FocusНийгэмШинэ мэдээ

“Хүүхдүүдийнхээ шулганахыг, баярлахыг, уйлахыг нь сонсоод сайхан байна”

Төв аймгийн Зуунмод хотын баруун захад байрлах нэгэн таван давхар байрны гадаа хүүхэд багачууд ёстой нэг шаагилдаж байх юм. Тэр дунд дөрвөн нас хүрч байгаа болов уу гэмээр үсээ хоёр боож, даашинз өмсөж, өөртэйгөө адилхан хүүхэлдэй тэвэрсэн бяцхан охин нэлээд дуу чимээ ихтэй, том хүүхдүүдийг дагаад гүйгээд байх нь ахлах ахлагч Б.Ганжаргалын том охин ажээ.

Саяхан л ашиглалтад орсон энэхүү орон сууцанд эзэд нь аль хэдийн төвхнөж, хүүхэд багачууд нь хоорондоо хөөцөлдөж тоглож байгаа нь энэ бололтой. Мэдээж тус байр нь Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын албан тушаалын 30 айлын орон сууц бөгөөд БХЯ, ЗХЖШ-ын дэмжлэгтэйгээр алба хаагчдынхаа нийгмийн хамгааллыг шийдвэрлэсэн бодит ажил энэ юм.

Энэ удаагийн “Танайд өнжье” буланг нийгмийн асуудлаа шийдвэрлүүлж, албан тушаалын байрандаа төвхнөөд удаагүй байгаа Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын жирийн нэгэн офицер, ахлагчийнхаас бэлтгэсэн юм.

Байрны гадаа тоглох дэггүй охиныд буюу Хуурай замын цэргийн командлалын Хүний нөөцийн хэлтсийн хүний нөөцийн хэрэг хөтлөгч, ахлах ахлагч Б.Ганжаргалынхаас дараагийн сурвалжилгаа бэлтгэв. Ахлах ахлагч Б.Ганжаргал Дорнод аймгийн Хэрлэн сумынх гэнэ. 2007-2008 онд БХИС-ийн Ахлагчийн сургуулийг дүүргэж, Зэвсэгт хүчний 327 дугаар ангид 12 жил алба хаагаад, 2019 оноос тус командлалд томилогджээ. Тэрээр ярилцлагынхаа эхэнд л аавынхаа тухай онцоллоо. Түүний аав Ж.Балжинмягмар Дорнод аймгийн Халх гол сум буюу баатар зоригт дайчдын өлгий нутгийнх бөгөөд Зэвсэгт хүчний 327 дугаар анги байгуулагдахаас нь эхлээд гэрээт сахиулаар 18 жил ажилласан буурал ажээ. Өдгөө нутагтаа байгаа гэнэ. “Өнгөрсөн тавдугаар сард командлалын удирдлагууд албан тушаалын байрандаа намайг оруулах шийдвэр гаргахаар нь баярлаад, амралтын өдөр нутаг гараад давхичихсан. Аав болон эхнэр, хүүхдүүдээ авчрах санаатай. Гэвч аав маань холын замд явахад ядрах учраас аргагүй эрхэнд үлдээсэн. Удахгүй гэхдээ авчирна аа” хэмээж байна. Гэргий Н.Алтантуяа гал тогоонынхоо өрөөнд борцтой банштай цай хийж, том охин Г.Минжинсор хүүхэлдэйгээ тэврээд энүүгээр тэрүүгээр гүйж байснаа “Энэ эгчид нөгөө гоё дааншизаа өмсөж үзүүлье” гээд хөөрч догдлох бол бага хүү, бяцхан залуу Г.Мөнхсор сүүл хөхчихөөд орон дээр тарвалзаж, шулганаад л хэвтэж байна…

Ахлах ахлагч Б.Ганжаргалд Зэвсэгт хүчинд 327 дугаар ангид алба хаахдаа авсан туршлага, сургамж, мэдлэг, чадвар бишгүй бий гэнэ. Тэр дундаа хугацаат цэргийн алба хаагчтай 11 жил ажиллахдаа хүнтэй ажиллах, хүнийг удирдах, хүнийг сургахад том туршлага болсон гэлээ. Энэ тухайгаа ярихдаа “Аав, ээжийнхээ өврөөс ч гараагүй хугацаат цэргүүдийг хүлээж авахад цөөн хэсэг нь өөдөөс өрвөлзөж эсвэл шантрах тохиолдол гардаг л юм. Тэр бүрт тохируулж харьцана шүү дээ. Цэргийн дүрмийн хүрээнд. Өөдөөс өрвөлзлөө гээд би тэр хүүхдэд уурлахгүй, өөдөөс инээлээ гээд би тэр хүүхдэд бусдаас илүү давуу тал олгохгүй. Цэрэгтэй ажиллаад ирэхээр зан араншинг нь хүртэл андахгүй болчихдог юм даа. Аавынх нь оронд аав, ээжийнх нь оронд ээж нь болоод ирэхээр надад зориулж шүлэг зохиож, уран зураг хүртэл зурж өгнө шүү дээ” гээд гэрийнхээ хойморт хадсан цэргийнхээ зурж өгсөн хурдан морьдын уран зургийг сонирхууллаа. Шүлгийг нь харин мартчихаад байна. “Эр хонгор дуутай, эрхийхэн чинээ биетэй” гэдгийг нь л санаж байна гэснээ тас тас хөхрөв.

Түүний ажлаасаа авдаг нэгэн бахархал нь нэгэн цагт цэрэг нь байсан залуус өдгөө өөртэй нь мөр зэрэгцээд Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбарт алба хааж байгаад баяртай явдаг гэсэн. “Цэрэгтэй ажиллахад дурсамжтай зүйл их тохиолддог шүү дээ” гэхэд “Тэрийг яривал зөндөө. Хамгийн санаанаас гардаггүй дурсамж гэвэл өдгөө Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн захирагчийн орлогч, дэд хурандаа З.Баяраа даргын намайг сургах гэж мөн их хичээсэн нь юм даа. Тэр үедээ Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн мотобуудлагын батальон захирагч, ахмад цолтой байсан байх аа. Би гэдэг нөхөр чинь яг үнэндээ компьютер дээр ч ажиллаж чаддаггүй нэг “хөлдүү” амьтан очсон л доо.

Тэгсэн З.Баяраа дарга “Энэ хүнийг юм сургахгүй бол болохгүй нь ээ” гээд өдөр бүр өрөөндөө дуудаж ирүүлээд компьютертэй ажиллах, шивж сурахыг заасан. Өдөрт нэг ном өгөөд шив гэнэ. Тэгж явсаар байгаад компьютер дээр ажиллаж чадсан л юм даа. Дараа нь ангийн бие бүрэлдэхүүнд “Та нар Б.Ганжаргалаас суралц. Хөөрхий компьютер унтраа гэхээр залгуураар нь очоод салгачихдаг нөхөр байсан шүү дээ” гэж билээ. Өөрөө их шооч хүн” хэмээн дурсамж яриа дэлгэлээ. Тэр яг ингэж суралцсан шигээ хөдөлмөрлөж, чамгүй амжилт үзүүлсэн байна. 2009 онд Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн батальоны тэргүүний ахлагчаар, 2014 онд ангийнхаа тэргүүний ахлагчаар шалгарч, 2015 онд ахлах ахлагч цолоо хүртжээ.

Гэрийн эзэн маань Хуурай замын цэргийн командлалд томилогдож ирснээс хойш цэргийн захиргааны удирдлагын байгууллага ямар байдгийг мэдэж авсан гэнэ. Цаг наргүй хөдөлмөр, бичиг цаас, сургалт, бэлтгэл гээд ажлын найман цаг ч манай командлалынханд яг үнэндээ хүрэлцдэггүй юм гэхэд гэргий нь “Ханиа Хуурай замын цэргийн командлалын сонгон шалгуурлалтад тэнцээд ороход маш их баярласан. Манай хүн угаасаа их шаргуу хөдөлмөрч, тууштай. Ажилдаа маш их дуртай. Хувь хүнийх нь зан чанар гэвэл ноён нуруутай, өрөвч зөөлөн” гэж онцлов.

Тэрээр Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат бөгөөд өдгөө орон нутгийнхаа ЗДТГ-т нийгмийн ажилтнаар ажилладаг байна. “Цэргийн гэргий байна гэдэг нөхрөөсөө нэг цол илүү байдаг гэж ярьдаг. Арын албыг дааж яваатай жишиж тэгж хэлсэн хэрэг байх” хэмээн асуухад “Хүмүүс тэгж ярьдаг. Цэргийн гэргий байна гэдэг асар үүрэг хариуцлагатай ажил байдаг юм билээ. Ажил гэж онцолсны учир гэр бүлээ авч явах, үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх гэргий нарт л ногддог. Гэхдээ би энэ ажилдаа дуртай. Сайхан шүү дээ” гээд инээмсэглэв.

Манай цэргийн бэр яриа бүртээ “Сайхан” гэдэг үгийг чимэж хэлэх нь тун онцгой санагдав. Ахлах ахлагч Б.Ганжаргал “БХЯ, ЗХЖШ тэр дундаа Хуурай замын цэргийн командлалын удирдлагуудад манай гэр бүлийг албан тушаалынхаа байранд оруулж өгсөнд баярлалаа гэдгээ хэлье. Энэ нь маш бодитой хөрөнгө оруулалт байлаа. Эхнэр, хүүхдүүд маань Дорнодод, би өөрөө хотод айлд байсан. Хүүгээ санана, охиноо санана. Айлд байгаа болохоор авчирч бас болдоггүй. Гар утасны цаанаас л ойрын хэдэн сар үр хүүхдүүдээ өсөн өндийж байгааг харж явлаа шүү дээ.

Харин өнөөдөр халуун ам бүлээрээ, хүүхдүүдийнхээ шулганахыг, баярлахыг, уйлахыг нь сонсоод сайхан байна. Аз жаргалтай байна. Орой ажлаа тараад гэр рүүгээ, өглөө ажил руугаа яарч байна даа. Ийм сайхан албан тушаалын орон байраар хангасан учраас одоо надад ажилдаа шамдахаас өөр зүйл байхгүй. Удирдлагуудынхаа итгэлийг зүтгэлээр хариулна гэж бодож байна. Яг л над шиг айлд эсвэл түрээсээр амьдарч байсан олон залуусын нийгмийн хамгааллыг дээшлүүлсэнд нь үнэхээр баяртай байгаа. Манай байрны олонх нь залуу гэр бүлүүд” хэмээн талархал илэрхийлсэн юм.

Төгсгөлд нийтлэлийн гэрэл зураг авах болоход “Малчин гаралтай хүмүүс байна даа, сайхан дээлээ өмсөнө өө хө” хэмээн аав, ээж, охин, хүү дөрвүүлээ монгол дээлээрээ гоёчихоод гэрийнхээ хойморт зогслоо. Инээмсэглэл дүүрэн…

Хуурай замын цэргийн командлал: Ахлах дэслэгч Д.БОЛОРМАА

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close