Тамирчдын амжилтШинэ мэдээ

“Алдар” спорт хорооны тамирчдад хүндэтгэл үзүүлэв

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн, Үндэсний их баяр наадамд БХЯ-ны харьяа Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны үндэсний бөх, сур, шагайн харвааны баг тамирчид өндөр амжилт үзүүлсэн билээ. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, БХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Х.Батбилэг нарын удирдлагууд баяр наадамд амжилттай оролцсон дээрх тамирчдыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн салбарын шагналаар шагналаа.

Тодруулбал, БХЯ-ны “Тэргүүний ажилтан” цол тэмдгээр Монгол Улсын Аварга П.Бүрэнтөгс, БХЯ-ны “Хүндэт жуух бичиг”-ээр Монгол Улсын заан М.Бадарч, “Дайчин алдар I” медалиар Монгол Улсын арслан Р.Пүрэвдагва, “Дайчин алдар II” медалиар Монгол Улсын харцага Ц.Одбаяр, Монгол Улсын начин Х.Цогтгэрэл нарыг шагналаа.

Мөн “Дайчин алдар III” медалиар Монгол Улсын начин Ш.Пүрэвгарьд, Н.Мустафа, “Эх орны төлөө I” хүндэт тэмдгээр “Алдар” спорт хорооны үндэсний спортын албаны дарга, дэд хурандаа Т.Өсөх-Ирээдүй, “Эх орны төлөө II” хүндэт тэмдгээр улсын начин Б.Орхонбаяр, “Эх орны төлөө III” хүндэт тэмдгээр улсын харцага Б.Зоригтбаатар, улсын начин О.Мөнх-Эрдэнэ нарыг тус тус шагнаж урамшуулсан юм.

Шагналыг гардуулсны дараагаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр баг тамирчдад баяр хүргэж, амжилт хүсээд цаашид “Алдар” спорт хороо, баг тамирчдаа идэвхтэй дэмжиж ажиллана, та бүхэн түмэн олныхоо итгэлийг хүлээж цаашид амжилтаа бататгаж, ахиулж яваарай” гэж захив.

Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдааны шөвгийн 16 бөхийн 10 нь “Алдар” спорт хорооны тамирчид байсан нь урьд өмнө гарч байгаагүй түүхэн амжилт аж.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close