ЯрилцлагаНийгэмОнцлохШинэ мэдээ

Я.Содбаатар: Алтанбулагийн боомтод тээврийн зохицуулалт хийнэ

“COVID-19” цар тахалтай холбоотой цаг үеийн асуудлаар Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.СОДБААТАРТАЙ ярилцлаа.

-Засгийн газрын шийдвэрээр Цагааннуур, Боршоо боомтуудыг 21 хоногийн хугацаанд хаасан. Мөн Алтанбулагийн хилийн боомтыг хаана гэсэн мэдээлэл гарч эхэллээ. Уг боомтыг хаах юм уу?

-Алтанбулагийн боомтыг хаах талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй. Монгол Улсын экспортын хүнсний хангамж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний гол урсгал энэ боомтоор дамжиж байна. Тиймээс Алтанбулагийн боомтыг хаахгүй, харин тээврийн зохицуулалт хийнэ. Учир нь, ОХУ, Европын орнуудад “COVID-19” цар тахлын хоёр дахь давлагаа маш хүчтэй явагдаж байна. Манай хилийн цаадах нь Наушк өртөөнөөс эхлээд цар тахлын халдварын өвчлөл болон нас баралтын тоо эрс нэмэгдэж байна. Тиймээс Алтанбулагийн боомтоор орж ирж байгаа олон улсын тээвэр болон улс хоорондын ачаа тээврийн жолооч нарыг боомтоос нааш нэвтрүүлэхгүй байх чиглэлээрээр техникийн зохицуулалт хийх шаардлага гарсан. Улсын онцгой комисс долоо хоногийн өмнө энэ чиглэлээр тодорхой шийдвэр гаргаж, Зам, тээврийн хөгжлийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулан тооцоо, судалгааг хийж байна.

-Яг ямар зохицуулалтыг хийх вэ?

-Ирэх арванхоёрдугаар сарын 1-нээс эхлэн Алтанбулагийн боомтоос нааш ямар нэгэн зорчих хөдөлгөөн, жолоочийг нэвтрүүлэхгүй гэсэн бодолтойгоор бэлтгэл ажлыг хангаж байна. Тэндээс нь ачаагаа авах, заримыг нь төмөр замаар шилжүүлэн ачих, эсвэл зарим автомашины толгойг сэлгэх зэрэг зохион байгуулалтын арга хэмжээ авна. Үүний хүрээнд Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг түр хязгаарлаж, хашаан дотор нь тээвэр зохицуулалтын арга хэмжээг зохион байгуулаад явна гэсэн үг. Чөлөөт бүсийг түр хязгаарлахтай холбоотойгоор Алтанбулагийн боомтыг хаана гэсэн буруу ойлголт олон нийтийн дунд байх шиг байна.

-Хилийн зарим боомтыг хааж, хязгаарлаж байгаатай холбоотойгоор нүүрс тээвэрлэлтэд ямар нэгэн өөрчлөлт оруулах уу?

-Нүүрсний тээвэр дээр ямар нэгэн хязгаарлалт хийгээгүй. Гэхдээ халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, нүүрс тээврийн жолооч нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх шаардлага бий. Саяхан Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комисстой хамтран эмчийн нэгдсэн үзлэгийг зохион байгуулсан. Одоо “Тайван зогсоол” буюу 2500 зогсоолтой, дотроо амрах байртай үйлчилгээний төвийг ашиглалтад оруулах чиглэлээр Засгийн газар дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Энэ сардаа багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар нүүрс тээврийн 6000 гаруй жолооч байна. Дээрх зогсоолыг байгуулснаар нүүрс тээврийн жолооч нарын нөхцөл байдал дээрдэх боломж бүрдэнэ. Хил, гааль дээр ямар нэгэн хязгаарлалтыг одоогоор хийгээгүй. Ерөнхийдөө Гашуунсухайтын боомтоор өдөртөө 1200-аас доошгүй, Шивээхүрэнгийн боомтоор 500-600 нүүрс тээврийн автомашин нэвтэрч байна. Энэ тоогоо бариад он дуусгаж чадвал экспортын орлого нэмэгдэх боломж бий гэж харж байгаа юм.

-Сүүлийн үед иргэдийг маскаа зүү гэсэн уриалгыг эрчимтэй явуулж байгаа нь олон нийтийн дунд айдас төрүүлээд байна. Мөн зарим боомтыг хаасан зэрэг нь дотооддоо халдвар алдсан гэх хардлагыг улам нэмэгдүүлж байгаа бололтой. Үүнд та тайлбар өгнө үү?

-Эрүүл мэндийн сайдын зүгээс тодорхой тандалт судалгаа хийж, нөхцөл байдлыг судалсны үндсэнд дотооддоо халдавар алдаагүй гэсэн тодорхой байр сууриа илэрхийлсэн. Ер нь “Маскаа зүүе”, “Гараа угаая” гэсэн хоёр аяныг эхлүүллээ. Улирлын томуу эхэлж байгаатай холбоотойгоор маскаа зүүхийг уриалж байна. Үүнээс сэргийлэхийн тулд амны хаалт чухал. Нөгөө талдаа дотооддоо бид халдвар хамгааллын дэглэмийг сахиж байх нь эрсдэлийг бууруулах нэг том алхам гэж харж байгаа. Дэлхийн 60 орчим улс оронд өнөөдөр дотоод хөдөлгөөнөө хязгаарласан байна. 86 улс дотоодын олон нийтийн арга хэмжээ, үйлчилгээг хязгаарласан бол 106 орон хил, гаалиа хэсэгчлэн болон бүрэн хаасан. Тэгэхээр дэлхий нийтэд цар тахлын хоёр дахь давлагаа бий болж байгаатай холбогдуулан олон шат дараатай арга хэмжээ авч байна. Үүний дагуу Монгол Улс ч дотоодын халдвар хамгааллыг сахих, дэглэм хангуулах чиглэлд тодорхой арга хэмжээ авч байгаа. Иргэд гараа ариутгаж, зайгаа барьж, маскаа зүүгээрэй гэж уриалъя.

-Цар тахлаас хамгаалах бэлтгэл ажлыг аль дээрээс хангаж эхэлсэн. Гэсэн хэдий ч цар тахлын хоёр дахь давлагаа олон улс оронд дэгдсэн нь эрсдэлийг бий болгож байна. Үүнтэй холбоотой хамгийн түрүүнд авах арга хэмжээ, бэлтгэл ажлыг хэрхэн хангасан бэ?

-“COVID-19” цар тахлын бэлэн байдлыг хангах чиглэлээр өнгөрсөн хугацаанд тодорхой олон арга хэмжээг авч ирсэн. Цар тахал гарснаас хойш Улсын онцгой комиссоос өнгөрсөн гуравдугаар сард “COVID-19” цар тахалтай тэмцэх стратеги төлөвлөгөөг нарийвчилж баталсан. Манай улсын баримталж байгаа стратеги, тактикийг олон улсын хурал, цуглаануудад тэргүүн туршлага болгон ярьж байна. Монгол Улс цар тахлыг дотооддоо алдаагүй, иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг хамгаалж чадаж байна гэдгийг онцлон тэмдэглэж байгаа. Бид бүхэн эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг хангах чиглэлээр долоодугаар сарын 15-наас эрүүл мэндийн байгууллагуудад ажиллаж, ажлын хэсэг байгуулан нэг бүрчлэн шалгалт, хяналтыг хийсэн. Үүний хүрээнд хэд хэдэн ажлын хэсэг гаргаж, УИХ, Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргаж байгаа шийдвэрүүдийн хэрэгжилтийг шалгалаа. Үүний дагуу тодорхой арга хэмжээг авч байна. Ер нь дотоодод цар тахлын ямар нэг эрсдэл бий болбол түүнийг даван туулахад хэдий хэмжээний ор дэлгэх, хэчнээн эмч, ажилтан ажиллах, цагдаагийн байгууллагын хэчнээн алба хаагч хамгаалалтад гаргах юм, аль бүс нутагт гарвал хэрхэн ажиллах гээд нарийвчилсан стратеги, төлөвлөгөөг гаргаж, бэлэн байдлыг хангасан. Өнгөрсөн ес, аравдугаар сард эдгээрийнхээ бэлэн байдлыг хангах чиглэлээр бүх аймаг, боомтод шалгалт хийж, сургалт явуулж, нэн шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Нэг үгээр хэлбэл, бэлэн байдлыг харьцангуй өндөр хэмжээнд ханган ажиллаж байгаа гэж хэлж болно.

-Цар тахлыг дотооддоо алдах эрсдэл хэр өндөр байгаа вэ?

-Цар тахал орж ирэх магадлалтай гурван том эрсдэл байна. Нэгдүгээрт, тусгай үүргийн онгоц гаргаж, иргэдээ татан авч тусгаарлах байранд байрлуулж байгаатай холбоотойгоор эрсдэл байна. Тиймээс үүнд халдвар хамгааллын дэглэмийг маш сайн баримтлах хэрэгтэй. Хоёрдугаарт, улс хоорондын болон олон улсын ачаа тээвэрт явж байгаа жолооч нараас сүүлийн үед халдвар илэрч байгаа нь эрсдэлийг бий болгож байна. Үүнд анхаарал хандуулж, тээвэр зохицуулалтыг хийх шаардлага үүслээ. Гуравдугаарт, шууд контакт буюу өвчтөнтэй харьцаж байгаа эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчдын халдвар хамгааллын дэглэм алдагдсанаас халдвар алдах магадлалтай. Тиймээс энэ гурван цэг дээр ач холбогдол өгч халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, хяналт шалгалтаа сайжруулах, чангатгах чиглэлээр тодорхой үүрэг даалгавар өгч, биелэлтийг шалгаж ажиллаж байна.

Эх сурвалж: МХЕГ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close