УИХ7 хоногУлс төр

Засгийн газрын гишүүний тангараг өргөх журмыг батална

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2020.05.12) хуралдаан 10 цаг 34 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, 9 асуудал хэлэлцэж шийдвэрлэв. Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 7 гишүүний санаачилсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Батзандан, С.Бямбацогт, Х.Нямбаатар, Д.Оюунхорол, Б.Саранчимэг, Я.Санжмятав, Я.Содбаатар, Д.Тогтохсүрэн нар санаачлан боловсруулж өргөн мэдүүлснийг Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг нь дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн. Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байнгын хорооны ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат ахалж ажиллаж байгаа юм.

Ажлын хэсэг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх явцад олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусгасны зэрэгцээ хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр найруулгын чанартай зарим засвар хийж, хуулийн төслийн эцсийн хувилбарыг бэлтгэжээ. Мөн хууль хоорондын зөрчлийг арилгах шаардлагын үүднээс зарчмын зөрүүтэй дөрвөн саналын томьёолол бэлтгэснийг чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос дээш саналаар дэмжив. Ингээд энэ талаарх танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг батлуулахаар тогтлоо.

Дараа нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд-ийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав. Уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы энэ сарын 08-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль, тогтоомжуудыг нийцүүлэх ажлын хүрээнд уг хуулийн төслийг боловсруулан хэлэлцэж байгаа бөгөөд хуулийн төсөл батлагдсанаар төсөвт ямар нэг нэмэлт зардал шаардагдахгүй бөгөөд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт бодитоор хэрэгжиж, Засгийн газар тогтвортой ажиллах, гүйцэтгэх засаглалын эрх хэмжээ, үйл ажиллагааны чадавх дээшлэх ач холбогдолтой гэж төсөл санаачлагч үзэж байгаа аж.

Хуулийг 2020 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурлын бүрэн эрх хэрэгжиж эхэлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдөх Байнгын хорооны саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн.

Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байнгын хорооны ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт ахлан ажиллаж байгаа. Ажлын хэсэг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх явцад олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган төслийн эцсийн хувилбарыг бэлтгэжээ. Түүнчлэн анхны хэлэлцүүлгийн үед хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулахаар өгсөн чиглэлийн дагуу зарчмын зөрүүтэй нэг саналын томьёолол бэлтгэснийг санал хураалт явуулж дэмжив. Ингээд энэ талаарх танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэн хуулийн төслийг батлуулахаар тогтов.

Үргэлжлүүлэн ““АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав. Засгийн газраас энэ оны 01 дүгээр сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг энэ сарын 07-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн. Улсын Их Хурлын даргын захирамжаар тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоор ахлуулан 12 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Мөн ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэгтэй ажлын дэд хэсгийг Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Үндэсний хөгжлийн газрын холбогдох албан тушаалтнууд, эрдэмтэн судлаачдын бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулсан байна.

Ажлын хэсэг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед гишүүдийн олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу тогтоолын төсөл болон хавсралтын зарим заалтыг гүйцээн боловсруулж холбогдох саналын томьёоллуудыг бэлтгэжээ. Ингээд ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ. Тухайлбал, тогтоолын төслийн 1 дүгээр хавсралтад “Алсын хараа: Монгол Улс 2050 он гэхэд нийгэм, эдийн засгийн өсөлтөөр бүс нутагтаа манлайлсан “Азийн тэргүүлэгч улс” болно” гэж өөрчлөн найруулж тусгахаар болов. Мөн үүнтэй уялдуулан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн Эрхэм зорилгод гишүүдийн саналыг тусгаж өөрчлөн найруулах, хавсралтын зохих хэсгийн “дундаж давхарга” гэснийг “бага, дунд орлоготой” гэж өөрчлөхийг дэмжиж, тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтов.

Засгийн газрын гишүүний тангараг өргөх журмыг батална

Байнгын хорооны хуралдаанаар “Засгийн газрын гишүүний тангараг өргөх журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж дэмжлээ. Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Байнгын хорооны ажлын хэсгийн саналаар хуулийн төслийг Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх үүднээс төслийн 2 дугаар зүйл буюу 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөх бөгөөд тангараг өргөх журмыг Улсын Их Хурал тогтооно” гэсний дараа “Засгийн газрын гишүүн би улсынхаа ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, төрийн хууль биелүүлэх ажлыг төр, ард түмэн, Монгол Улсын Ерөнхий сайдын өмнө биечлэн хариуцаж, Засгийн газрын гишүүний үүргээ чиг шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн Улсын Их Хуралд тангараг өргөнө” гэж нэмэхээр тогтсон.

Энэ үндсэн дээр Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг тус тус үндэслэн Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөх журмыг боловсруулж, Улсын Их Хурлаар батлуулахаар уг тогтоолын төслийг санаачилсан талаар Байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулав.

Засгийн газрын гишүүн томилогдсоноосоо хойш ажлын гурван өдрийн дотор Улсын Их Хуралд тангараг өргөх, тангараг өргөх өдөр, цагийг Ерөнхий сайдын санал болгосныг харгалзан Улсын Их Хурлын дарга тогтоох, тангараг өргөх ёслолын ажиллагааны бэлтгэлийг Улсын Их Хурлын Тамгын газар болон Төрийн ёслолын алба хангаж зохион байгуулах зэрэг зохицуулалтыг уг тогтоолын төсөлд тусгажээ.

Тогтоолын төслийн талаарх танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахыг дэмжив.

Дараа нь Засгийн газраас 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн “Хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хурааж шийдвэрлэлээ.

Нийслэл Улаанбаатар хотын хүн амын хэт төвлөрлөөс шалтгаалан бий болсон агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулах, тогтвортой хөгжлийн зорилтод нийцүүлэн эдийн засгийн тодорхой салбаруудыг хөгжүүлэх, хүн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэхийн тулд нийслэлийн дагуул болон бусад хотуудыг байгуулж, хүн амын төвлөрлийг сааруулах үүднээс Аэросити, Майдар хотыг шинээр байгуулахаар тогтоолын төсөлд тусгажээ. Шинэ хотууд байгуулагдсанаар тэдгээрт суурьшлын бүсүүд үе шаттайгаар бий болж, Улаанбаатар хот уруу шилжих хөдөлгөөн буурч, хүн амын хэт төвлөрөл саарна. Мөн хотжилтоос үүдэлтэй иргэдийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, дэд бүтцийн үйлчилгээний чанар сайжирна гэж Засгийн газар үзэж байгаа аж.

Байнгын хорооны гишүүд тогтоолын төсөлд тусгасан хотын нэршлийн талаар санал гаргаж байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан төсөлд тусгагдсан “Аэросити” гэсэн нэршлийг “Тулуй” гэж, Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд “Шинэ Зуунмод” гэж өөрчлөх санал гаргасан бол Улсын Их Хурлын гишүүн М.Энхболд Төв аймгийн удирдлагууд “Аэросити” гэсэн оноосон нэрийг “Шинэ Зуунмод” гэж нэрлэх саналтай байгааг гишүүдэд дуулгав. Харин Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар хотын нэршлийн асуудлаар орон нутгийн иргэд, нутгийн өөрийн удирдлагын байгууллагын саналыг авч судалж нягталсны үндсэн дээр Засгийн газар шийдэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байв.

Ингээд тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад хотын нэршлийг нэр мөр шийдэхээр тогтов. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн хэрэгжилтийг хангах асуудлыг эрчимжүүлж, Дархан, Эрдэнэт хотын болон аймгийн төвүүдийг хот болгох асуудлыг яаралтай оруулж ирж хэлэлцүүлэхийг Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт чиглэл болгохоор тогтлоо.

Хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй Түр хороо байгуулна

Улсын Их Хурлаас өнгөрсөн долоо хоногт Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг бууруулах тухай хууль баталсан. Уг хуулийн биелэлтэд хяналт тавих үүрэг бүхий Түр хороог Улсын Их Хурлын бүх Байнгын хорооны болон Улсын Их Хурал дахь цөөнхийн төлөөллийг оролцуулан байгуулахаар заасан. Энэ үндсэн дээр Түр хороо байгуулах тухай тогтоолын төслийг боловсруулсан талаар Байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулав.

Түр хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ауйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун, Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол, Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар, Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Улсын Их Хурлын гишүүн Л.Болд нарын бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулахаар тогтоолын төсөлд тусгажээ.

Түр хороо нь уг хуулийн хэрэгжилтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэх, бусад Байнгын хороогоор энэ хуулийн хэрэгжилтийг хэлэлцүүлэх санал гаргах зэрэг чиг үүрэгтэй ажиллах юм байна.

Тогтоолын төслийн талаарх танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах нь зүйтэй гэж үзэв.

Үргэлжлүүлэн МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн 2019 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, энэ талаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн дарга Б.Энхмандах танилцуулга хийсэн юм. Хуралдаанд МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамц, тус байгууллагын холбогдох албан тушаалтнууд оролцов.

Мөн Монгол үндэсний олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл, МҮОНРТ-ийн үйл ажиллагаатай танилцаж санал, дүгнэлт гаргах үүрэгтэйгээр Байнгын хорооноос байгуулагдаж ажилласан ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Хаянхярваа танилцуулсан юм.

Тайлан, танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан МҮОНРТ-ийн ерөнхий захирлаас асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт үг хэлж, Үндэсний зөвлөл нь хуулиар хүлээсэн чиг үүрэг, үйл ажиллагаагаа хангалттай хэрэгжүүлж байгаа хэмээн үзэж буйгаа илэрхийллээ.

Хуралдааны төгсгөлд Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Холбоотой мэдээ

Back to top button
Close