А.Отгончулуун: Үйлдвэрлэл зогсох үеийн төлөвлөгөөг нөхөхөөр шамдаж байна

Ган бөөрөнцгийн цех нүүрс хийжүүлэх зуухнаас татгалзаж индукцийн технологи нэвтрүүлснээр хэл ам дагуулсан олон асуудал нэг мөр шийдэгдэж бүтээгдэхүүний чанарт ахиц гарсан. Гэсэн хэдий ч оны эхэнд эрчтэй эхэлсэн ган бөөрөнцгийн шинэ урсгал сар шинийн баярын өмнөхөн тасарч, үйлдвэрлэл дөрвөн сар зогссоны эцэст саяхнаас ажиллаж эхэлжээ. Чухам ямар учир шалтгааны улмаас үйлдвэрлэл саатсан хийгээд цаашдын найдвартай ажиллагааны талаар тус цехийн дарга А.Отгончулуунаас тодруулсан юм.
-Юуны өмнө ган бөөрөнцгийн үйлдвэрлэл зогсох болсон шалтгаан нөхцөлийг тайлбарлана уу?
-Ган бөөрөнцөг цувих шугамын бул болон түргэн элэгддэг сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэлт саатсаны улмаас үйлдвэрлэл хэсэг хугацаанд зогссон. Гол учир нь коронавирусын халдварын нөхцөл байдлаас шалтгаалаад Хятадын уул уурхай, машин үйлдвэрлэлийн томоохон үйлдвэрүүд үйл ажиллагаагаа зогсоосонтой холбоотой сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмжийн нийлүүлэлт хойшилсон. Үүнээс болоод манай үйлдвэрлэлийн төлөвлөгөө хоцорч явна. Өчигдөр бид 11 хос бул, 15 индукцийн зуух, 20-иод төрлийн холхивч хүлээн авлаа. Энэ бол “амь тариа” төдий. Оны өмнө ирэх ёстой байсан ханган нийлүүлэлтийг таван сарын дараа авлаа. Цехийн хувьд алдсан төлөвлөгөөг нөхөх маш хариуцлагатай үүрэг хүлээн ажиллаж байгаа. Одоогийн байдлаар нэгдүгээр шугамаар 100-гийн голчтой шаар цувьж, үйлдвэрлэл хэвийн үргэлжилж байна.
-Үйлдвэрлэлийн гарц хэр хэмжээнд байна?
-Бид хоногт 95 тонн 100-гийн шаар үйлдвэрлэх төлөвлөгөөтэй. Гэсэн хэдий ч урд шөнийн байдлаар 115 тонныг үйлдвэрлэлээ. Шаарны чанар, хэлбэр дүрс сайн байна. Өнөөдөр, Чанарын хяналтын хэлтэст шаарны дээж өгөхөд Эрдэнэт үйлдвэрт мөрдөгдөж байгаа стандартыг бүрэн хангасан гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан. Ер нь Баяжуулах үйлдвэрт ган бөөрөнцөг гурван сар тогтвортой нийлүүлсний дараа шаар маань өөрийн чанараа бодитоор харуулна. Он гарсаар бид 40-ийн шаар 150 тонн, 80-ын шаар 1400 тонн, 100-гийн шаар 91 тонныг үйлдвэрлээд байна. Энэ бол манай хүчин чадлын хувьд бага тоо. Биднээс хамаарахгүй, давагдашгүй нөхцөл байдлаас шалтгаалсан үзүүлэлт юм.
-Ган бөөрөнцгийн шинэ технологийн үйлдвэрлэл хоёр сар үргэлжлээд зогссон. Энэ хугацаанд шаарны чанар танигдаагүй гэж үү?
-Ган бөөрөнцгийн чанарыг бодит баримтад тулгуурлан ярих ёстой. Одоо арай эрт байна. Гурван сарын хугацаанд 6000-7000 тонн шаар үйлдвэрлэж хэрэглээнд оруулсны дараа чанар танигддаг онцлогтой. Өөрөөр хэлбэл Баяжуулах үйлдвэрийн тээрмүүд дээр нийлүүлэгдэж байсан импортын шаарнууд элэгдэж дуусаад, шаар дүүргэлтийн 70 хувийг эзэлсэн тохиолдолд манай шаарны чанар болжээ, гэж итгэлтэй хэлэх хэмжээнд хүрнэ. Ер нь бол манай хэрэглэгч Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсгийн ажилчид шаарны тухайд ам сайтай байгаа. Элэгдэл маш жигд байна гэсэн.
-Үйлдвэрлэлийн төлөвлөгөө хэдэн хувиар хоцорч яваа вэ?
-Үйлдвэрлэлийн төлөвлөгөөг эргэж харах, зөвшилцөх шаардлагатай. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэл зогсож байх хугацаанд багагүй хэмжээний ган бөөрөнцөг худалдаж авсан. Тэр тоо хэмжээнээс хамаарч манай үйлдвэрлэлийн төлөвлөгөө тодорхой болно. Бид оны эхэнд 23900 тонн ган бөөрөнцөг үйлдвэрлэх захиалга авсан. Өнөөдрийн байдлаар сэлбэг тасарснаас шалтгаалж хэчнээн тонн ган бөөрөнцөг гаднаас худалдан авсан, он дуустал Баяжуулах үйлдвэрт хэчнээн тонн шаар хэрэгтэй байгааг тооцож төлөвлөгөөг шинэчлэн гаргах болов уу.
-Индукцийн технологийн нэг давуу тал нь хос шугамтай. Жилийн төлөвлөгөөг оны сүүлд гүйцээх боломжгүй юу?
-Үйлдвэрлэл зогссон дөрвөн сарын орон зайг үлдсэн долоон сард нөхнө гэхэд хэтэрхий урт хугацаа өнгөрсөн байна. Манай үйлдвэрлэлийн гарц хоногт 100-гийн голчтой шаар 95-100 тонныг, 80-ын шаар 75-80 тонныг, 40-ийн шаар 15-18 тонныг үйлдвэрлэх хүчин чадалтай. Хос шугамаар 100-гийн шаар 40-тэй явах, 80-ын шаар 40-тэй явах, хоёр 80 явах боломжтойгоороо онцлог. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэлийн хэмжээг нэг дахин нэмэх боломжтой. Гэтэл энэ технологи маань Эрдэнэт үйлдвэрт төдийгүй Монгол улсад анх удаа нэвтэрч байгаа учраас сэлбэг хэрэгслийн ханган нийлүүлэлт цаг хугацаандаа хийгдэж чадахгүй л бол найдвартай ажиллагаа алдагдана. Өөр газраас орлуулах боломжгүй гэсэн үг.
-Одоо ирсэн сэлбэгээр хэд хоног ажиллах вэ?
-Хоёр шугамаар үйлдвэрлэл зэрэг явагдвал 40 хоног ажиллана. Дараагийн сэлбэгийн тендер зарлагдсан байгаа. Нийтдээ 60-аад хос бул ирэх ёстой. Хугацаандаа нийлүүлэгдвэл он дуустал зогсохгүй ажиллах боломжтой. Бид өнгөрсөн хугацаанд индукцийн шугамын тоног төхөөрөмжүүдийн хамгийн эмзэг “эрхтэн” нь аль вэ, хурдан эвдэрч шатах гээд байдаг сэлбэг хэрэгсэл нь юу вэ гэдгийг судалж, үйлдвэрлэгч талтай хамтарч ажилласан. Дэвшилтэт ямар ч техник, технологид эвдрэл гарахыг үгүйсгэхгүй. Эвдрэл гарснаараа тэр технологи оновчтой биш, муу гэсэн үг биш. Үйлдвэрлэл дээр ажилладаг хүмүүс бол ойлгоно.
-Бэлдэц шаардлага хангаж байна уу?
-Харилцан адилгүй байна. Индукцийн аргаар бэлдэц халааж цувих технологи аргачлал нь мм-ийг 10 хуваах нарийвчлал бүхий тохируулгатай. Тийм болохоор гарч байгаа бүтээгдэхүүний чанар чансаа, хэлбэр дүрс сайн байдаг. Манай бэлдцийн диаметр гэхэд харилцан адилгүй байна. 100-гийн голчтой бэлдэц гэхэд толгой хэсэгтээ 100 мм, дунд хэсэгтээ 104 мм, төгсгөл хэсэгтээ 102 мм байх жишээтэй. Иймэрхүү байдлаас шалтгаалан бэлдцийн хорогдол гарах дүр зураг ажиглагдаж байна. Ажилчдаас маш их ур чадвар, мэдрэмж шаардаж байгаа. Манай ажилчдын 80 гаруй хувь нь 40-өөс доош насны залуус хэдий ч туршлагажиж байна. Бэлдцэд тавих стандартыг Чанарын хяналтын хэлтэстэй хамтран шинэчилсэн.
-Нэгэнт нийлүүлэгдсэн бэлдцээ хэрхэн яаж ашиглаж байна?
-Худалдан авах ажиллагааны хэлтсээр дамжуулан Дарханы төмөрлөгийн үйлдвэрт санал уламжилсны дагуу хоёр талаас ажлын хэсэг ирсэн. Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс бэлдэц хөрөөддөг машин өгсөн. Хөрөөгөө бид худалдан авч байна. Нийт 8428 ширхэг 80-ын бэлдэц буюу 1668 тонн бэлдэц хөрөөдөж бэлтгэлээ. Өөрөөр хэлбэл нэмэлт зардал гарч байна л гэсэн үг.
-Үйлдвэрлэл дөрвөн сар зогсох хугацаанд та бүхэн ямар ажил амжуулав?
-Шинэ технологи, тоног төхөөрөмжүүд дээр үүсэж байсан хүндрэлүүдийг арилгахад ажилчид маань санаачилгатай ажиллалаа. Багцалж хэлбэл ажил хөнгөвчлөх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, бүтээгдэхүүний чанар сайжруулах, дуу чимээ намсгах, эрсдэлийг тэглэх чиглэлээр шинэ дэвшилтэт санаанууд хэрэгжүүлэн 14 төрлийн ажил хийж гүйцэтгэлээ. Маш оновчтой, сайн ажлуудыг амжилттай гүйцэтгэсэн хамт олноороо бахархаж байна. Бүх ажлыг зураг, тайлбартай нь Техникийн хэлтэст хүргүүлсэн. Өнгөрсөн долоо хоногоос үйлдвэрлэл хоёр шугамаар зэрэг явагдаж байна. Хос шугам долоодугаар сарын нэгнээс ерөнхийдөө жигдэрнэ.
-Цаг зав гаргасан танд баярлалаа.



