Аймаг, сумын Нутгийн зөвлөлийнхнийг малчид иргэддээ дэмжлэг үзүүлэхийг уриаллаа
УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр /2020.10.23/ Баянхонгор аймгийн Улаанбаатар хот дахь аймаг, сумдын Нутгийн зөвлөлийнхөнтэй уулзлаа.
Энэ зун Баянхонгор аймагт хур тунадас бага орсноос өвс ногооны гарц муу, зуншлага тааруу байсан. Улсын онцгой комиссоос ажлын хэсэг гарч гангийн эрсдэлийн судалгааг нийтдээ 6 аймагт хийснээс Баянхонгор аймаг “маш эрсдэлтэй” гэсэн ангилалд орсон. Эрсдэлийн судалгаагаар нийт газар нутгийн 55 хувь гантай, 45 хувь нь гандуу гэсэн дүгнэлт гарчээ. Аймгийн нутаг дэвсгэрт 2020 оны есдүгээр сарын байдлаар 6.0 сая гаруй толгой мал зуссан бөгөөд нийт мал, сүргийн 42 хувь буюу 2.5 сая мал сүрэг дундаас доош тарга хүч авсан тул говь, тал, хээрийн сумуудад өвөлжих боломжгүй, өвлийн хүйтэнд мал хорогдох нөхцөл үүссэн байна.
Малчдын нөхцөл байдал ийм хүнд үед мал, мах борлуулалтын асуудлыг шийдэх, эрчимжүүлэх шаардлага байгаа учир аймгийн Онцгой комиссын хурлаар дэмжигдсэн “Мах импэкс” ХК, “Траст трейд” ХХК, “Агромийт групп” ХХК, “Натурал грийн фүүдс” ХХК зэрэг экспортын эрхтэй компаниудтай гэрээ байгуулж, малчдаас малыг зээлийн нөхцөлөөр худалдан авч, борлуулах зохион байгуулалтын ажлыг эхлүүлээд байна.
Улаанбаатарт суугаа Баянхонгор аймгийнхан нутгийн иргэддээ туслах аян өрнүүлэх, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх, өөрийн аймаг, орон нутгаас өвлийн идшээ бэлдэх хүртэл санал санаачилгууд гаргаж байна. Тухайлбал, Эрдэнэт дэх Нутгийн зөвлөл 2000 толгой мал аймгаас авах санаачилга гаргасан байна. Иймээс энэ мэт санал, санаачилгыг дэмжин үргэлжлүүлж, мал мах бэлтгэл, өвс тэжээлээр тусалж, нутгийнхнаа хүнд үеийг эрсдэл бага даван туулахад тусалж ажиллахыг уриалж байна гэж УИХ-ын дарга Г.Занданшатар хэллээ.
Баянхонгор аймгийн Улаанбаатарт суугаа аймаг, сумын Нутгийн зөвлөлийнхөн уг санаачилгыг дэмжиж ажиллах төлөвлөгөө гаргаж, санал, санаачилгуудаа нэгтгэн ажиллахаар боллоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.