Жаргалант, Цэцэг сумдаас гарах орох хөдөлгөөнийг хязгаарлаа
Ховд аймагт тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол илэрсэн гэх дуудлага мэдээлэл өнөөдөр 12:40 цагт /2020.06.29/ Зоонозын өвчин судлалын төвд иржээ.
Тодруулбал, Цэцэг сумын Баян-Овоо багийн иргэн 27 настай эрэгтэй Г… тарваган тахлаар өвчилсөн нь урьдчилсан шинжилгээгээр тодорхойлогджээ. Тус иргэний шинжилгээний дээж сорьцыг Зоонозын өвчин судлалын үндэсний төвд илгээсэн, маргааш албан ёсны баталгаат хариу гарах аж. Одоогийн байдлаар тус иргэн Ховд аймаг дахь БОЭТ-д хэвтэн эмчлүүлж байна. Үүнтэй холбогдуулан БОЭТ-д хэсэгчилсэн хөл хорио тогтоосон. Улмаар нэг, хоёрдугаар зэргийн хавьтагчийг ялган тодруулж, тусгаарлалтад аваад байна.
Мэргэжлийн байгууллагын өгсөн мэдээллээр нэгдүгээр зэргийн хавьтагч буюу БОЭТ-ийн эмч, мэргэжилтэн, гэр бүлийн гишүүн зэрэг 33 хүн байна. Харин хоёрдугаар зэргийн хавьтагч 99 иргэн байна. Нэгдүгээр зэргийн хавьтагчийг БОЭТ-ийн Халдвартын тасагт тусгаарласан. Хоёрдугаар зэргийн хавьтагчийг Дотрын тасагт тусгаарлажээ.
Мөн иргэд тарвага, тарваганы гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байх, хот суурин газарт нэвтрүүлэхгүй байхыг холбогдох байгууллагаас анхаарууллаа.