ОнцлохУрлаг спортШинэ мэдээ

Хөгжмийн зохиолч Б.Чинбатын талархлын тоглолт болно

“Sweetymotion” хамтлагийн продюсер, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин, хөгжмийн зохиолч Б.Чинбат болон түүний гэргий Ц.Сарнай нар тэдний эрүүл энх, сайн сайхны төлөө хандив тусламжаа үзүүлсэн Монгол Улсын Засгийн газар, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, элэг нэгт ахан дүүстээ зориулан “Niciton&Friends” талархлын тоглолтоо энэ сарын 11-нд Улаанбаатар паласын концертын их танхимд зохион байгуулна.

Тоглолтод “Баян монгол” чуулга, “Морин хуурын чуулга”, “Соёл Эрдэнэ-Өргөө-Хөх тэнгэр”, “Харанга”, “Хурд”, “Никитон”, “Титэм”, “Хар сарнай”, “Сүнс” хамтлаг болон МУГЖ Д.Жаргалсайхан, МУГЖ Б.Сарантуяа, МУГЖ Т.Ариунаа, МУГЖ Ж.Алтанцэцэг, МУГЖ Ч.Мөнх-Эрдэнэ, МУСТА Т.Дэлгэрмөрөн, МУСТА С.Сэрчмаа, МУСТА Э.Төрмандах, Бөртэ, Киви, Люмино, Дэлхий хамтлаг оролцохын зэрэгцээ дуучин Ubdrums, Наки, Gee, Мишээл нар ая дуугаа өргөх юм.

Б.Чинбат, Ц.Сарнай нарын аюулт өвчинтэй тэмцэхэд зориулан монголын соёл, урлагийн салбарын уран бүтээлчид нэгдэн “Хос зүрхийг хамгаалъя” хандивын аяныг өрнүүлсний зэрэгцээ рок попын урлагийнхан “Niciton&Friends”, мэргэжлийн урлагийн байгууллагууд “Аравт” тоглолтыг өнгөрсөн 2,3 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөсөн байсан хэдий ч “COVID-19” цар тахлын улмаас соёл, урлагийн үйл ажиллагааг түр хориглосонтой холбогдуулан тодорхойгүй хугацаагаар хойшилсон. Тэгвэл 9 дүгээр сарын 16-ны өдөр Улсын Онцгой комиссоос соёл, урлагийн үйл ажиллагааг нээсэнтэй холбогдуулан тус тоглолтуудын зохион байгуулагчид хоёр тоглолтоо нэгтгэсэн талархлын тоглолтыг ийнхүү зохион байгуулах гэж байна.

Ташрамд мэдээлэхэд Б.Чинбат, Ц.Сарнай нарт зориулан 2,3 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөсөн байсан тоглолтуудын тасалбарыг авсан байсан үзэгчид тус тасалбараараа энэхүү талархлын тоглолтыг үзэх боломжтой аж.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close