УИХ

Гадаадад оршин суугаа хүүхдүүдэд мөнгөн тэтгэмж олгоно

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 05 дугаар сарын 13-ны Лхагва гаригт болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. 

Эрчим хүчний салбарт хуримтлуурын төсөл хэрэгжүүлнэ 

Засгийн газраас АХБ-тай хамтран хэрэгжүүлэх “Эрчим хүчний сүлжээнд ашиглах том хэмжээний хуримтлуурын төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжээд Зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт Ерөнхий сайдын захирамжаар олгов.

Монгол Улсын эрчим хүчний хангамжийн нэгдсэн системийн тогтвортой, найдвартай байдлыг бий болгох зорилгоор том хэмжээний хуримтлуурыг төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд барих төсөлд 100 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг АХБ-аас олгохоор шийдвэрлэсэн нь энэ билээ.

Монгол Улсын хэмжээнд оргил ачааллын үед цахилгаан эрчим хүчний хэрэгцээ жилд дунджаар 5 хувь буюу ойролцоогоор 50 мВт-аар нэмэгдэж, нөөцгүйгээр бүрэн хүчин чадлаа шавхаж ажилладаг билээ. Мөн ОХУ-аар эрчим хүчний системийн тохируулгаа хийлгэсээр иржээ.

Иймд дээрхи төслийг хэрэгжүүлж, цэнэг хураагуурын системийг барьснаар Монгол Улс дотооддоо эрчим хүчний тохируулгаа хийж, бие даасан байдал, эрчим хүчний системийн уян хатан байдлыг нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих, эрчим хүч үйлдвэрлэлт, хэрэглээний балансыг тогтворжуулах, болон эрчим хүчний алдагдлыг бууруулах боломж бүрдэх юм.

Гадаадад оршин суугаа  Монгол Улсын иргэний хүүхдэд 2020 оны 10 дугаар сарын нэгэн хүртэл хүүхдийн мөнгөн тэтгэмж олгоно

Улсын хэмжээнд хүсэлт гаргасан хүүхэд бүрд Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгож байгаа билээ. 2020 оны 04 дүгээр сарын дүнгээр 1 сая 122 мянга 400 гаруй хүүхэд хүүхдийн мөнгөн тэтгэмж авч байна. Цар тахлын тархалтын үед Засгийн газраас Нийгмийн халамжийн чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд 10 дугаар сарын 01-нийг хүртэл хүүхэд бүрд 100 мянган төгрөг олгохоор болсонтой холбогдуулан Хүүхдийн мөнгөн тэтгэмжид шинээр хамрагдах хүсэлт гаргасан хүүхдийн тоо 20 мянгаар нэмэгдсэн бөгөөд цаашид нэмэгдэх хандлагатай байна.  Мөн гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэд  болон Монгол Улсад хууль ёсоор байнга оршин суудаг гадаадын иргэдээс хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүсэлтүүд хөдөлмөр халамж үйлчилгээний газарт олноор иржээ.

Иймд Коронавируст халдварын цар тахлын үед хүсэлт гаргасан гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэний болон Монгол Улсад хууль ёсоор байнга оршин суудаг гадаадын иргэний хүүхдэд Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн 100 мянган төгрөгийг хүсэлт гаргасан сараас эхлэн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл олгохоор шийдвэрлэлээ.

Одоогоор 2020 оны 04 дүгээр сарын байдлаар  гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэний 18 хүртэлх насны 27 мянган хүүхдээс 12 мянга нь Хүүхдийн мөнгөн тэтгэмжээ авдаг байна.

Товчоор

–  “Спортыг дэмжих сангийн хөрөнгийг зарцуулах журам”-ыг шинэчилж, “Спортыг дэмжих сангийн хөрөнгийг зарцуулах, хяналт тавих журам” болгон өөрчилж батлав. Ингэснээр сангийн хөрөнгийн зарцуулалтад тавигдах хяналтыг чангатгаж, үр дүнг нэмэгдүүлнэ гэж үзэж байна. 2017-2019 онд нийт 180 төслийг хүлээн авч, шаардлагад нийцсэн 66 төслийг хэрэгжүүлсэн байна. Сангийн хөрөнгийг үндэсний шигшээ багийн сургалт-дасгалжуулалтыг сайжруулах зорилгоор чөлөөт болон жудо бөх, байт харваа, таеквондогийн шигшээ багт гадаад дасгалжуулагчдыг тодорхой хугацаагаар ажиллуулах зэрэг зарцуулжээ.

–  “Тээврийн ухаалаг системийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”- ийг батлав.  Тээврийн ухаалаг системийг нэвтрүүлснээр тээврийн болон логистикийн зардлыг багасгах, тээврийн үр ашиг, аюулгүй байдлыг сайжруулах, хотын тээврийн зориулалт үйлчилгээг, сайжруулах замаар хот суурин газрын бүтээмжийг нэмэгдүүлнэ. Орон нутагт бага зардлаар тээврийн ухаалаг системийн үйлчилгээг нэвтрүүлэх байгууллагын бүтээмж, санхүүгийн зохицуулалтыг сайжруулах зэрэг олон боломжууд бий болно. Мөн шинэ үйлчилгээ, ажлын байр бий болгохоос гадна тээврийн болон мэдээллийн технологийн салбарт дэвшил авч ирэх юм.  Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүр Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын болон орон нутгийн төсөвт тусгаж, ОУБ-ын зээл тусламж төр хувийн хэвшлийн түншлэл хувийн хөрөнгө оруулалтыг татан оролцуулах замаар санхүүжүүлэхээр төлөвлөөд байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Холбоотой мэдээ

Back to top button
Close