Монголын телевизүүдийн холбооны төлөөллүүдтэй уулзлаа
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ өчигдөр /2020.08.18/ Монголын телевизүүдийн холбооны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад тус газрын Радио, Телевиз, нийгмийн мэдээллийн сүлжээний бодлогын газрын дарга А.Золзаяа, Монголын телевизүүдийн холбооны гүйцэтгэх захирал Т.Ганзул, Монгол HD телевизийн захирал Г.Бат-Эрдэнэ, “Боловсрол суваг” телевизийн захирал Н.Мэндбаяр тэргүүтэй өргөн нэвтрүүлгийн 16 телевизийн захирлууд оролцов.
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ “Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар хүнд сурталгүй, ил тод, нээлттэй хамтарч ажиллах зорилготой ирэх дөрвөн жилүүдэд ажиллана. Иймээс Монголын телевизүүдийн холбоонд тулгамдаж буй асуудлыг сонсож, цаашид нягт уялдаа холбоотой хамтран ажиллана гэж найдаж байна. Асуудлаа зөвхөн бидний эрх ашиг гэж харахаас илүүтэй, салбарынхаа хувьд эцсийн бүтээгдэхүүнийг иргэдэд хэрхэн хямд, хялбар хүргэх тал дээр анхаарч ажиллаасай гэж та бүхнээс хүсэж байна.
Өргөн нэвтрүүлгийн тухай хуультай холбоотой батлагдах журмын хэлэлцүүлэгт Монголын телевизүүдийн холбооны оролцоог хангах чиглэлд анхаарч ажиллах болно” гэдгийг онцлон хэлэв.
Харин Монголын телевизүүдийн холбооны зүгээс Өргөн нэвтрүүлгийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор тулгамдаж буй асуудлаа Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт тавьсан юм. Монголын телевизүүдийн холбооны гүйцэтгэх захирал Т.Ганзул хэлэхдээ “Иргэд телевизийн мэдээлэлд итгэх итгэл нь 48 хувиас 69 хувь болтлоо өссөн. Иймээс Монголын телевизүүдийн холбоо мэргэжлийн редакцийг хөгжүүлэх, ард иргэдийг соён гэгээрүүлэх, үнэн зөв мэдээллээр хангах чиглэлд идэвхтэй ажиллаж байна. Мөн салбарын хэмжээнд томоохон судалгаа хийж байгаа бөгөөд ирэх арванхоёрдугаар сард судалгааны үр дүнгээ танилцуулна” гэсэн юм.
Мөн тэрбээр хэлэхдээ Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн хүрээнд Өргөн нэвтрүүлгийн 16 телевиз нь IPTV-тэй холбоотой асуудлаа хуулийн хүрээнд шийдэж чадсан. Гэхдээ хуулийг дагаж батлагдах журмын хэлэлцүүлгийн явцад Монголын телевизүүдийн холбооны оролцоог хангаж өгөхийг хүссэн юм.
Уулзалтын төгсгөлд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар Монголын телевизүүдийн холбоотой хамтран E-Mongolia төслийг олон нийтэд таниулах чиглэд хамтран ажиллахаар болов.
Энэ талаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ хэлэхдээ “E-Mongolia” аппликейшнд иргэдийн байнга үйлчлүүлдэг төрийн 181 үйлчилгээ орсон. Иймээс иргэд төрийн үйлчилгээг e-mongolia аппликейшн ашиглан цахимаар авах боломжтой. Мөн e-mongolia аппликейшнтэй зэрэгцээд 11 11 төвийн үйл ажиллагааг сэргээж байгаа тул иргэд төрийн үйлчилгээг цахимаар авахтай холбоотой санал, гомдлоо хүргүүлэх боломжтой юм. Төрийн аль ч байгууллага тухайн иргэнээ таних, эргээд иргэн төрийн ямар байгууллага хувийнх нь мэдээллийг харж байгааг хянах боломж бүрдсэн” гэв.