“Байгалиа хамгаалъя” аяны хүрээнд амралтын газруудад шалгалт хийж байна
Баянзүрх дүүргийн Прокурорын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар хамтран “Байгалиа хамгаалъя” аяны хүрээнд тус дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа амралт, аялал жуулчлалын газруудад шалгалт хийж байна.
“Ногоон дуу хоолой” уриан дор хэрэгжүүлж буй энэхүү шалгалтыг Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай, Газрын тухай хууль Байгаль орчныг хамгаалах тухай, Хог хаягдлын тухай, Агаарын тухай, Усны тухай, Хөрсний тухай хуулийн хэрэгжилтийг хянав. Шалгалтын явцад илэрсэн зөрчил, дутагдлуудыг арилгуулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, хөрс, ус, агаарын бохирдлын стандартыг ханган ажиллахыг сануулж, шаардах юм.
Шалгалтын талаар Баянзүрх дүүргийн Прокурорын газрын ахлах прокурор Г.Лхагвасүрэн хэлэхдээ “Ногоон дуу хоолой” нэрийн дор “Байгалиа хамгаалъя” аян улс орон даяар явагдаж байна. Тус аяны хүрээнд Баянзүрх дүүргийн Прокурорын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газраас хамтраад дүүргийнхээ нутаг дэвсгэрт гурван чиглэлийн ажлын төлөвлөгөө гарган хэрэгжүүлж байгаа. Тодруулбал, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа амралт сувиллын газруудад холбогдох шалгалтыг хийх, цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж иргэд амны хаалт зүүсэн эсэх, нийтээр тогтоосон дэглэм журмыг мөрдөж байна уу? гэдгийг хянаж, шалгана.
Амралт сувилалын газрууд тогтоосон журмыг хэрэгжүүлж ажиллаж байгаа эсэх, байгалиа хамгаалах үндсэн чиглэлийнхээ дагуу хөрс, усны бохирдлын асуудлыг хэрхэн шийдсэн талаар шалгалт хийж байна. Хэрэв зөрчилтэй бол хуулийн дагуу хариуцлага тооцно. Дараагийн шалгалт нь нийслэлийн ногоон бүс, голын усанд машин угаах, хориотой ан агнуур, мод тээвэрлэх, байгаль орчинд хог хаягдал хаях зөрчилд хяналт шалгалт хийнэ. Баянзүрх дүүрэгт явуулж байгаа эмнэлгийн байгууллагууд мал эмнэлэг, эм, эмнэлгийн хэрэгслийг зохих стандартын дагуу устгаж байна уу? гэсэн гурван чиглэлээр нийтдээ зургаан чиглэлд арав гаруй албан хаагчид явж хяналт шалгалт хийж байна” гэв.
Амралт, аялал жуулчлалын газруудад хийх шалгалтын хүрээнд үндсэн 6 чиглэлд 16 албан хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр ажилласан бөгөөд тус дүүрэгт 30 гаруй байгууллага үйл ажиллагаа явуулдаг байна.
Энэ талаар Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Л.Галав хэлэхдээ “Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна. Шалгалтыг ариун цэвэр, хог хаягдал, коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар арга авч хэрэгжүүлж байгаа гэсэн гурван чиглэлээр хийж байна.
Өнөөдөр /2020.05.08/ зургаан чиглэлд 16 албан хаагч хяналт шалгалт хийж байгаа. Манай баг Баянзүрх дүүргийн 11дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Болортуул” амралтын газрын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Шаардлагатай баримт бичиг, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл зэргийг шалгаж үзлээ. Баримт бүртгэл хийгдэж, анхаарал хандуулах зүйлсийн талаар зөвлөмж өглөө. Энэ байгууллагын хувьд ихэвчлэн гэр бүлээрээ, хүүхэдтэйгээ агаарт гарах гэсэн хүмүүст үйлчилгээ үзүүлдэг гэдгийг тодотгож байна” гэсэн юм.
П.Нарандэлгэр