Аргалант суманд хэрэгжиж буй ойжуулалтын төсөл нь цөлжилтийг сааруулах бодит жишээ болж байна

Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724
– Төв аймгийн Аргалант суманд хэрэгжиж буй ойжуулалтын төсөл нь ногоон хөгжлийг дэмжиж, цөлжилтийг сааруулах бодит жишээ болж байна –
Монгол Улсад жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг Мод тарих үндэсний өдрийг тохиолдуулан байгаль орчныг хамгаалах, цөлжилтийг бууруулах зорилготой мод тарих ажлууд орон даяар өрнөж байна. Энэ хүрээнд Тэрбум мод үндэсний хөдөлгөөний зорилт, зорилгыг дэмжсэн бодит ажил Төв аймгийн Аргалант суманд амжилттай хэрэгжиж байна. Тодруулбал, KT&G Нийгмийн халамжийн сангаас хэрэгжүүлж буй “Төсөөллийн ой” төслийн мод тарих /2026.05.07/ арга хэмжээ болж, тус сумын сургуулийн өмнөх боловсролын байгууллагын албан хаагч, ахмадын холбооны гишүүд ойжуулалтын талбайн ажилчид хамтран, нийт 500 ширхэг хайлаас мод тарив.

Мод тарих арга хэмжээг нээж Төв аймгийн Аргалант сумын Засаг дарга Я.Энхбаатар хэлсэн үгэндээ, Төв аймгийн Аргалант суманд уур амьсгалын өөрчлөлт, хөрсний доройтол, цөлжилтийн нөлөө жил ирэх тусам нэмэгдэж байна. Сүүлийн жилүүдэд хур тунадасны хэмжээ багасч, өвлийн улиралд цасан бүрхүүл тогтох нь эрс буурснаар хөрсний чийг багасаж, газар тариалангийн бүсэд хөрсний элэгдэл, эвдрэл, тоосжилт нэмэгдэх болсон. Энэ нь тариалангийн талбай болон айл өрхийн хашаанд элс, шороо хунгарлан тогтох байдлаар илэрч байгааг онцолсон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон Засгийн газрын бодлогын хүрээнд газар тариалангийн бүсэд хамгаалалтын ойн зурвас байгуулах, цөлжилт, газрын доройтлыг бууруулах чиглэлээр тодорхой ажлууд хийгдэж байна. Үүнд иргэд хамтын оролцоонд тулгуурлан нэгдэж ажиллах нь хамгийн чухал гэдгийг мөн онцолж байлаа.

Аргалант суманд “Ногоон Ази сүлжээ” ТББ-аас 100 га талбайд хэрэгжүүлж буй ойжуулалтын төсөл нь орон нутгийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хөрс хамгаалах зэрэг эерэг үр дүн үзүүлж байна. Төслийг БНСУ-ын KT&G группийн Нийгмийн халамжийн сангийн хөрөнгө оруулалт, санхүүжилтээр 2025 оноос хэрэгжүүлж байгаа бөгөөд мод тарихаас гадна орон нутгийн иргэдийн оролцоог хангаж, ажлын байр нэмэгдүүлэх, өрхийн орлогыг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж байгаад талархал илэрхийлье. Тус ойжуулалтын талбайг хариуцан ажиллаж буй “Аргалын ногоон төгөл” хоршоо өнгөрсөн онд сумын айл өрх бүрд таван ширхэг модны суулгац хандивласан нь иргэдийн мод тарих идэвх санаачилгыг нэмэгдүүлэхэд эерэг нөлөө үзүүлсэн.
Аргалант сумын зүгээс “Ногоон сум” болох урт хугацааны зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд цөлжилтийн эсрэг хамтын ажиллагааг өргөжүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх олон ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Үүнд 100 га талбай бүхий “Төгсөгчдийн төгөл” цэцэрлэгт хүрээлэн байгуулах, авто замын дагуу хамгаалалтын ойн зурвас байгуулах, 6 ширхэг цэцэрлэгт хүрээлэн байгуулах зэрэг томоохон ажлууд багтаж байгаа бөгөөд зарим ажлыг энэ оноос эхлүүлээд байна.

Тэрээр өнөөдөр хэрэгжиж буй эдгээр ажлын суурь нь 2016 оноос “Ногоон Ази сүлжээ” ТББ-ын эхлүүлсэн ойжуулалтын үйл ажиллагаа бөгөөд Монгол орныг ногооруулах хүсэл, зорилго өнөөдөр ч тасралтгүй үргэлжилсээр байна хэмээв.
Мөн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтолтой тэмцэх ажил нь зөвхөн нэг байгууллага, нэг салбарын асуудал бус, иргэн бүрийн оролцоо, хамтын хүчин чармайлтаар хэрэгждэг урт хугацааны үйл явц гэдгийг онцолж, иргэд, байгууллагуудыг ногоон хөгжилд хамтран оролцохыг уриалсан юм.

Дашрамд дурдахад, Аргалант суманд ойжуулалтыг ажлыг 2016 онд БНСУ-ын Сөүл хотын хөрөнгө оруулалтаар эхлүүлсэн бөгөөд уг санаачилга нь орон нутгийн байгаль орчныг хамгаалах, цөлжилт, газрын доройтлыг бууруулах зорилготойгоор тасралтгүй хэрэгжсээр ирсэн юм.
2025 оноос БНСУ-ын КТ&G группийн Нийгмийн халамжийн сангийн санжүүжилтээр уг төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ нь өмнөх ажлын үргэлжлэл, цар хүрээг өргөжүүлсэн томоохон санаачилга болж чаджээ.

Төслийн хүрээнд орон нутгийн иргэдийн оролцоог ханган, хамтын хүчин чармайлтаар нийт 44,000 ширхэг мод тарьж ургуулахаар төлөвлөж байна. Энэхүү ажил нь орон нутгийн экосистемийг нөхөн сэргээх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, улмаар уур амьсгалын сөрөг нөлөөллийг бууруулах, Тэрбум мод үндэсний хөдөлгөөний зорилттой уялдан хэрэгжиж буй чухал хувь нэмэр юм.
Уг арга хэмжээ нь байгаль орчны доройтлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, цаашлаад иргэдийн экологийн боловсрол, оролцоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд “ногоон хөгжил”-ийг дэмжсэн бодит алхам болж байна.

Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724



