УИХУлс төр

Ноён уулыг дархан цаазат ангиллаар улсын тусгай хамгаалалтад авлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Ноён уул орчмын газрыг дархан цаазат ангиллаар тусгай хамгаалалтад авахаар тусгасан  “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь баталлаа.

Тогтоолд байгалийн бүс, бүслүүрийн онцлог хэв шинж, унаган төрх, байгалийн өвөрмөц тогтоц, түүх соёлын болон экологийн хувьд онцгой ач холбогдол бүхий Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уул орчмын байгалийн нөөц газар болон Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутагт орших Ноён уул орчмын дурсгалт газрыг өртгөтгөн, ангилал ахиулж, дархан цаазат газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авахаар тусгажээ.

Дээрх газруудыг улсын тусгай хамгаалалттай газрын сүлжээнд хамруулснаар, байгалийн өвөрмөц тогтоц, түүх, соёлын дурсгалууд, ойн сан бүхий газрын 0.11 хувь хамгаалагдах бөгөөд улсын тусгай хамгаалалттай газар нутгийн талбайн хэмжээ 10483 га-аар нэмэгдэх юм байна.

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр хуралдаанд танилцуулав.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Г.Тэмүүлэн нар ажлын багаас асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ноён уулын байгаль, түүхийн цогцолборт газрын орчимд ашигт малтмал олборлож байгаа компани үлдээж хилийн заагыг тогтоосон, мөн малчдын хадлан тэжээл, хашаа байшинг дархан цаазтай газарт авч, давхцуулсан байна хэмээгээд, үүнд тайлбар хүслээ. Харин Ажлын багийн гишүүн, БОАЖЯ-ны Тугай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга н.Сансарбаяр, Ноён уул орчимд 1996 оноос хойш олгосон 10 гаруй лиценз байсныг бүгдийг нь хамруулсан. Судлаачдын санал, дүгнэлтэд үндэслэн тусгай хэрэгцээнд авсан бөгөөд айлын хашаа, байшин, өвөлжөө хаваржаатай кадастрын зургаар давхцаагүй гэдгийг тайлбарлалаа.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, зармын хувьд тогтоолын төслийг дэмжиж буйгаа илэрхийлээд, төрөөс ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохдоо нэгдсэн зохицуулалтын бодлоготой байх хэрэгтэй хэмээн байр сууриа илэрхийлэв. Тэрбээр, аялал жуулчлалын бүст замбараагүй ашигт малтмалын зөвшөөрөл олгосноор өнөөгийн эсэргүүцэл, үл ойлголцол гараад буйг тэмдэглээд, аялал жуулчлал, уул уурхайн салбарыг хөгжлийн бодлоготойгоо уялдуулж хөгжүүлэх шаардлагатай гэсэн санал хэлж байв.

Ажлын багийн гишүүн, БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга н.Сансарбаяр, Газрыг ашиглагч нарыг үндэсний дата төвийн програмд холбож 21 аймгийн газрын кадастртай холбосон, БОАЖЯ-ны мэдээлэл ч үүнд бүрэлдсэн. Үүнээс гадна БХБЯ-наас газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний мэдээллийг ч бүрдүүлсэн байна. Харин ашигт малтмалын газраас энэ мэдээллийн санд бүх мэдээллээ оруулаад уялдуулаад ажиллавал давхар зөвшөөрөл олголт байхгүй болно гэлээ.

Ингээд зарчмын зөрүүтэй санал гараагүй тул тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах Байнгын хорооны саналаар санал хураав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг батлахыг дэмжлээ.

Холбоотой мэдээ

Back to top button
Close