Уул уурхайЯрилцлагаШинэ мэдээ

Б.Отгондаваа: Том төслүүдийн ажил эрчимжиж байна

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ил уурхайн дарга Б.Отгондаваатай уулзаж,  хэрэгжүүлж буй төсөл, техник шинэчлэлийн талаар ярилцлаа.

-Та эхлээд өөрийн цехийн хөрөнгө оруулалтын ажлын талаар ярина уу?  

     -Энэ жил манай цехэд хэд хэдэн томоохон төслүүд хэрэгжиж байна. Үүнд: Шинээр Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр барих, гадаад цахилгаан хангамжийн өргөтгөлийн ажил, мөчлөгт урсгалт тээврийн технологийг хөрсний тээвэрт нэвтрүүлэх зэрэг төслийн ажил эхлээд байна. Мөчлөгт урсгалт тээврийн технологийн хувьд Техник, эдийн засгийн үндэслэл боловсруулж байгаа ХБНГУ-ын “3B TEC AUFBEREITUNGSSYSTEME GmbH” компани бүрэн дуусгаад хүлээлгэн өгвөл бусад ажлууд төлөвлөгөөний дагуу хийгдэнэ. Төслийн эхний ээлжийн тоног төхөөрөмжүүд нь Тээвэр, ложистикийн төвд буусан. Үүнийг Ил уурхайд тусгайлан сонгож бэлтгэсэн талбай руу зөөвөрлөж харуул хамгаалалт гаргана. Өнгөрсөн оноос эхлүүлсэн конвейер барьж байгуулах хэсгийн газар шорооны ажил дууссан.  Энэ төслийн хүрээнд нийт 2.5 километр урттай конвейер тавихаар төлөвлөж байна.

-Техник шинэчлэлийн ажил хэр явж байгаа вэ?

     -2020 оны хөрөнгө оруулалтын ажлын хүрээнд нэг өрмийн машин, хоёр экскаватор үйлдвэрлэгчээс нь шууд авахаар гэрээ хийсэн. ОХУ-ын СБШ 250-МНА32 маркийн цахилгаан өрмийн машиныг 10-р сард нийлүүлэхээр байгаа. Мөн ОХУ-ын “Из-Картекс” үйлдвэрлэсэн ЭКГ-12К маркийн 12м3 шанагатай цахилгаан экскаваторыг 10, 11-р сард нийлүүлэхийг хүлээж байна. Урьд нь манай хамт олон хоёр экскаватор, нэг өрмийн машиныг өөрсдийн хүчээр угсран ажилд оруулсан туршлагатай. Эдгээр уурхайн үндсэн тоног төхөөрөмжүүдийг төлөвлөгөөний дагуу хугацаанд нь нийлүүлбэл шинэ оны өмнө ажилд оруулж амжина. Зам овоолгын хэсэгт техник шинэчлэлийн ажлын хүрээнд дугуйт бульдозер CAT 824K, дугуйт ачигч CAT 966L техникийг нийлүүлсэн. Мөн зөөврийн бутлуур Sandvik QJ431, дугуйт ачигч Комаtsu WA800 зэрэг техникүүдийг төлөвлөгөөний дагуу худалдан авна. Уулын тоног төхөөрөмжийн төвлөрсөн засварын хэсэгт 16Б16КП маркийн хоёр суурин токарийн машин,  3К634 маркийн  төмөр харуулдагч суурь машин худалдан авсан. Оны сүүлийн нэг универсаль трактор авахаар төлөвлөсөн. Мөн наймдугаар  сард эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрт шинээр хоёр холин цэнэглэгч машин авсан. Нийлүүлэгч компанийн мэргэжилтнүүд ирж туршилт, тохируулгын ажлыг хийж байна. IV улиралд дахин нэг сэрээт ачигч Комаtsu FD20H, тэсрэх материал зөөх зориулалтаар крантай ачааны машин нийлүүлнэ.

-Шинээр баригдах тэсрэх бодисын үйлдвэр ямар хүчин чадалтай байх вэ?

     -Төслийн хүчин чадал нь жилд 15 мянган тонн тэсрэх бодис үйлдвэрлэнэ. Манай хуучин үйлдвэр 10 мянган тонны хүчин чадалтай байсан. Өргөтгөл хийж 12-13 мянган тонн тэсрэх бодис үйлдвэрлэх хүчин чадалтай болгон шинэчлэн ажиллаж ирсэн. Тус үйлдвэрийн барилга байгууламжууд хэт хуучирсан, аюулгүй ажиллагаа талаасаа эрсдэл дагуулж болзошгүй учраас шинэ үйлдвэр барих шаардлага гарсан. Ер нь тэсрэх бодисын үйлдвэрүүдийн туршлагаас харахад 10-15 жил болоод шинэчлэгдэх ёстой юм билээ. Шинээр Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр барих төслийг Монголиан инвестмент корпорэйшн ХХК хэрэгжүүлж 2021 оны тавдугаар сард түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр гэрээ байгуулсан. Энэхүү шинэ тэсрэх бодисын үйлдвэрийн барилга байгууламжийн угсралтын ажил эхэлсэн. Уг үйлдвэрт суурилуулах тоног төхөөрөмжүүдийг  БНХАУ-д үйлдвэрлээд эхэлсэн байгаа. Барилга барих талбайн газар шорооны ажил бүрэн дуусаж, барилгын суурийн бетон цутгалтын ажил хийгдэж байна.

-Цахилгаан хангамжийн өргөтгөлийн ажил дууссан уу?

     -Ерөнхийдөө дуусах талдаа орсон. Одоо ажлын гүйцэтгэл 85 хувьтай явж байна. Төлөвлөгөөний дагуу 35кВ-ийн цахилгаан дамжуулах агаарын шугам барьж байгуулах ажил дууссан. Хоёр дэд станцын трансформаторыг суурилуулсан. Одоо 9-р сарын 15-нд хуваарилах байгууламж болох хоёр дэд станцын байр (e-House) болон тоноглолыг угсарч, цахилгааны холболт хийснээр энэ төслийн ажил бүрэн дуусаж уурхайн цахилгаан хангамжийн найдвартай тасралтгүй үйл ажиллагаа дээшилнэ.

-Эдгээр төслүүд хэрэгжсэнээр эдийн засгийн хувьд ямар үр ашиг гарах вэ?

     -Манай цехийн зардлын 50 орчим хувь нь Авто тээврийн цехийн технологийн тээврийн зардал байдаг. Мөчлөгт урсгалт тээврийн технологийг нэвтрүүлснээр хөрсний тээврийн тээвэрлэлтийн зардлыг 25 хувиар бууруулах тооцоо бий. Мөн хүдэр олборлолтын өөрийн өртөг буурна. Дашрамд хэлэхэд, Ил уурхайн хамт олон оны эхний найман сарын байдлаар боломжийн түвшинд үйлдвэрлэлийн зардлыг хэмнээд байна. Дэлхий нийтийн хэмжээнд “Ковид-19” вирусын халдвар тархсантай холбоотойгоор манай цех “Хямралын эсрэг авах арга хэмжээний техник зохион байгуулалтын төлөвлөгөө” гарган ажилласан. Энэ төлөвлөгөөний хэрэгжилтийн хүрээнд бид дөрвөн сараас эхлүүлэн найман сарыг дуусах хугацаанд нормчлогдсон материалын зарцуулалтын хэмнэлт, үйлчилгээний техникүүдийн зохион байгуулалтын сайжруулалт, цахилгаан эрчим хүчний хэмнэлт зэргээс нийт нэг тэрбум гаруй төгрөгийн хэмнэлт гарган ажилласан байна. Оны төгсгөлд төлөвлөгөөний дагуу дахин 1.12 тэрбум төгрөгийн зардал хэмнэх зорилготой ажиллаж байна.

-Намар, өвлийн бэлтгэл ажил хэдэн хувьтай явж байна вэ?

     -Цехийн хэмжээнд төлөвлөгөөний дагуу бэлтгэл ажлууд хийгдэж байна. Ажилтнуудын ахуйн болон ажлын байруудын засвар, хаалга цонхны дулаалгын ажлууд хийгдэж байна. Хүйтний улиралд халтиргаа гулгаа арилгах зорилгоор нөөцөлсөн магнийн хлор нийлүүлэгдсэн бөгөөд уурхайн замуудын хэрэгцээт хайрга, элсийг бэлтгэж дууссан учраас энэ ажлууд 100 хувийн биелэлттэй яваа гэж ойлгож болно.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

Т.БАТЧУЛУУН
ФОТО: Б.БАТТӨГС

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close