Б.Баасанцэрэн: Ээж таньдаа цэргийн хуарангаас шүлэг бичлээ

Зэвсэгт хүчний 167 дугаар ангид 2019 оны нэгдүгээр ээлжээр хугацаат цэргийн алба хаасан залуусаас цөөнгүй нь цэргийн гэрээт алба хаагч болон ахлагчийн албанд улирчээ. Тэдний нэг нь дэд ахлагч Б.Баасанцэрэн. Дундговь аймгийн Сайнцагаан сумын харьяат, спортод дуртай түүнтэй төсөрхөн хөөрөлдлөө.
-Эрхэм дэд ахлагчид баяр хүргэе. Алба өндөр үү?
-Өндөр.
-Хугацаат цэргийн албанаас ахлагчийн албанд улирч ажиллахад ямар байна вэ?
-Маш сайхан байна. 2019 оны нэгдүгээр ээлжээр хугацаат цэргийн алба хаасан бидэнд маш ховор завшаан, аз тохиосон нь ахлагчийн албанд улирч ажиллах боломж байлаа. Надтай мөр зэрэгцэн алба хаасан олон залуус энэ боломжийг алдалгүй ахлагчийн албанд улирч ороод өнөөдөр үүргээ нэр төртэй гүйцэтгэж байна. Гэхдээ заримдаа өөрийгөө бас чамлаж байна. Яагаад гэхээр офицер, ахлагч нараасаа сурч мэдэх зүйл маш их юм байна. Цэрэг гэхээр л зөвхөн гүйж харайхын нэр биш юм билээ. Цэргийн өндөр мэдлэгтэй, тактик боловсруулахдаа гаргуун, тэсвэр хатуужил, эр зоригтой, бие бялдарын өв тэгш хүмүүжилтэй гээд маш өндөр шалгуур тавигддаг юм байна. Энэ бүхнийг сурахын төлөө хичээж л байна. Хэрэв та надаас нэг жилийн дараа ярилцлага авбал их өөр болсон байна байх аа.
-Тийм үү, тохирлоо. Нэг жилийн дараа ярих сэдэв өргөн байх нь …
-Тийм ээ.
-Таны хувьд ямар үүрэг гүйцэтгэж байгаа вэ?
-Харуулын салааны харуулчин. Манай он жавууд ч ялгаагүй хамтаа харуулчнаар алба хааж байгаа.
-Нутгаасаа хугацаат цэргийн албанд ирсэн үү?
-Дундговь аймгийн Сайнцагаан сумаасаа ирсэн. Манай сум байгалийн үзэсгэлэнтэй газар олонтой, уур амьсгал нь зөөлөн, зон олон нь уужуу тайван их сайхан нутаг даа.
-Хугацаат цэргийн алба танд юу үлдээсэн бэ?
-Хэлбэл тоймгүй их. Цэргийн дарга нарынхаа заасан бүгдийг ягштал сурах гэж хичээсэн л дээ. Олон аавын хөвгүүдтэй мөр зэрэгцээд алба хаахад үзэл санаа төлөвшиж, бие бялдар хөгждөг юм байна. Хамгийн гол нь эх орноо бид л хамгаалах ёстой гэсэн үүргээ ойлгоно доо. Цэрэгт ирээд бие бялдар хөгжихөөс гадна үг дааж, захирах захирагдах ёсыг ойлголоо. Магадгүй цэрэгт ирэлгүй, гэртээ утас шагайж суусан бол өдийд ийм сайхан боломжийг мэдрэхгүй өнгөрөх байсан биз. Ер нь тэгээд ганц л үг хэлэхэд цэргийн албыг өөрийн биеэр хааж байж эх орны үнэ цэн, цэргийн алба хаагчдын ажил, үүргийг маш сайн ойлгодог юм байна. Тийм ч учраас өнөөдөр ахлагчийн албанд элсчихээд ангийнхаа офицер, ахлагч нараасаа суралцаж байна. Энэ завшааныг ашиглаад хайртай ээждээ зориулсан шүлгээ уншаад өгчих үү?
-Бололгүй яах вэ…
-Сайхан нутагтаа ажиллаж амьдарч байгаа хайртай гэр бүлийнхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Та бүхний минь ажил сайн биз дээ? Миний аз жаргал, миний шүтээн, миний нар болсон хайртай ээждээ цэргийн хуарангаас шүлгээр мэндчилж байгааг минь хүлээн авна уу.
ЭЭЖ ТА
Инээд баяслаар бялхах гэж
Бүсгүйн заяаг олсон байх
Их хүмүүний үргэлжлэл болог гэж
Хадагтай таныг амилуулсан байх
Хатуу хорвоог зөөллөх гэж
Бүсгүй хүн та төрдөг байх
Ханийн заяаг олог гэж
Харь газраас ирдэг байх
Эрийн түшиг гэрийн эзэгтэй болог хэмээн
Их хувь тохиосон байх
Энэхэн хорвоогийн дээд нь яваг гэж
Эх хүн таныг бүтээсэн байх
Энэ насандаа баян яваг хэмээн
Энхрий алаг үрс заяасан байх
Энх амгалан байг хэмээн
Эхийн сүүгээр амилуулдаг байх
Эгшиг дуугаар хорвоог уяраах гэж
Эх дагинууд мэндэлсэн байх
Эргэх учрал хүйн холбоогоо дээдлэг хэмээн
Ээж хэмээх алдрыг танд хайрласан байх…
Эх сурвалж: ХЗЦК