Шинэ мэдээЯрилцлага

Ц.Батжаргал: Иргэд шинжилгээнийхээ хариуг КИОСК машинаас авах боломжтой

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Статистик цахим бүртгэлийн албаны дарга, ахмад Ц.Батжаргалтай ярилцлаа. Тус эмнэлэг нь Е mail хаяг болон киоск машинаар  эмчийн тэмдэглэл, шинжилгээний хариугаа авч болох боломжийг иргэдэд бүрдүүлж өгөөд байгаа билээ.

-Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг өнгө төрхөө зассан нь ил харагддаг. Харин дотооддоо ямар үйлчилгээ явуулж байна вэ. Шинэ эмнэлэгт шинэ соргог зүйл их л байгаа болов уу?

-Манай эмнэлэг нь  цогцолбор барилгын А амбулатори, Б хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ гэсэн хэсэгтэй  2017 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд амбулаторийн үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Харин 2018 оны нэгдүгээр сараас хэвтүүлэн эмчлүүлэх үйл ажиллагааг эхэлсэн. Амбулатори буюу нийгмийн эрүүл мэндийн төв нь үндсэн болон төрөлжсөн нарийн мэргэжлийн үзлэгийн 46 кабинет, дүрс оношилгооны төв, нэгдсэн лаборатори, эрүүл мэндийг дэмжих төвийн хэсэгтэйгээр ажиллаж байна.

-Эмнэлэг болгон л цахим үйлчилгээнд шилжээд байгаа шүү дээ. Гэхдээ танай эмнэлэг дээр “Цахим төсөл” хэрэгжүүлж эхэлсэн сураг байсан. Тэр тухай дэлгэрүүлж ярьж болох уу?

-2017 оноос манай эмнэлэг “Цахим эмнэлэг” төслийн хүрээнд амбулатори үзлэгийн кабинетууд маань товлолт цагаар үйлчилгээ үзүүлэх болсон. Бид үйлчлүүлэгчдэд хүлээгдэл, чирэгдэлгүй үйлчлэхийн тул 7 хоног бүр амбулаторийн хэсэгтээ хүлээгдлийг тооцон гаргадаг. Манай эмнэлэг үйлчлэх хүрээний хувьд Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагууд болон шүүх, прокурор, онцгой байдал, тагнуул, гаалийн байгууллагын алба хаагчид, тэдгээрийн ар гэрийнхэн, чөлөөнд гарсан ахмадуудад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг.

-Иргэд төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг гэдэг утгаар нь “Хаалттай эмнэлэг” гэж ойлгодог шүү дээ?

-Яг тийм. Ихэнх хүмүүс манай эмнэлгийг тэгж ойлгодог. Нэгдүгээрт, мэдээж төрийн тусгай албан хаагчдад үйлчилнэ. Үндсэн үйлчилгээний хүрээнд төрийн тусгай албан хаагчийн эцэг, эх нь үйлчлүүлэх эрхтэй. Нэг албан хаагчийн цаана хоёр хүн үзүүлж болох нь. Дээр нь эхнэр эсвэл нөхөр нь. Дараа нь 0-16 насны хүүхдүүд. Тэгэхлээр нэг албан хаагчийн цаана 7-8 энгийн иргэн манай эмнэлгээр үйлчлүүлэх боломжтой. Мөн Чингэлтэй дүүргийн мэс заслын ажлыг энэ оны нэгдүгээр сараас хариуцан авч эхэлсэн байгаа.

-Нэг албан хаагчийн цаана 7-8 энгийн иргэнд үйлчилгээ үзүүлдэг гэлээ. Тэгэхлээр ачаалал эрс ихэсч гэж ойлгогдож байна. Үүнийг яаж зохицуулж байна вэ?

-Эмнэлгийн хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ авагчдын тоо жил ирэх бүр нэмэгдэх хандлагатай байна. 2019 онд хэвтүүлэн эмчлүүлэгчдийн тоо 33.3, орны эргэлт 10.4 хувиар өссөн үзүүлэлт гарсан. Энэ бол үйлчлүүлэгчдийн хүрээ нэмэгдсэний тод илрэл л дээ. Түүнчлэн Чингэлтэй дүүргийн I-VI хорооны 0-16 насны хүүхдүүдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Зарим ачаалал багатай кабинетад энгийн иргэд эрүүл мэндийн даатгалаараа үйлчлүүлэх боломж бүрдүүлсэн. Тухайлбал, иргэд дүүрэг, харьяа хамаарахгүй харшлын кабинетээр үйлчлүүлж байгаа гэх мэтчилэн.

-Цахим төслийн хүрээнд гарч байгаа  дэвшил нь юу байна вэ?

-Бидний үйлчлэх хүрээний хүн ам цаг завгүй ажилладаг онцлогтой. Иймээс тэдэнд утсаар цаг захиалах, товлолт цагтаа ирж амжихааргүй бол утсаар цагаа цуцлах, мөн шинжилгээнийхээ хариуг өөрийн e mail хаягаар авах боломжтой. Хэрвээ үзлэгийн цаг захиалаад ирэх боломжгүй бол утсаар үзлэгийн цагаа цуцлуулж тухайн цагийг хэн нэгэн хэрэгцээтэй хүнд шилжүүлж, үйлчлүүлэх  боломж олгож байгаа нь чухал юм.

-Цаг аваад товлосон цагтаа ирэхгүй байх тохиолдол их байдаг уу?

-Эмнэлгээр үйлчлүүлэгчдийн  товлолт цагтаа ирээгүй байдлын төвшин 26.4 хувь байна гэсэн судалгаа бий. Иймд бид үйлчлүүлэгчдэд хүлээгдэл, чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэх цахим үйлчилгээг нэвтрүүлсээр байна. Мөн Амбулаториор үзүүлсэн иргэний эмчийн дүгнэлт, оношилгоо, шинжилгээний хариуг өөрийн регистрийн дугаараараа “КИОСК” автомат машинаас үнэ төл төлбөргүйгээр хэвлэн авах  боломжтой юм. 

-“КИОСК” автомат машины тухай жаахан тодруулахгүй юу?

-Амбулаториор үзүүлсэн эмчийн дүгнэлт, оношилгоо, шинжилгээний хариуг өөрийн регистрийн дугаараараа “КИОСК” автомат машинаас үнэ төлбөргүйгээр хэвлэн авах  боломжтой юм. 

Шинжилгээ, оношилгооны хариу хэвлэгч автомат “КИОСК” машин нь амбулаторийн 1, 5 дугаар давхруудад байрладаг. Хувь хүний нууцыг хадгалах нь чухал. Иймээс анх удаа “КИОСК” машинаас мэдээлэл авах гэж байгаа бол хөтөч, бүртгэлийн ажилтнаас 4 орон бүхий өөрийн нууц код авна. Ингээд өөрийн регистр, нууц кодыг ашиглан амбулаторийн эмчийн үзлэгийн тэмдэглэл, оношилгоо, шинжилгээний хариуг харах хэвлэж авах зэргээр өөртөө үйлчлэх боломжтой.

Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.

-Баярлалаа, та бүхэнд ч бас амжилт хүсье.

Эх сурвалж: ТТАХЭ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close