэгтгэх; Хилийн менежментийг зохицуулах компендиумийн шинэчлэлт; Гаалийн мэдээллийн дүн шинжилгээ хийх чадавхыг бэхжүүлэх цогц хүрээ; Гаалийн тусгай бүс/татваргүй бүсийн талаарх удирдамж; Худалдааны луйвар болон оюуны өмчийн зөрчлийн асуудал эрхэлсэн ажлын хэсэг: Шинэчилсэн ажлын удирдамж; Зорчигчдын урсгалыг хөнгөвчлөх, хяналт тавих ажлын хэсгийн ажлын удирдамж” баримт бичгийг батлан гаргасан.
Монголын гаалийн байгууллагаас Чуулганаас гарсан бодлого, чиглэл, зөвлөмжийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн, шинэ ажиллах зарчмыг нэвтрүүлэн ажиллахаар төлөвлөж байна.