Саалийн үнээгээ олон болгох боломж
-Төрийн банкны тогтоосон сайн жишиг буюу зөв багийг зөв газарт нь…-
Саяхныг хүртэл Монгол Улс “Эрдэнэт” үйлдвэр гэсэн саалийн ганцхан үнээтэй байлаа. Дэлхийн зах зээл дэх зэсийн үнийн өсөлт, уналтаас хамаарч монголчууд бүсээ чангалах, үгүй нь шийдэгддэг байв. Зарим жил бүсээ тасартал “таргалж”, заримдаа “гол”-оо тасартал бүсээ чангалдаг байсныг бид мэднэ. Тэгвэл дэлхийн зах зээл дэх нүүрсний үнийн өсөлт, Тавантолгойн бүлэг ордын эдийн засгийн эргэлт Монгол Улсыг дан ганц “Эрдэнэт” үйлдвэрээс хараат бус болгосон. Оюутолгойн ордыг ашиглаж эхэлсэн нь ч бас Монгол Улсын эдийн засгийг томроход том түлхэц болсон нь гарцаагүй.
Гэхдээ энэ бүхэн бидэнд хангалттай байна гэж үү? Дэлхий нийтээр цар тахалд нэрвэгдээд буй энэ цагт Монгол Улсын хөгжлийн загвар дан ганц уул уурхай дээр явах нь өрөөсгөл гэдэг нь ойлгомжтой болж байна. Тэр тусмаа төрийн өмчит, төрийн оролцоотой бүхэн санхүүгийн хувьд чадавхигүй байгаа үед эдийн засгийг зөв удирдах сайн менежерүүд үгүйлэгдэх боллоо. Өөрөөр хэлбэл, төр муу менежер гэх тогтсон хэлцийг өөрчилж, төр дэх зөв менежментийн талаар бодолцох ёстой цаг болжээ.
Цэнхэр, ягаан тасалбараас эхэлсэн өмч хувьчлал хуудуутай болсон эсэх маргаан өнөөдөр ч тасраагүй байгаа үед төр өмчтэй байх нь зөв эсэх дээр шүүмжлэл, маргаан гарсаар л байна. Төр өмчтэй байхыг эсэргүүцдэг хэсгийн барьдаг тоо, ярьдаг үг нь ч үнэнээс зөрдөггүй. Учир нь, Монгол Улсад төрийн өмчит компани 117 байна. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн хэлснээр эдгээр компанийн нийт үнэлгээ нь 32 их наяд төгрөгт хүрсэн гэх. Гэвч бодит байдал дээр энэ компаниудын 62 хувь нь огт ашиггүй ажиллаж, өрийн хэмжээ нь 10.5 их наяд төгрөгт хүрээд байгаа юм. Тиймээс л ашиггүй ажилладаг компаниудаасаа төр татгалзаж, хувийн хэвшилд шилжүүлэх замаар ачаагаа хөнгөлөх ёстой гэсэн мессеж хаа сайгүй хүчтэй явж байна. Харамсалтай нь, УИХ-аар өөр хуулийн төсөл хэлэлцэх үед ч яригддаг “Төр муу менежер” гэх энэ сэдэв ашигтай ажиллаж байгаа төрийн өмчит компаниудыг хувьчилж авах чиглэл рүү хандаад байгаа нь нууц биш.
Төрийн өмчит компаниуд ирэх оны төсөвт 183 тэрбум төгрөг төвлөрүүлэх ёстой. Уул уурхайн лицензтэй, тэр чиглэлд ажилладаг хэд нь Ирээдүйн өв санд үүнээс ч дутахааргүй хөрөнгө төвлөрүүлэх тооцоо бий. Гэтэл эдгээр их ашиг, орлого хэдхэн компанид л ногдож байгаа юм. Угтаа төрийн өмчит бүх компани “Эрдэнэт” үйлдвэр шиг, эсвэл “Эрдэнэс Тавантолгой” шиг, магадгүй Төрийн банк шиг ажилладаг бол бүх зүйл эерэг талдаа яригдах байлаа. Энэ гуравхан компани дээр жишээ татаж ганц нэг санааг дор өгүүлье.
Монгол Улсын иргэн бүр анх удаа “Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашгаа энэ жил авлаа. Хэрэв энэ компанийг хэн нэгэн хувийн хэвшилд өгчихсөн бол монголчууд нийтээрээ нэг дор ногдол ашиг авч чадахгүй л байлаа. Хэрэв “Эрдэнэт” үйлдвэрийг улсад 100 хувь буцааж аваагүй бол төрд хурааж авдаг төлбөр, хураамж, татвар, ногдол ашгийн хэмжээ өмнөхөөсөө өсөх биш, улам уруудах байсан нь тодорхой л зүйл. Бас үүн шиг Төрийн банкийг хувьчилчихсан бол 27 тэрбум төгрөгийн ашиг (энэ бол 2020 оны эхний III улирлын ашиг) хэнд очих байсан бол? Энэ бүх мөнгө нийтэд биш, нэг хэсэг хүнд л зориулагдах байсан нь бодит үнэн.
“Эрдэнэт” үйлдвэр төдийгөөс өдий хүртэл Монгол Улсын саалийн ганц үнээ байсныг бид бүгд мэднэ. ОХУ-д байсан 49 хувь Монголд орж ирснээр, тэр тусмаа төр 100 хувь авснаар нөхцөл байдал улам сайжирч байгааг бүгд л ярьж, бичиж байна. Тэгэхээр илүүг нурших нь илүүц биз. “Эрдэнэс Тавантолгой” ч ялгаагүй ашигтай ажиллаж, хувьцаа эзэмшигч 2.5 сая иргэнд ногдол ашиг тараагаад буй. Тавантолгойн төмөр зам зэрэг улсын томоохон бүтээн байгуулалтын санхүүжилтийг тэд л хийж байна. Тиймээс энэ хоёрыг түр хойш тавиад Төрийн банкны дотоод руу өнгийе. Учир нь, банк бол уул уурхай биш. Тэнд зэс баяжуулж, нүүрс ухах бус, дэлхийн зах зээлийн үнийн өсөлт ч биш, жинхэнэ менежмент л ашиг авчирдаг газар.
Төр банктай байх нь зөв үү? Энэ асуултад янз бүрийн л хариулт ирдэг. Хүн бүр, дор бүрнээ өөр өөрийнхөөрөө хариулах биз. Гэхдээ нэг л зүйл төр өөрийн гэсэн банктай байх нь зөв гэдгийн баталгаа болж байгаа юм. Юу гэхээр, төрийн үйлчилгээг түвэг чирэгдэл багатай үзүүлэхэд, төлбөр хураамж татуу байлгахад л энэ банк хэрэгтэй гэдэг нь энгийн иргэний хувьд ойлгомжтой байгаа юм. Цар тахал гарчихаад байгаа энэ цаг мөчид Төрийн банк л зээлийн хүүг буулгах, иргэдэд очих санхүүгийн дарамтыг нимгэлэх чиглэлд түүчээ болж, бусад банкаа манлайлж чадаж байна. Ипотекийн зээлийн хүүг 6 хувь болгох ажлын явцаас ч энэ нь тодорхой харагдаж байна шүү дээ. Үүнээс гадна төр өөрөө банктай байгаа учраас л Засгийн газарт дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед иргэд, аж ахуйн нэгжүүдийг санхүүгийн дарамтад орохоос урьдчилан сэргийлэх бодлогоо уян хатан явуулах боломж бүрдэж байна.
Цар тахал хаалга тогшсон өдрөөс хойш Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор Төрийн банк үе шаттай арга хэмжээ авсаар 11 төрлийн зээлийн хүүгээ 1.2-4.8 хувиар бууруулсан байна. Энэ хэрээр иргэд, аж ахуйн нэгжүүдийн ачаа хөнгөрсөн л гэсэн үг. Хамгийн гол нь зээлийн хүүг бууруулахын тулд эх үүсвэрийн зардлаа бууруулж, тогтвортой нэмэгдүүлэх үүднээс олон улсын зах зээлд Төрийн банкны удирдлагууд тоглож чадаж байгаа нь олзуурхууштай.
Тун саяхан тус банкны цахим хуудаст “Нидерландын Вант улсын Frontclear олон улсын санхүүгийн байгууллагатай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хоёр дахь удаагийн репо хэлцлээр 23 сая ам.доллар буюу 65 тэрбум төгрөгийн бага хүүтэй хямд эх үүсвэр амжилттай татлаа. Хямд эх үүсвэр татсан энэ хэлцэл нь Засгийн газар болон Монголбанкны явуулж буй бодлогод нийцсэн, цагаа олсон оновчтой хэлцэл болсон бөгөөд эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлэх, бизнесийн болон хэрэглээний зээлийн хүү буурах боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой” гэсэн мэдээг нийтэлсэн байсан.
Энэ бол зээлийн хүүг буулгахын тулд гадаад эх үүсвэрийг оновчтой ашигласан хэлбэр. Үүнийг ч Засгийн газар, МҮХАҮТ өндрөөр үнэлж, Монгол Улсынхаа нийгэм, эдийн засаг, бизнесийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй шилдэг 100 аж ахуйн нэгийг шалгаруулахдаа Төрийн банкийг багтаасан биз ээ. Санаж байвал Төрийн банкны гүйцэтгэх захирал Ө.Гантөрд МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин ТОП-100 байгууллагын цомыг гардуулсан. Учир нь, тус банкны хувьд ТОП-100 аж ахуйн нэгжээс XV байрт, банкны салбарын шилдэг дөрвөн банкны нэгээр шалгарсан аж.
Хамгийн гол нь төрийн өмчит компаниудын нийтлэг жишгийг энэ банк л эвдэж чадсаныг зориуд онцлох ёстой. Улс төрчдийн шахаанаас болж төрийн өмчит компаниудад удирдлагын бүтэц улам л данхайдаг бол Төрийн банкинд эсрэгээрээ хумигдсаар байгаа тухай энд тодотгосон хэрэг. Өөрөөр хэлбэл, 2018 оноос Төрийн банк шинэчилсэн бүтцээр ажиллаж, захирлуудынхаа тоог 50 хувиар цөөлсөн байна. Ер нь төр өмчтэй, түүндээ гол нь сайн менежмент явуулж чадвал цомхон бүтцээр ашигтай ажиллаж болдог юм байна гэдгийг харуулсан хэрэг.
Мөн төр өөрийн гэсэн банктай байгаа учраас л төрийн үйлчилгээг хүргэхдээ иргэдээ чирэгдүүлэхгүй байж чадаж байгааг дахин дахин тодотгоё. Дээр цухас хөндсөн энэ санааг жаахан дэлгэрүүлбэл, нийгмийн хамгийн эмзэг хэсэг болсон ахмадуудад зориулж тэтгэврийн зээлээ сарын 1.3 хувь болгон бууруулж, тэтгэврээ дараалалд зогсохгүй авах, өдөр тутмын төлбөр тооцоонд ашиглах боломжтой картаа үнэ төлбөргүй захиалах, Төрийн банкны АТМ-аар шимтгэлгүй үйлчлүүлэх давуу талыг олгож чаджээ. Бусад бүх банканд тодорхой хэмжээний хураамжаар авдаг банкны үйлчилгээг Төрийн банк л ахмадуудад зориулж үнэгүй болгож байгаа нь төрийн өмчит учраас л тэр.
Энэ дээр нэмээд бизнесийн зээл, малчны зээл, ахуйн хэрэглээний зээлийн нөхцөл сайжирсан, нийгмийн хариуцлагын хүрээнд хийж буй байгальд ээлтэй бизнесийг дэмжиж, экологид ээлтэй орчныг бий болгох зорилготой “Ногоон зээл”-ийн үйлчилгээ, “Хүрээлэн” төсөлтэй хамтран Монгол Улсын ховор амьтдын зурагтай эко картыг харилцагчдадаа санал болгосон нь, орон даяар зохион байгуулсан “Гялс цэвэрлэгээ”, ЭХЭМҮТ-д нэн шаардлагатай хүүхдийн амьсгал дэмжих тоног төхөөрөмж бэлэглэсэн үйл явдал, Монголын шатрын холбоо, “Хүрээлэн” төсөл, “Би багш” контентийг дэмжин ажилласан зэргийг дурдвал төр банктай байгаа учраас төр манлайлал үзүүлж чадаж байгааг батлах зүйлс олон байна.
Ямар боловч Төрийн банк өнгөрсөн онд 24 тэрбум, энэ оны эхний гурван улирлын дүнгээр 27 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж чадсан нь хамгийн том амжилт нь. Хоёрхон жилд хагас зуун тэрбум төгрөгийг сайн менежментийн үр дүнд бий болгож чадсан нь зөв баг зөв газраа байгаатай л холбоотой. Хамгийн сүүлд л гэхэд “Жаст”-ын Ш.Батхүү нар хуурамч бичиг баримт үйлдэн Төрийн банкийг 51.6 тэрбум төгрөгийн төлбөрт унагах гэж байсныг зогсоож чадлаа.
Юу гэхээр, Ш.Батхүү, Г.Алтан, Э.Сүрэн нар нь хуурамч бичиг баримт бүрдүүлж банкийг залилсан гэдэг үндэслэлээр холбогдох шаардлагатай нотлох баримтуудыг Төрийн банкны зүгээс бүрдүүлж, эрүүгийн хэргийн журмаар шалгуулахаар АТГ-т гомдол гаргасны үндсэн дээр асуудал шийдэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, Төрийн банк уг хэрэгт хохирогчоор тогтоогдож, банкны зүгээс итгэмжлэгдсэн төлөөлөгч томилогдон ажиллаж байгаа аж. Ингэснээр төрийн өмчийг, төрийн банкийг үнэгүйдүүлэх гэсэн оролдлогыг банкны менежментийн баг таслан зогсоож чадсан гэсэн үг.
Энэ бол улсынх л бол үнэгүй юм шиг, эзэнгүй мэт аашилдаг асуудалд цэг хатгаж чадсан үйлдэл. Мөн тус банкнаас 2017 оны зургадугаар сард “Шинжиан Шинфа” компанийн зээлж авсан 20 тэрбум төгрөгийг ч буцаан төлүүлж чаджээ. Энэ зээлийн төлбөр нь төлөгдөхгүй байсаар чанаргүй зээлийн ангилалд бүртгэгдсэн байсныг Төрийн банкны удирдлагын шинэ баг хуулийн байгууллагад хандаж, өнгөрсөн арван-хоёрдугаар сарын 9-нд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тус компаниар 20 тэрбум төгрөгийн хохирлыг төлүүлэх шийдвэр гаргуулснаар Төрийн банк хохирлоо барагдуулж чадсан байна. Мэдээж энэ хэмжээний мөнгө төлөгдсөнөөр олон жирийн харилцагчид зээл олгох боломж бүрдсэн нь гарцаагүй.
Энэ мэт жишээг дурдвал төр муу менежер гэдэг үгэнд Төрийн банкны тухайд няцаалт өгсөн сайн жишиг болж чадаж байна. Гол нь зөв менежменттэй багийг зөв газар нь томилох нь л төрийн үүрэг юм байна. Тэгж чадвал төрийн өмчит 117 компани бүгдээрээ бус юм гэхэд дийлэнх нь ашигтай ажиллах боломж бий. Саалийн ганц үнээгээ олон болгох боломж нь ч энэ юм.
Г.ХЭРЛЭН