УИХОнцлохШинэ мэдээ

Хуулийн төслүүдийг гурав, дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүлэв

2021 оны улсын төсвийн тухай, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай

Хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг дэмжив

Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.11.05) үдээс хойших нэгдсэн хуралдааны эхэнд Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, төслүүдийн талаар Төсвийн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж шийдвэрлэв. Уг хуулийн төслүүдтэй холбогдуулан Байнгын хорооноос зарчмын зөрүүтэй гурван саналын томьёолол бэлтгэжээ.

Байнгын хорооны хуралдаанаар төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн төслийн 7 дугаар зүйлд “Төсөвт төлсөн малын тоо толгойн албан татварын орлогыг бэлчээр хамгаалах, нөхөн сэргээх, цөлжилттэй тэмцэхэд зарцуулна” гэж нэмэх, Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд төсөлд “Албан татварыг бэлчээр хамгаалах, нөхөн сэргээхэд зарцуулна” гэсэн агуулгатай 8 дугаар зүйл нэмэх санал гаргасныг Төсвийн байнгын хороо дэмжээгүй аж. Тиймээс нэр бүхий гишүүдээс гаргасан дээрх саналыг төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийн шатанд гүйцээн боловсруулахыг хуралдаан даргалагч Төсвийн байнгын хороонд чиглэл болгов.

Харин Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 2 дугаар зүйлийн “2020 оны 10 дугаар сарын 01-ний” гэснийг “2021 оны 01 дүгээр сарын 01-ний” гэж өөрчлөхөөр ажлын хэсгээс гаргасан саналыг Төсвийн байнгын хорооны гишүүдийн олонх нь дэмжсэнийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн юм.

Дараа нь Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, тус Байнгын хорооны дарга Б.Жавхлан танилцуулав.

Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хийж, хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр бүх Байнгын хороод, Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд шилжүүлсэн.

Төсвийн байнгын хороо энэ сарын 04-ний өдрийн хуралдаанаараа төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн. Төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан төсвийн санал нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн зарлагын болон алдагдлын дүнг нэмэгдүүлээгүй байх, Төсвийн тухай хуулийн 6.2.6, 29.3, 29.4-т заасан шаардлагыг хангасан эсэх талаар Улсын Их Хурлын Тамгын газрын Төсвийн шинжилгээний албанаас дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргаж ирүүлсэн байна.

Монгол Улсын Засгийн газраас цар тахлаас урьдчилан сэргийлэх багц арга хэмжээний үр дүнд нэмэгдсэн төсвийн алдагдлыг бууруулах, төсвийн орлогын бааз суурийг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд анхаарч төсвийн төслийг боловсруулжээ. Өргөн барьсан төсөлд төсвийн тэнцвэржүүлсэн орлого 2020 оны тодотголын түвшнээс 2.1 их наяд төгрөгөөр нэмэгдэж 11.8 их наяд төгрөгт, нийт зарлага 2020 оны тодотголоос 625.9 тэрбум төгрөгөөр буурч 13.9 их наяд төгрөгт хүрэхээр тооцож, тэнцвэржүүлсэн тэнцлийг 2.2 их наяд буюу ДНБ-ий 5.1 хувьтай тэнцүү байхаар эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийг сайжруулж тооцсон байна.

Улсын Их Хурлын даргын 2020 оны 40, 41 дүгээр захирамжаар төсвийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын 15 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан бөгөөд ажлын хэсэг төсвийн төсөлтэй холбогдуулан Үндэсний аудитын газар, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, төрийн болон төрийн бус байгууллагуудаас ирүүлсэн санал, дүгнэлт, зөвлөмжтэй танилцаж, төсвийн төслийн орлого, зарлагын тооцоолол, үндэслэлийг судлан үзэж, хуулийн төслийн талаарх тусгайлсан саналаа Төсвийн байнгын хорооны хуралдаанд танилцуулжээ.

Мөн Монгол Улсын 2021 оны төсвийн төсөлтэй холбогдуулан Үндэсний аудитын газраас улсын төсвийн хөрөнгөөр 2021 онд шинээр хэрэгжүүлэхээр тусгагдсан 55 төсөл, арга хэмжээг техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв хийгдээгүй байна гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг тухайн төсөл, арга хэмжээнүүдийг зураг, төсөв шаардлагатай эсэх, жишиг зургаар хэрэгжүүлэх боломжтой эсэх талаар судлан үзэж, саналаа Байнгын хороонд танилцуулсан байна.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.6 дахь хэсэгт заасны дагуу бусад Байнгын хороод, Төсвийн зарлагын хяналтын дэд хороо гишүүдийн гаргасан санал тус бүрээр санал хураалт явуулж олонхын дэмжлэг авсан, аваагүйгээр нь бүлэглэн томьёолж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг санал, дүгнэлтийн хамт ирүүлснийг Төсвийн байнгын хорооны хуралдаанаараа хэлэлцжээ.

Төсвийн ажлын хэсгээс Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн зарлагын болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр тодорхой төсөл, хөтөлбөр, арга хэмжээний зардлыг нэмэгдүүлэхдээ мөн хэмжээгээр бууруулах зарчмыг баримтлан төсвийн тэнцлийг сайжруулан орлого, зарлагын бүтцэд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэж дараах саналуудыг гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнийг Байнгын хорооны дарга танилцуулав. Үүнд:

·      Төсвийн ерөнхийлөн захирагчдын хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлэх шаардлагатай зарим урсгал зардлын төлөвлөсөн төсөв хүрэлцэхгүй, үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй нөхцөл байдал бий болоод байгаа тул зарим төсвийн ерөнхийлөн захирагчийн урсгал зардлыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзээд нийт 28,082.8 сая төгрөгөөр нэмэгдүүлэх;

·      Орон нутагт хэрэгжих хөрөнгө оруулалтын төлөвлөлт харилцан адилгүй төлөвлөгдсөн байдал, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний эдийн засгийн үр ашиг, ач холбогдлоор эрэмбэлж, тэвчиж болох зарим хөрөнгө оруулалтыг дараа онуудад хэрэгжүүлэхээр хойшлуулах замаар зарим хөрөнгө оруулалтыг төслөөс хасах болон санхүүжүүлэх дүнг бууруулах өөрчлөлтийг тусгах;

·      Улсын төсвийн хөрөнгөөр зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай зарим хөрөнгө оруулалтыг нэмж тусгах, мөн 2021 оны төсвийн жилд улсын төсвөөс санхүүжүүлэхээр тусгагдсан хөрөнгө оруулалтыг гүйцээн ашиглалтад оруулах шаардлагыг үндэслэн зарим төсөл, арга хэмжээний санхүүжих дүнг нэмэгдүүлэх өөрчлөлтийг тусгах;

·      Төсвийн ерөнхийлөн захирагчдын тэвчиж болох нэг удаагийн шинжтэй болон тээвэр, шатахуун, томилолт, зочны зардал, нийгмийн халамжийн зардлыг тодорхой хувиар бууруулах;

·      Зайлшгүй шаардлагыг үндэслэн 2021 оны санхүүжих дүнд нөлөөлөхгүй төсвийн захирагч нарын багц дотор болон багц хооронд зохицуулалт хийх зэрэг санал гаргажээ.

Дараа нь Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны сангийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурал дахь АН-ын бүлгээс гаргасан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Ганбат нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.  

Ингээд Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны сангийн тухай хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Төсвийн ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудын томьёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэв.

Ажлын хэсгээс зардал нэмэгдүүлэх саналыг зардал бууруулах саналтай хамт гаргасан байна. Эрүүл мэнд, боловсрол, хил, гааль, мэргэжлийн хяналт, онцгой байдал, цагдаа, батлан хамгаалахын салбараас бусад төсвийн ерөнхийлөн захирагч нарын тээвэр, шатахууны зардлыг нийт 2,536.4 сая төгрөгөөр, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд, эрүүл мэнд, боловсрол, хил, гааль, мэргэжлийн хяналт, онцгой байдал, цагдаа, батлан хамгаалахын салбараас бусад төсвийн ерөнхийлөн захирагч нарын томилолт, зочны зардлыг нийт 604.4 сая төгрөгөөр, Нийгмийн халамжийн зардалд “Хүүхдийн мөнгөн тэтгэмж”-д тусгагдсан 864.0 тэрбум төгрөгөөс бусад төрлийн халамжид зарцуулах төсвийг 26,472.5 сая төгрөгөөр, Эрүүл мэндийн даатгалын сангийн бусад зориулалт, арга хэмжээний зардлыг 27,212.7 сая төгрөгөөр тус тус бууруулах, мөн Эмнэлгийн бие даасан байдлыг дэмжих арга хэмжээнд төсөвлөсөн 1,899.8 сая төгрөгийг, Олон улсын залуучуудын ногоон наадам зохион байгуулахад тусгагдсан 9,600.0 сая төгрөгийг, АШУҮИС-ийн харъяа түшиц эмнэлэгт олгох татаасын зардлаас 3,728.7 сая төгрөгийг тус тус хасах, түүнчлэн саналын томьёоллын хавсралт 1-д тусгагдсанаар тэвчиж болох, хойшлуулах боломжтой 115,277.0 сая төгрөгийн төсөвт өртөгтэй, 2021 онд 46,241.1 сая төгрөгийн санхүүжих дүнтэй, 41 төсөл, арга хэмжээг дараа онуудад хэрэгжүүлэхээр хойшлуулж төслөөс хасах, 39 төсөл, арга хэмжээний 2021 онд санхүүжих дүнг хэрэгжилт, гүйцэтгэлтэй уялдуулах        мөн хэрэгцээ шаардлагад үндэслэн 50,719.1 сая төгрөгөөр бууруулах, саналын томьёоллын хавсралт 3-т тусгагдсан өөрчлөлтийг үндэслэн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний 2021 онд санхүүжих дүнг 15,025.0 сая төгрөгөөр бууруулах, энэ 184,039.7 сая төгрөгийн эх үүсвэрийн санхүүжилтээр дараах хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэх. Үүнд:

-Улсын Их Хурлын даргын төсвийн багц дахь урсгал зардлыг 14,549.8 сая төгрөгөөр, Монгол Улсын Ерөнхий аудиторын төсвийн багцын урсгал зардлыг 5,138.2 сая төгрөгөөр, Санхүүгийн зохицуулах хорооны даргын төсвийн багцыг 1,325.8 сая төгрөгөөр,

-Булган аймгийн Дашинчилэн, Гурванбулаг, Хишиг-Өндөр, Хангал, Баяннуур, Баян-Агт сумдууд төвлөрсөн халаалтад холбогдсон тул Булган аймгийн төсвийн суурь зардлыг 1,300.0 сая төгрөгөөр,

-Монгол Улсын Шадар сайдын багцад өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, орон нутагт өвөлжилт хүндрэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны нөөцийн зардлыг 3,000.0 сая төгрөгөөр, Монгол Улсын Ерөнхий сайдын төсвийн багцад олон улсын тэмцээн уралдаанд оролцох хөтөлбөрийн санхүүжилтийг 2,769.0 сая төгрөгөөр нэмж тусгах,

-мөн саналын томьёоллын хавсралт 2-т тусгагдсанаар хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнд ажлын хэсэгт ирүүлсэн саналуудтай уялдуулан 178,055.2 сая төгрөгийн төсөвт өртөгтэй, 2021 онд 74,421.6 сая төгрөгийн санхүүжих дүнтэй, 109 төсөл, арга хэмжээг шинээр нэмж тусгах, 15 төсөл, арга хэмжээний 2021 онд санхүүжих дүнг 66,868.0 сая төгрөгөөр нэмэгдүүлэх,

саналын томьёоллын хавсралт 3-т тусгагдсан өөрчлөлтийг үндэслэн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний 2021 онд санхүүжих дүнг 13,078.1 сая төгрөгөөр нэмэгдүүлэх зарчмын зөрүүтэй саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 66.0 хувь нь дэмжлээ.

Мөн 2021 онд санхүүжих дүнд нөлөөлөхгүй зохицуулалт хийх чигллэлээр зарчмын зөрүүтэй 6 саналын томьёолол бэлтгэснийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэн юм. Тухайлбал, саналын томьёоллын хавсралт 4-т тусгагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төсөвт өртгийг батлагдсан зураг төсвийг үндэслэн 22,671.5 сая төгрөгөөр нэмэгдүүлэх, төсөл, арга хэмжээний төсөвт өртгийг 4,162.7 сая төгрөгөөр бууруулах; саналын томьёоллын хавсралт 5-д тусгагдсанаар хөрөнгө оруулалтын нийт 25 төсөл арга хэмжээний нэр, хүчин чадал, байршлыг өөрчлөх; Дархан-Уул аймгийн Геронтологийн төвийн зориулалтаар үйл ажиллагаа явуулж байсан барилгыг Ахмадын хөгжлийн төв болгон өөрчлөн зохион байгуулсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын багцын урсгал зардлаас 250.9 сая төгрөгийг хасаж, Дархан-Уул аймгийн ахмад настны хөгжил хамгааллын суурь зардлыг 250.9 сая төгрөгөөр нэмэгдүүлэхийг тус тус дэмжив.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий аудиторын төсвийн багцын санхүүжилтийн эх үүсвэрт төсөвт байгууллагын өөрийн орлогыг 2,878.4 сая төгрөгийг бууруулж, улсын төсвөөс санхүүжих дүнг нэмэгдүүлэх, үүнтэй уялдуулан навигацийн орлогыг 2,878.4 сая төгрөгөөр нэмэгдүүлэх; Монгол Улсын Ерөнхий Сайд, Шадар сайдын ажлын албыг бэхжүүлэх зорилгоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын орон тоог 10-аар нэмэгдүүлж, холбогдох цалин хөлс, урсгал зардал болох 267.6 сая төгрөгийн санхүүжилтийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын төсвийн багцад зохицуулалт хийж, нийт дүнг нэмэгдүүлэхгүйгээр шийдвэрлэх; Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцад тусгагдсан Үлийн цагаан оготно устгахад зориулан тусгагдсан санхүүжилтийг 3,000.0 сая төгрөгөөр бууруулж, энэ дүнгээр Хүнсний ногооны үр худалдан авах санхүүжилтэд тусгах замаар сайдын төсвийн багц дотор зохицуулалт хийх нь зүйтэй гэж үзэж дэмжлээ.

Үргэлжлүүлэн хуулийн төслүүдтэй холбогдуулан бусад Байнгын хорооноос гаргасан саналууд болон Төсвийн байнгын хорооноос дэмжигдээгүй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хурааж шийдвэрлэн Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны сангийн тухай хуулийн төслүүдийг гурав, дөрөв дэх хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Хот байгуулалтын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас энэ оны нэгдүгээр сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийнхэлэлцэх эсэхийг эхэлж, энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар танилцуулав.

Хот байгуулалтын тухай хуулийг анх 1998 онд батлан мөрдүүлж, хот байгуулалтын салбарын хөгжлийн чиг хандлагад үүссэн цаг үеийн шаардлагаар уг хуулийг 2008 онд шинэчлэн найруулж, 2015 онд нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

Энэ хууль хэдийгээр тухайн цаг үеийн хөгжлийн шаардлагыг хангаж байсан боловч өнөөгийн нийгмийн хөгжилд нийцэхгүй, хэрэгцээ, шаардлагыг тэр бүр хангахгүй болжээ. Хууль зүй, дотоод хэргийн яамнаас зохион байгуулсан Хот байгуулалтын тухай хуулийг бусад хууль тогтоомж, эрх зүйн акттай уялдуулах ажлын хүрээнд уг хуулийн хийдэл, давхардал, зөрчлийн судалгаа хийгдэж, уг хуультай холбоотой нийт 56 давхардал, хийдэл, зөрчил байна гэсэн дүгнэлт гарсан байна.

Сүүлийн 20 гаруй жил хотжих үйл явц эрчимтэй явагдаж, хөдөөнөөс хот, суурин газрыг чиглэсэн хүн амын шилжилт хөдөлгөөний нөлөөгөөр хотжилтын төвшин хурдацтай нэмэгдэж 67.6 хувьд хүрээд байна. Тухайлбал, нийслэл, бүсийн тулгуур төв болон аймгийн төв болох 23 хотод манай улсын нийт хүн амын 60 гаруй хувь нь оршин сууж, ажил, хөдөлмөр, бизнесийн үйл ажиллагаа эрхэлж байгаа. Үүнээс зөвхөн Улаанбаатар хотод оршин суугчдын тоо 1 сая 400 мянгад хүрч, аж ахуйн нэгж, байгууллагуудын 70 орчим хувь нь байршиж, дотоодын нийт бүтээгдэхүүний 60 гаруй хувийг үйлдвэрлэж байна. Мөн Дархан, Эрдэнэт, Чойбалсан зэрэг томоохон хотын хүн ам, үйлдвэрлэл, үйлчилгээний төвлөрлийн улмаас дэд бүтэц, боловсрол, эрүүл мэнд зэрэг иргэдэд хүргэх төрийн үйлчилгээний даац хэтэрч, хүртээмж хүрэлцэхгүй байгаагаас нийгэм, эдийн засгийн олон асуудал тулгамдаад байна.

Иймээс иргэдийг эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрахад чиглэсэн хот байгуулалт, газрын харилцааны бодлого, зохицуулалтын нэгдмэл байдлыг хангах эрх зүйн орчныг шинэчлэн бүрдүүлэх, хот байгуулалтын үйл ажиллагаанд оролцогч, хэрэгжүүлэгчийн эрх, үүрэг, хот байгуулалтын мэргэжлийн байгууллага, мэргэжилтний ёс зүй, хариуцлагын тогтолцоог тодорхой болгож сайжруулах, хот байгуулалтын талаар төрөөс баримталж байгаа бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн хот, суурин газар болон бүс нутгийн хөгжлийн төлөвлөлт, хэрэгжилтийг хангахуйц олон улсын жишигт нийцсэн эрх зүйн тогтвортой орчныг бүрдүүлэх, хуулийн давхардал, хийдэл, зөрчил арилгах, хууль хоорондын уялдааг хангах зорилгоор хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсныг хууль санаачлагч илтгэлдээ онцлов.

Уг хуулийн төсөл нь 10 бүлэг, 60 зүйлтэй юм. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хот байгуулалтын баримт бичгийг ач холбогдлоор нь ангилж, түүнд тавигдах шаардлагыг нарийвчлан тусгасны зэрэгцээ тэдгээрт магадлал (экспертиз) хийх үе шат, хот байгуулалтын баримт бичгийг хэрэгжүүлэх үе шат, тавигдах шаардлагууд, хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, барилгажилтын төсөл, хот байгуулалтын бүсчлэл, түүнд тавигдах шаардлагыг одоо байгаа зохицуулалтыг илүү нарийвчлан тусгасан; мөн хот байгуулалтын үйл ажиллагаанд оролцогч иргэн хуулийн этгээд, төрийн бусад байгууллагуудын чиг үүргийг нарийвчлан тусгасны зэрэгцээ хот, суурины хүрээлэн буй орчин түүх, соёлын дурсгалт газрыг хадгалж хамгаалах, тэдгээрийн зохистой үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн төлөвлөлтийн зохицуулалтыг тусгажээ.

Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар хот, суурин газар болон улс, бүс нутгийн хөгжлийн төлөвлөлт, хэрэгжилтийг хангах олон улсын жишигт нийцэх бөгөөд байгаль орчин, нийгэм, эдийн засаг, хууль зүйн хувьд эерэг үр дагаврууд бий болно. Тухайлбал:

·      Бүс нутаг, хот, суурины хөгжпийн төлөвлөлт, бүтээн байгуулалтын үйл ажиллагааны талаарх бодлого, хэрэгжилтийн зохицуулалт нь нэгдмэл болж, хот байгуулалтын талаарх хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчил арилна;

·      Хот төлөвлөлт, хот байгуулалтын үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, хэрэгжүүлэх үйл ажиллагааг нээлттэй ил тод болгох, хэрэгцээ, шаардлагад илүү нийцсэн, хүрээлэн буй байгаль орчинтойгоо харилцан холбоо бүхий ногоон хөгжлийн шаардлагыг хангасан, ногоон хот байгуулалт бий болох нөхцөл бүрдэнэ;

·      Хот байгуулалтыг бүсчлэлийн хэлбэрээр зохицуулан холбогдох мэргэжлийн байгууллага, зөвлөлийн саналыг урьдчилж тусгах нь байгаль орчинд ээлтэй буюу хот, суурины нөөцийг оновчтой тооцоолсон, хөрөнгө оруулалтын бодлогод суурилсан, улсын хөгжлийн нэгдсэн бодлогод нийцсэн хот байгуулалтыг бий болгох нөхцөл бүрдэнэ;

·      Хот байгуулалтын баримт бичгийг хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөөг харилцан уялдуулах нь хот, суурины тэлэлт, шаардлагагүй дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, одоогийн үүссэн бүх хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэнэ;

·      Монгол Улсын Үндсэн хуульд заасан “Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэсэн заалтын хэрэгжилтийг хангахад чиглэгдсэн эрх зүйн орчин бий болно;

·      Хот, тосгоны газар ашиглалтын зөв хуваарилалт бий болж, хот төлөвлөлтийн баримт бичиг боловсруулах, түүний бүрэлдэхүүн хэсэг, хэрэгжүүлэх үе шат тодорхой болох эрх зүйн орчин бүрдэнэ;

·      Хот байгуулалтыг төлөвлөлтийн үе шатнаас эхлэн хэрэгжүүлж дуусах хүртэл хугацаанд хууль тогтоомж, норм, нормативын шаардлагыг хангаж ажиллах нөхцөл бүрдэнэ;

·      Төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих ач холбогдолтой гэж хууль санаачлагч үзэж байгаа аж.

Хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг Эдийн засгийн байнгын хороо энэ сарын 4-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцээд төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа танилцуулсан юм.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, М.Оюунчимэг, Л.Энх-Амгалан, С.Ганбаатар, С.Одонтуяа, Х.Булгантуяа, Ц.Мөнх-Оргил, Х.Нямбаатар, О. Цогтгэрэл, Ж.Ганбаатар, С.Чинзориг, Б.Баттөмөр, Ж.Бат-Эрдэнэ нар салбарын сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв. Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, Ж.Ганбаатар, С.Амарсайхан, Г.Дамдинням нар үг хэлж төслийг дэмжиж буйгаа илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Т.Доржханд нар төсөл өргөн баригдаад удаж байгаа, Газрын тухай, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулж хамтад нь оруулж ирэх шаардлагатай гэж үзэж буйгаа хэллээ. Үг хэлсэн гишүүд төслийн хэлэлцүүлгийн шатанд Байнгын хорооноос ажлын хэсэг гаргаж, нухацтай хэлэлцэх, мөн төслийн хэлэлцүүлгийг түр хойшлуулаад хот байгуулалтын суурь хуулиуд болох Газрын тухай багц хуулийн төсөл болон бусад хуулиудтай хамтатган асуудлыг томоор харж цогцоор нь шийдэхэд анхаарах шаардлагатай гэж үзэж буйгаа хэлж байв.

Үүгээр өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close